
-Танай намын хорооны хурлын талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн дунд нэлээн шуугиан болж байна, хэрүүл маргаантай болсон л гэнэ, нэр нөлөө бүхий лидерүүдээ бодлогоор шахаж гаргасан л гэнэ. Энэ талаар та тайлбар өгнө үү?
-Манай намын хорооны VI бага хурал өнгөрсөн даваа гаригт хуралдсан. Хоёр жилд нэг удаа хуралддаг дүрэмтэй. Хуралдаанаар өнгөрсөн хоёр жилд хийсэн ажлаа тайлагнаж, намын дарга, дэд дарга, тэргүүлэгчдээ томилж зохион байгуулалт хэлэлцсэн.
-Энэ удаагийн хуралдаанаар МАН-ын анхан шатны үүрээс намынхаа нөлөө бүхий гишүүд болох С.Баяр, УИХ-ын гишүүн Сү.Батболд, МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн Д.Цогтбаатар нарыг хассан төдийгүй У.Хүрэлсүх даргыг дэмждэг хүмүүсийг ч бас хассан гэсэн. Үүнд та ямар тайлбар хэлэх вэ?
-Тийм юм ерөөсөө болоогүй. Эдгээр хүмүүс дүүргийн намын хорооны бага хуралд заавал байх нь намын дүрмээрээ шаардлагагүй юм билээ. Учир нь тэд намын Бага хурлын гишүүд юм. Энэ асуудлыг зарим нэг хүмүүс гуйвуулж, нийгэмд буруу ойлголт өгөөд байх шиг байна.
-Энэ хүмүүс Сүхбаатар дүүрэгт хэр нэр хүндтэй вэ?
-Дүүрэгтээ төдийгүй, намдаа түүнчлэн улсдаа нэр хүндтэй лидерүүд гэдгийг бид бүгдээрээ мэднэ шүү дээ. Ялангуяа Сү.Батболд гишүүн Сүхбаатар дүүргээс хоёр удаа УИХ-д сонгогдсон, Сүхбаатарчуудын итгэлийг хүлээсэн нэр хүндтэй улс төрч хүн.
-Та урьд нь Сү.Батболд гишүүний туслахаар ажиллаж байсан байх аа?
-Тийм ээ. 2004 оноос хойш гишүүний бие төлөөлөгч, шадар туслахаар ажиллаж ирсэн. Одоо ч бие төлөөлөгчөөр нь ажилладаг.