“Зуншин” компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно

Хуучирсан мэдээ: 2014.03.07-нд нийтлэгдсэн

“Зуншин” компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно

МХЕГ-ын даргын зөвлөлийн хурал өчигдөр болж, 17 болон түүнээс дээш давхар барилгуудад хийсэн шалгалтын дүнг хэлэлцжээ. Хуралдааны үеэр онцолсон нэгэн зүйл бол Макс группын барилгын гүйцэтгэгч Зуншин компанийн тухай байв. МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнх хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйн улмаас хүний амь насанд хүрсэн Макс группын барилгын гүйцэтгэгч Зуншин компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэрийг  Барилга хот байгуулалтын яаманд хүргүүлэхийг ажлын хэсгийнхэнд үүрэг болгосон юм.

МХЕГ-ын энэ удаагийн шалгалтад 20 цогцолборын 51 барилга, 32 аж ахуйн нэгж, байгууллага, 90 гаруй инженер техникийн ажилтныг хамруулжээ. Хяналт шалгалтад хамрагдсан барилгуудад Барилгын тухай хуулийн хэрэгжилт 60.5 хувьтай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилт 55.7 хувьтай,  барилгын өргөх байгууламжийн хууль тогтоомжийн хэрэгжилт 40 хувьтай, Газрын харилцааны холбогдох хуулийн хэрэгжилт 56 хувьтай, геодези, зураг зүйн чиглэлээрх хуулийн хэрэгжилт 37.25 хувьтай үнэлэгдсэн байна. Энэхүү шалгалтаар давхардсан тоогоор нийт 880 зөрчил илрүүлж 214 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 19 сая 790 мянган төгрөгийн торгууль ногдуулж, улсын байцаагчийн үйл ажиллагаа зогсоох тухай 12 акт үйлдэж, найман өргөх байгууламжийн ашиглалт, дөрвөн барилгын ажлын үйл ажиллагааг түр зогсоосон байна.

Мөн 100 гаруй инженер техникийн ажилтнуудад зөвлөн тусалж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж