УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд нар энэ сарын 5-наас 6-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллалаа. УИХ, Засгийн газрын гишүүд энэ үеэр Баян-Өлгий аймгийн удирдлага, иргэдтэй уулзалт хийж, УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа, гадаад бодлогын нэгдмэл байдлын талаар болон хилийн боомт, иргэний харьяалал зэрэг орон нутгийн өмнө тулгамдсан асуудлаар ярилцаж, санал бодлоо солилцлоо. Мөн тус аймагт 2010 онд байгуулагдсан зэвсэгт хүчний 340 дүгээр анги, түүний бие бүрэлдэхүүн орон нутгийн бүтээн байгуулалтад оролцож байгаатай танилцлаа.
Гадаад харилцааны бодлого нэгдмэл байх талаар ярилцлаа
Баян-Өлгий аймгийн удирдлагууд орон нутгийнхаа хөгжил, нийгэм, эдийн засгийн асуудлаар дэлгэрэнгүй танилцуулснаас гадна аймгийн иргэдийн хувьд анхаарч үзэх асуудлуудыг уламжиллаа. Тухайлбал, Монгол, БНХАУ-ын хилийн Даян, Улаан-Уулын боомтыг зуны улиралд уртасгасан хугацаанд ажилладаг болгох, Монгол,Оросын хилийн Цагааннуур боомтыг эдийн засгийн чөлөөт бүс болгон хөгжүүлэх шийдвэрийг хэрэгжүүлэх, тус боомтоор хил орчмын оршин суугчид визийн хөнгөлөлтөөр зорчихтой холбоотой журмыг ОХУ-ын талтай нэг мөр ярьж тохирох зэрэг санал, хүсэлтийг тавьж байлаа. БНХАУ-тай хиллэдэг Даян-Улаан-Уулын боомтыг зургадугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл байнгын ажиллагаанд оруулах талаарх саналаа Гадаад харилцааны яам ноот бичиг хүргүүлэн, үүний мөрөөр ажиллаж байгааг сайд Л.Болд онцоллоо. Мөн Цагааннуурын боомтоор орон нутгийн иргэд визийн хөнгөлөлт буюу цагаан хуудсаар хил нэвтрэх асуудлаар хоёр талд маргаан үүсэх тохиолдолд ГХЯ-ын Консулын газарт тухай бүр мэдэгдэн шийдвэрлүүлж байхыг сануулсан юм. Монгол Улс хоёр аймгийн нутгаар ОХУ, БНХАУ-тай хоёулантай нь хиллэдгийн нэг нь Баян-Өлгий аймаг бөгөөд тус аймагт хил орчмын худалдаа, наймаагаар амьдралаа залгуулдаг 500 гаруй айл өрх бий гэсэн судалгаа гарчээ.
Гадаад харилцааны сайд Л.Болд Баян-Өлгий аймгийн удирдлага, иргэдтэй хийсэн уулзалтдаа Монгол Улсын гадаад бодлого нэгдмэл байх, ҮАБЗ-ийн өгсөн ч чиглэлийн дагуу хэрэгжүүлж байгаа гадаад харилцааг нэг цонхны бодлогын талаар онцолж байсан юм.
Барилгын цэргийн анги бүтээн байгуулалтад оролцож байна
Зэвсэгт хүчний 340 дүгээр дугаар ангийг Баян-Өлгий аймагт байгуулах шийдвэрийг Л.Болд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байх хугацаандаа гаргаж байсан. Өнгөрсөн хугацаанд тус ангийн цэрэг дайчид орон нутгийн бүтээн байгуулалтын голлох хүч болон ажилласныг Баян-Өлгий аймгийн төвд болон сумдад баригдсан тагнуул, цагдаагийн хэлтсийн байр, цэцэрлэгийн барилгууд, Асгатын мөнгөний ордын 7.2 км зам, 72 метр гүүрийн ажил зэргээс харж болох юм. Тухайн үед төсөв мөнгөний бололцоогүй хүнд нөхцөлд уг замын ажлыг зэвсэгт хүчний ангийнхан барьж гүйцэтгэсэн байна.
Асгатын мөнгөний орд хүрэх зам газар зүйн тогтоц, бартаа саадаас шалтгаалан заавал ОХУ-ын нутаг дэвсгэрээр дайрч өнгөрдөг байсан бол дээрх барилгын цэргийн ангийнхны тавьсан зам нь энэ асуудлыг шийдвэрлэж байгаа аж.