
-“Буянт-Ухаа” орон сууцны хорооллын захиалгыг иргэдээс ТҮЦ машинаар авах журам гарсан байна. ТҮЦ машинуудыг тийм олноор нь нийслэлд байршуулсан хэрэг үү?
-Орон сууцны захиалгыг онлайн хэлбэрээр авбал ямар вэ гэдэг асуудал яригдсан ч “Иргэдэд чирэгдэл учруулж болзошгүй” хэмээн үзэж, ТҮЦ машинаар бүртгэл авахаар шийдсэн байсан.
-Хөдөө, орон нутгийн иргэд” Буянт-Ухаа” хорооллын орон сууцанд хамрагдах боломжтой юу?
-Хөдөөгийн иргэдэд хотоос байр олговол орон сууцжуулах хөтөлбөр буруу тийшээ явна, нийслэлийн иргэд яах юм. Гэхдээ хөдөөгийн иргэдийг орхигдуулсан хэрэг биш, байртай болгохын тулд аймгаасаа орон сууцтай болох бодлогыг Засгийн газар барьж байна. Мөн орон сууцны зээлд хамрагдахад нь хүүгийн төлбөрийг нь жилийн найм биш долоон хувиар тооцон олгох боломжийг судалж байна.
-Шатахууны хангамжаа Монгол Улс зургаан эх үүсвэрээр бүрдүүлдэг болсон нь нефть импортлогч компаниудын дунд өрсөлдөөн бий болгож, бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулах бололцоог олгосон ч ам.долларын төгрөгтэй харилцах ханш хүндрэл учруулж байна. Ямар арга хэмжээ авбал үнэ буурдаг бол?
-Нэг жилийн хугацаанд шатахуун дээр дэвшил гарсан нь нэг крантнаас хамаардаг байсныг зогсоосон. Гэхдээ тайвшрах цаг болоогүй. Бүх нефтийн хэрэгцээгээ импортоор хангаж байгаа учраас дэлхийн зах зээлийн үнээс хамаарна.
-Шүлхийтэй тэмцэж байгаа аргаа өөрчлөх ёстой гэх байр суурийг зарим судлаач хэлэх боллоо. Малыг байнга вакцинжуулах нь хүнсний аюулгүй байдалд эрсдэлтэй гэж байна. Энэ асуудалд Засгийн газар шийдэл олсон уу?
-Шүлхий өвчин өмнөх Засгийн газрын үед ч дэгдэж байсан, шийдэж чадахгүй явсаар ирсэн нь энэ. Салбарынхан нь “Вакцинжуулахаас өөр арга байдаггүй” гэж хэлдэг. Засгийн газрын хуралдаанаас өнгөрсөн долоо хоногт эл асуудалтай холбоотойгоор Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад үүрэг өгсөн. Цаашид шүлхийтэй хэрхэн тэмцэх юм бэ гэдэг дээр тусгай бодлого гаргаж, түүнийгээ олон нийтэд танилцуулъя гэсэн.
Ер нь малаа шүлхийний вакцинд хамруулаагүйгээс уг өвчний халдвараар мал нь хорогдсон бол одоогийн хуулиар нөхөн төлбөр олгодог малчдад. Энэ тогтолцоо нь буруу, вакцин гадаадаас импортоор оруулж ирэх, хөл хорио тогтоох гээд мэргэжлийн байгууллагууд тэр чигээрээр ажилладаг. Зардал маш өндөр гардаг. Тийм учраас тогтолцоог өөрчилнө.
-Хүнсний ногоо нь хавдар үүсгэх аюултай байна гэсэн мэдээллийг ЭМШУИС-иас хийсэн. Гэтэл Мэргэжлийн хяналтын газар “Дотоодын хүнсний ногоо” хоргүй гэх?
-Хүнсний ногооны тухайд ”Хортой” гэж харамсалтай мэдэгдэл хийлээ хэмээн бодож байгаа. Шинэчлэлийн Засгийн газар дотооддоо бүтээгдэхүүнээ хийдэг болохын төлөө үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж ирсэн. Монголын хөрсөнд тариалсан хүнсний ногоог хэн бүгдийг нь шинжилчихсэн юм, энэ бол маш их алдаатай зүйл болсон. Алдаатай мэдэгдэл байсан юм уу, бодлоготой мэдэгдэл байв уу гэдгийг эргэж харах нь зөв. Монголчуудыг ингэж үймүүлж хэрэггүй. Мэргэжлийн байгууллагаас нь энэ асуудлыг тодруулахад “Хоргүй” гэж байна билээ.
Сурагчийн дүрэмт хувцсыг та нар харж байгаа, бидэнтэй бүтэн жил хэрэлдлээ. “Үнэтэй байна, чанаргүй байна” гээд. Тэрний цаана мөнгө л байдаг байхгүй юу. Гадаадаас 30-40 тэрбум төгрөгтэй тэнцэх дүрэмт хувцас авч ирээд шахааны бизнес хийх нь тэдэнд хамгийн ашигтай байсныг Засгийн газар өөрчилчихсөн. Хэдэн үндэсний оёдлын үйлдвэрүүд ажилтай болоосой, хүүхдүүд маань чанартай дүрэмт хувцас өмсдөг болоосой гэдэг үүднээс дотооддоо үйлдвэрлэх бодлого хэрэгжүүлсэн. Үүнтэй л агуулга нэг юм болоод байна. Монголчууд дотооддоо юм үйлдвэрлээд эхлэхээр нэг нэгнийхээ хийж байгааг үгүйсгэх хандлага байгаа нь ноцтой, үүнийг нягталж шалгах нь зөв.
-Ураны асуудал дээр Засгийн газар ямар бодлого барих вэ. Ураны ордыг ашиглах нь маш аюултай тухай хөдөлгөөнүүдийн зүгээс байнга сануулж байна?
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт урантай холбоотой хоёр өгүүлбэр бий, “Цөмийн хог хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт бушлахгүй. Ураны шар нунтагийг ашиглана” гэсэн. Өнөөдөр уран олборлох эрхтэй ашиглалтын лицензтэй аж ахуйн нэгж нэг ч байхгүй. Хайгуулын лиценз авсан компани бол байна. Ийм байхад урантай холбоотой янз бүрийн зүйл ярих нь “Дотоодын хүнсний ногоо хортой, дотоодын дүрэмт хувцас чанаргүй” гэж байгаа шиг ганц ч ашиглалтын лиценз олгоогүй байхад ураны талаар аймшигтай суртал нэвтрүүлэгт автуулж байгаа нь зохион байгуулалттай хийж байгаа ажил.
Дэлхий нийт цөмийн энергийг ашиглаж байна, гол нь ямар хэмжээнд ашиглавал хоргүй, ямар хэмжээнд ашиглавал хортой вэ гэдэг л асуудал. Тэгэхээр бид нэгдсэн ойлголцолд хүрэх ёстой. Хорт хавдрыг оношлох, эмчилхэд цөмийн энергийг ашиглаж байна, үүнээс бид ухрах аргагүй. Тийм учраас 500 сая төгрөгөөр Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэгт хавдрыг эрт оношилдог цөмийн технологи ашигласан тоног төхөөрөмж суурилуулж байгаа. Энэ мэтчлэнгээр шинжлэх ухааны ололтоор бий болсон тоног төхөөрөмжийг ашиглаж таарна.
-Та өнгөрсөн долоо хоногийн 30 минут уулзалтынхаа үеэр “Хэрэгтэй, хэрэггүй юм худалдаж авахаа зогсоох ёстой” гэсэн. Хэрэггүй гэдэгт ямар бүтээгдэхүүнийг оруулаад байна вэ. Хэрэгтэй, хэрэггүй барааг худалдаж авахаа больчихвол дотооддоо бид юу үйлдвэрлэж чадах вэ?
-Жишээ нь, дотоодынхоо хүнсний ногоог бид хэрэглэж болно. Даанч “Хортой” гээд зарлачихсан болохоос биш. Мөн үндэсний үйлдвэрүүдийн чихэр байна шүү дээ, заавал үнэтэй экспортын чихэр худалдаж авах ямар хэрэгтэй юм. Одоо тэгээд дахиад намайг хэрэгт оруулах нь л дээ. Та нарт өнгөрсөн өвөл би “Өндөг бол тансаг” гэж огт хэлээгүй, үнэтэй болоод байвал өөр юм ид л гэсэн. Зах зээл бол сонголтын нийгэм. Заавал ч үгүй үнэтэйг хэрэглэх шаардлагагүй. Цагаан будаа үнэ ороод байвал гурилаа л идчих.
Ер нь бол Монгол натурал махтай, бордоо багатай ногоотой, энэ дэлхийнхний шүлсээ гоожуулах цэвэр байгалийн бүтээгдэхүүнүүд Монголд байгаа байхгүй юу. Тийм учраас би амьдралаас сэдэвлэж гурил байхгүй бол арвайн гурил идчих гэсэн. Говь-Алтай, Завхан аймгууд маш сайн чанарын арвайн гурил үйлдвэрлэдэг. Дэлхийд хаана ч ийм натурал хүнсний бүтээгдэхүүн байхгүй. Химийн найрлагатай бүтээгдэхүүн иддэгээ боль л гэсэн. Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс болоод нас барчихлаа гэж би сонсоогүй.