Шүүхэд нөлөөлөхийг оролдож байна гэв

Хуучирсан мэдээ: 2014.03.07-нд нийтлэгдсэн

Шүүхэд нөлөөлөхийг оролдож байна гэв

Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр нарт Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 21.6 жилийн ял оноосон нь хатуу шийдвэр болсон гэж УИХ-ын гишүүн Г.Уянга, Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний зохицуулагч Я.Цэрэнханд, “Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Энхбаяр нар мэдэгдлээ. Тэд өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Ц.Мөнхбаяр нарт холбогдох шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сард болсон бөгөөд давж заалдах гомдол Нийслэлийн шүүхэд ирсэн байх ёстой ч хүлээгдэж байгаа аж. Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний зохицуулагч Я.Цэрэнхандын тайлбарласнаар “Хүлээж бай” гэсэн даалгавар дээрээс ирсэн учраас Нийслэлийн шүүхэд хэрэг нь шилжиж ирэхгүй байгаа юм байна. Мөн Улсын ерөнхий прокурор, Нийслэлийн прокурорын орлогч нарын хэвлэлийнхэнд “Ц.Мөнхбаяр нарт оноосон ялын хугацаа цөөдөж байгаа, хөнгөн хэлбэрт үзэж байна” гэх байр суурийг илэрхийлсэн нь дараагийн шатны шүүхийн шийдвэрт нөлөөлөхийг оролдсон үйлдэл” хэмээн үзэхээс аргагүй гэлээ.

Дээрх байр суурьтай “Гал үндэстэн холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Энхбаяр санал нэгдэж байгаа төдийгүй 67 сая төгрөгтэй холбоотой асуудлыг анхан шатны шүүхээс гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн үзэж хэрэгсэхгүй болгосон байхад прокурорын зүгээс “Хэрэгсэхгүй болгосон 67 сая төгрөгийн хэргийг дахин шалгаж байна” гэсэн нь зохисгүй хэмээлээ.

УИХ-ын гишүүн Г.Уянга “Ц.Мөнхбаяр нартай уулзах гээд зөвшөөрөл авч чадахгүй байна, н.Алдар шүүгч зөвшөөрөл олгохгүй байгаа. Ямар хууль эрх зүйн үндэслэлээр уулзах зөвшөөрөл өгөхгүй байгаагаа хэлдэггүй. Ц.Мөнхбаяр нарт 22 жилийн ял өгсөн нь ахадсан ял. Тэр Монголын төрийн харж чадахгүй байгаа үйлийг 10 жилийн турш хийж, түүчээнд нь явсан. Оюутолгойн гэрээг алдаатай хийсэн, гадаадад данс нээж эх үүсвэр нь тодорхойгүй мөнгө байршуулсан УИХ-ын гишүүнд ямар хариуцлага тооцсон билээ гэдгийг бодох ёстой. Татвар төлөгчдийн мөнгөнөөс цалин аваад явж байгаа нь шударга бус. Монголын газар нутагтай холбоотой энэ хоёр хэргийг харьцуулж шударга ёсыг нэхэх ёстой. Илүү тодруулбал, газар нутгаа зарсан хүмүүст ямар ял оноосон билээ, газар нутгийнхаа төлөө тэмцсэн Ц.Мөнхбаяр нарт ямар ял өгөв гэдгийг харьцуулж бодох ёстой” гэсэн юм.

Нэхэн сануулахад, “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг төрийн хамгаалалттай хэд хэдэн газарт тэсрэх бөмбөг байрлуулсан, төрийн албан хаагчийн өөдөөс галт зэвсэг ашигласан, иргэдийг заналхийлсэн гэх үндэслэлээр өнгөрсөн нэгдүгээр сард Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 21.6 жилийн ял оноосон юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж