30 хувиар цалинг нэмэгдүүлэх бололцоог судална

Хуучирсан мэдээ: 2014.03.07-нд нийтлэгдсэн

30 хувиар цалинг нэмэгдүүлэх бололцоог судална

Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн Үндэсний гурван талт хороо саяхан хуралдаж багш, эмч, соёл урлаг, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх чиглэлд санал нэгдсэн байна.

Энэхүү цалингийн нэмэгдэлд нийт 103 тэрбум төгрөгийг зарцуулахаар болсон. Харин төрийн өндөр албан тушаалтан хийгээд төрийн захиргааны албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхгүй байхаар шийдвэр гарчээ. 2014 оны улсын төсөвт цалин тэтгэврийн нэмэгдэлд нийт 235 тэрбум төгрөг төсөвлөөд байснаас тэтгэврийн нэмэгдэлд 97 тэрбум төгрөгийг нь зарцуулах шийдвэр гараад байгаа юм.

Хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээрээр өөр ямар асуудал хэлэлцсэн талаар Монголын ажил олгогч эздийн холбооны ерөнхийлөгч Х.Ганбаатартай ярилцлаа.

-Хөдөлмөр нийгмийн зөвш­лийн гурван талт хорооны хурлаар цалин хөлс­ний нэмэгдлийн асууд­лаар талууд ямар байр суурьтай байв. Ямар шийд­вэр гарсан бэ?

-Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ ху­­рал­даж өнгөрсөн оны арван­­­нэгдүгээр сарын 5-нд хуралдсан хөдөлмөр нийг­мийн зөвшилцлийн гурван талт хорооноос гаргасан ца­лин тэтгэврийг 2014 онд нэмэгдүүлэх тухай тог­тоолын асуудлаар санал солилцсон.

Мөн Засгийн газар, Үйлдвэрчний эвлэл, Эздийн байгууллагаас гар­гаж байгаа байр суурийг харилцан ярилцаж зөв­шилцөлд хүрлээ. Төсөвт суусан цалин, тэтгэвэр нэ­мэг­дүүлэх мөнгийг аль салбарын хэнд өгөх, үүнийг яаж шийдэх зэрэг асуудлаар зарчмын тохиролцоонд хүр­­сэн. Урьд нь цалин, тэт­­гэв­рийг нэмэгдүүлэхэд зүгээр л дундажлаад улсын хэмжээнд нийт төрийн албан хаагчдын цалинг 20 хувиар нэмэгдүүлнэ ч гэдэг юм уу ерөнхий тохироо хийдэг байсан.

Харин энэ удаа хөдөл­мөрийн хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар цалингийн талаар төрөөс баримтлах бодлогын хэмжээнд маш ухаалаг зарчмын шийдлүүдийг гар­гасан гэж бид үзэж байгаа. Эхний ээлжинд ямар ч байсан цалин нэмэгдүүлэх арга хэмжээг багш, эмч, урлаг соёлын ажилтнууд, төрийн үйлчилгээний албан хаагчид гээд цалин доогуур байгаа төрийн үйлчилгээний хүмүүсийнхийг нэмэгдүүлэх асуудлаа шийдье гэж зөвшил­цөлд хүрсэн.

Эрүүл мэндийн салбарт цалин нэмэгдүүлэх асууд­лыг Эрүүл мэндийн яам, тухайн салбарын үйлд­вэрчний эвлэл, эрүүл мэн­дийн салбарын хувийн хэвш­лийнхэн оролцоод үнд­­­­сэндээ тохиролцсон бай­сан. Боловсрол, соёлын сал­барын ажилтнуудын цалин нэмэгдүүлэх асуудлыг мөн яам, Шинжлэх ухааны бо­ловсролын үйлдвэрчний эв­лэлийн хороо, хувийн их дээд сургуулиудын хол­боо хамтран шийдээд боловс­руулан гаргасан байгаа.

Дээр нь дагалдуулаад зөвхөн багш, эмч нар гэхгүйгээр соёл урлагийн ажилтнууд, төрийн үйлчилгээний ажилт­нууд гээд жижүүр, жолооч, үйлчлэгч гээд өчнөөн олон хүн бас маш бага цалин авдаг. Тэдний цалинг нэмэгдүүлье инфляцийн түвшиний унал­тыг нөхөх чиглэлээр нэ­мэхээр тохиролцсон. Энэ тохиролцоо эцэслэгдээд гэрээ болох ёстой. Гэрээг ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд танилцуулна гэж бодож байгаа.

-Он гарсан даруйд МАН-ын бүлгийн зүгээс Засгийн газарт цалин тэтгэврийг 30-аас доошгүй хувиар нэмэг­дүүлэх шаардлага хүр­­гүүлсэн. Тэдний хэлж буйгаар 30 хувиар нэмэг­дүүлэх боломж байгаа юу?

-Парламентад суудалтай намын хувиар санал гаргах нь тэдний эрхийн асуудал. Гагцхүү улс орны эдийн засгийн нөхцөл байдал, өнөөдөр 30 хувиар цалинг нэмэгдүүлэх бололцоо бай­на уу, үгүй юу гэдгийг бид тооцож байж л шийднэ шүү дээ. Үнэн хэрэгтээ өн­гөрсөн онд УИХ-ын чуулганаар 2014 онд цалин тэтгэврийг нэмэгдүүлэхэд зориулаад 235 тэрбумыг төсөвлөж байхад МАН-аас парламентад суудалтай 25 гишүүн нь санал өгөөд л сууж байсан шүү дээ. Тэр үед энэ 235 тэрбумаа 30 хувьд хүргэх талаар саналаа өгөхгүй яасан юм бэ.

Тухайн үед хэлэлцэхгүй яасан юм бол. Тэгээд ч нийгмийн зөвшилцлийн талуудтай ца­лин хөлс нэмэгдүүлэх та­лаар зөвшилцдөг байвал яасан юм бэ. Одоо шинээр мөрдөж байгаа цалин хөлс нэмэгдүүлэх төрийн бод­логод улстөрийн нэг нам, ганц улстөрчийн амлалтаар цалинг нэмэгдүүлэхээ болъё гэж тохирсон шүү дээ.

Цалин хөлсийг нэмэг­дүүлэх гол механизм чинь Монгол улсад бүтээмжтэй ажиллаж байна уу, эдийн засгийн өсөлт бодитой дээшилж байгаа эсэх, хүн амын амжиргааны түвшиний доод тал хэр байгаа, инф­ляцийн түвшин хэд байна гэдэг эдийн засгийн нөхцлүүдийг харж байж цалин хөлсийг нэмэгдүүлье гэдэг төрийн бодлого гарсан. Энэ бодлогын хүрээнд бид асуудлаа тавиад ямар ч байсан энэ удаа батлагдсан төсвийн хэмжээнд нэмэг­дүүлье гэдэг зарчмын шийдэл гарсан. МАН-ын нөхөд 30 хувь нэмэгдүүлэх бололцоотой гэж үзэж байгаа бол төсвийн тодотгол ч юм уу, УИХ-ын чуулганаар л хэлэлцэх ёстой асуудал. Үүнд хөдөлмөр нийгмийн гурван тал оролцох ямар ч бололцоогүй. Намын са­наач­лагыг ч дэмжээд явах бололцоогүй. Энэ нь цаанаа төсөвлөсөн хэмжээтэй байдаг зүйл шүү дээ.

-МАОЭНХ-ны зүгээс ху­­­вийн хэвшлийнхэний ца­лин хөлсийг нэмэгдүүлэх чиг­лэлд ямар байр суурьтай байгаа вэ?

-Би хувийн хэвшлийн төлөөллийн хувьд энэ хө­дөлмөр нийгмийн гурван талт үндэсний хороон дээр хувийн хэвшилд бид цалинг яаж нэмэгдүүлэх вэ, ийм бололцоог хэрхэн гаргах вэ гэдэг асуудал дээр хатуу байр сууриа хэлсэн. Монгол Улсын Засгийн газар бол ганцхан төрийн албан хаагчдынх биш, МҮЭХ бол зөвхөн төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалсан үйлдвэрчний эвлэл биш, Монголын үйлд­вэрчний эвлэлийн гишүүдийн дунд бол бодит сектор, тэр дундаа хувийн хэвшлийн олон мянган гишүүн байна.

Монгол Улсын Засгийн газар бол Монгол Улсын Засгийн газар учраас хувийн хэвшлийн цалингийн асуу­дал төрийн бодлогын хэм­жээнд хамаарна. Тэгэхээр бид энэ цалин нэмэгдүүлэх бодлогын хувьд хувийн хэвшлээ дэмжсэн, цалинг нь нэмэх бололцоог олгосон алхмуудыг хийх ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн.

Хамгийн энгийн жишээ гэхэд цалин хөлсний нэмэгдэл дээр хэлмэгдэж болзошгүй салбар бол жижиг дунд үйлдвэрлэгчид. Жижиг дунд үйлдвэрлэлийн салбартаа цалин хөлс нэмэгдүүлэх бололцоог бий болгохын тулд эхний ээлжинд татварын байгууллагад тайлангаа байнга өгдөг, жижиг дунд үйлдвэрлэлийн 90 хувийн татварыг буцаан олгоё, жижиг дунд үйдвэрлэлийн НӨАТ-ын босгыг 50 сая болгоё гэх мэтчилэнгийн саналуудаа хэлж байгаа. Ингэж өгвөл хөдөө орон нутагт байгаа жижиг дунд үйлдвэрлэгчид төрийн ал­бан хаагчдын цалингийн өсөлтийг дагаад цалингаа нэмэгдүүлэх бололцоо гарна гэж бид үзэж байгаа.

Д.БАЯРЖАРГАЛ

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж