Энэхүү үзэсгэлэнгийн 48 дахь удаагийн нээлтийн ёслолд “Мессе-Берлин” ХХК-ийн Ерөнхийлөгч доктор Кристиан Гёке, Берлин хотын Амбан захирагч Клаус Воверайт, Холбооны дэд Канцлер бөгөөд Эдийн засаг, эрчим хүчний сайд Зигмар Габриел, германы дэлхийн аялал жуулчлалын зөвлөлийн Ерөнхийлөгч доктор Михаил Френцел, дэлхийн аялал жуучлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифай, 2013 онд түнш орноор оролцож буй Мексик Улсын аялал жуулчлалын сайд, хатагтай Клаудиа Риус нар тус тус үг хэлэв.
Энэ удаагийн үзэсгэлэнд Монголын төлөөлөгчдийг ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл тэргүүлэн оролцож байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, тус яамны Аялал жуучлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Маргад болон албаны бусад хүн оржээ. Сайд Ц.Оюунгэрэл Монгол Улсын үзэсгэлэнг албан ёсоор нээсэн ба манай үзэсгэлэнг Берлин хотын Амбан захирагч Клаус Воверайт, “Мессе-Берлин” ХХК-ийн Ерөнхийлөгч доктор Кристиан Гёке нар үзэж сонирхов.
Сайд Ц.Оюунгэрэл уг арга хэмжээний хүрээнд "Мессе-Берлин" ХХК-ийн Ерөнхийлөгч К.Гёкетэй уулзаж, Монгол Улс "ИТБ-Берлин 2015" үзэсгэлэнд "Түнш орон"-оор оролцох асуудлаар хэлэлцээ хийсэн бөгөөд ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, "Мессе-Берлин" ХХК-ийн ИТБ-г хариуцсан захирал Д.Рютц нар Монгол Улс “ИТБ-Берлин 2015” үзэсгэлэнд "Түнш орон"-оор оролцох урьдчилсан гэрээнд гарын үсэг зурав. Ийнхүү Монгол Улс Дэлхийн аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн "ИТБ-Берлин 2015" үзэсгэлэнд түнш орноор оролцох боллоо.
Түүнчлэн Сайд Ц.Оюунгэрэл Монгол Улсын үзэсгэлэнгийн лого болох “Mongolia. Nomadic by Nature“ сэдвийг танилцууллаа. Ёслолын энэ арга хэмжээнд Дэлхийн аялал, жуулчлалын байгууллагын “Торгон замын улсуудын сайд нарын 4 дэхь чуулга уулзалт”-нд оролцож байсан төлөөлөгчид оролцов.
Мөн сайд Ц.Оюунгэрэл Холбооны ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Эдэрэртэй уулзаж, хоёр орны хоорондын соёл, аялал жуулчлалын салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцсон бөгөөд 3 дугаар сарын 6-ны өдөр сайд Берлиний олон улсын эдийн засгийн конгресст оролцож, "Нүүдэлчин соёл: Монголын аялал жуулчлалын салбар дахь бүтээлч үйлдвэрлэлийн боломжууд ба сорилтууд" сэдвээр илтгэл тавив.
“ИТБ-Берлин 2014” үзэсгэлэнд Монгол Улсаас үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани, мөн тур оператор болох "Жуулчин", "Монголиан адвенчэр турс", "Натур тур", "Цолмон травел", "Женко Тур", "Грэйт Чингис", "Гэр то гэр" зэрэг компани оролцож байна.
Энэ үзэсгэлэнгийн зохион байгуулалтыг Монголын аялал жуучлалын холбоо хариуцан ажиллаж буй бөгөөд Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Берлин хотын Бранденбургийн хаалганы дэргэдэх Парисын талбайд 3 дугаар сарын 8-ны өдөр "Дээлтэй Монгол" арга хэмжээ зохиогдох юм. Энэ үеэр "Торго" салоны загварын үзүүлбэрийг үзүүлж, Монгол Улсыг сурталчлахаар төлөвлөж байна.
“ИТБ-Берлин 2014” үзэсгэлэн нь хамрах хүрээ, хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг бөгөөд дэлхийн аялал жуулчлалын зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах бололцоог оролцогч улс орнууд, аялал жуулчлалын салбарын бүх оролцогчдод, тухайлбал, бүх төрлийн тээврийн байгууллага, зочид буудал, нийтийн хоол, тур оператор, эцсийн хэрэглэгч нарт олгодог юм. Энэ удаагийн "ИТБ-Берлин 2014" үзэсгэлэн нь Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн үеэр болж байгаа мөн 2015 онд Монгол Улс "Түнш орон"-оор оролцохын өмнөх жилийн үзэсгэлэн гэдгээрээ онцлогтой болж байна.
"ИТБ-Берлин" үзэсгэлэнгийн тухай
Дэлхийн аялал жуулчлалын салбарын тэргүүлэгч үзэсгэлэн болох "ИТБ-Берлин" үзэсгэлэн нь 1966 оноос хойш зохиогдож ирсэн түүхтэй.
Дээрх үзэсгэлэнг анх 580 кв.м талбайд зохиож байсан бол өдгөө талбайн хэмжээ нь 160 000 кв.м болон өргөжсөн байна. Анхны үзэсгэлэнд Бразил, Гвиней, Египет, Ирак, ХБНГУ оролцож байжээ.
Үзэсгэлэнг сонирхох салбарын болон бусад оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд одоогоох 180 мянгад хүрээд байна. Үзэсгэлэн гаргагчийн тоо 11 мянгыг давжээ.
“ИТБ-Берлин” нь "Мессе-Берлин" ХК-ийн хамгийн гол үзэсгэлэн бөгөөд хүрээгээ тэлэн Ази тивд "ИТБ-Сингапур"-ыг олон жил зохион байгуулж ирсэн болно.
2004 оноос эхлэн энэхүү үзэсгэлэнгийн хөтөлбөрт аялал жуулчлалын салбарын чуулга уулзалтыг (Tourism Congress and Convention) шинээр нэвтрүүлсэн бөгөөд энэхүү арга хэмжээнд агаарын тээвэр, зочид буудал, аялал жуулчлалын маркетингийн бусад салбарынхан цуглан, аялал жуулчлалын салбарын хөгжил, түүний шинэ хандлага, тулгамдсан асуудлаар ярилцах хоёр талын хийгээд олон талын яриа хэлэлцээрийн чухал механизмыг буй болгожээ.
Монгол Улсын хувьд дээрх үзэсгэлэнд 1989 онд анх удаа германы "Гранд Азиа" компанитай хамтран оролцож ирсэн бөгөөд улмаар 2011 онд "Соёлын түнш" орноор амжилттай оролцсон.
Монгол Улс "ИТБ-Берлин 2015" үзэсгэлэнд "Түнш орон"-оор оролцох бэлтгэл ажлыг 2013 оноос эхлүүлсэн бөгөөд дээрх үзэсгэлэнг зохион байгуулах Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан үндэсний комиссыг байгуулан ажиллаж байна.