
Аудитын шалгалтын дүнгээр нийт 81 төсөвт өртөг бүхий төслийг хойшлуулах шаардлагатай гэж дүгнэжээ. Он дамжин хийгдсэн, зураг төсөлгүй, техникийн нөхцлийг бэлэн болгосны дараа санхүүжилтийг олгох эсэхийг шийдвэрлэнэ гэсэн. Аудитын шалгалтад орсон 272 төслөөс 518,3 тэрбум төгрөгийн 146 төслийг 2014 оны төсвийн тухай хуулийн хөрөнгө оруулалтын жагсаалтад тусгаж, хэрэгжүүлэх боломжтой гэжээ. Үүнээс 79,2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 37 объектийг энэ жил ашиглалтад оруулах боломжтой. Мөн 121,6 тэрбум төгрөгий н төсөвт өртөг бүхий зам, гүүрийн 15 төсөл, Мөн төсөвт өртөг нь нэмэгдсэн, нэмж санхүүжилт авах шаардлагагүй 23 объект, 58,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй долоо объектийг зориулалтыг нь өөрчлөн худалдах замаар мөнгөө эргүүлэн авах зэрэг дүгнэлтүүдийг гаргажээ. Дүн шинжилгээнд хамрагдсан төсөл, арга хэмжээнээс 58.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий долоон обьект зориулалтыг өөрчилж, худалдах замаар улсын төсвөөс зарцуулсан хөрөнгийг нөхөн төвлөрүүлэх асуудлыг судалж, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх шаардлагатай.
Үүнээс гадна, төсөвт өртөгийн мөнгөө авсан ч дахин улсаас мөнгө авах гэсэн аж ахуй нэгжүүдийг зарлалаа. Тодруулбал, хөрөнгө дахин төлөвлөх шаардлагагүй төсөл арга хэмжээнүүд гэсэн үг юм. Төсөвт өртгөө нэмэгдүүлж, дахин төсвөөс мөнгө авах гэсэн 47 төслийг зогсоож, төсөвөөс дахин мөнгө өгөх шаардлагагүй хэмээн шалгалтын комисс үзсэн байна.
Улсын мөнгийг авч, хэрэглэчихээд ажлаа дуусгаагүй, хариуцлагагүй компаниудыг нэрлэх хэрэгтэйг УИХ-ын гишүүд сануулж байсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Ганцхан жишээ хэлье. Ховд аймагт цэвэрлэх 390 сая төгрөгөөр зочид буудал барина гэж улсаас мөнгө авсан боловч тэр газар нь одоо болтол хоосон хэвээрээ байх жишээтэй. Гэтэл энэ компаниас мөнгө нэхдэг хүн ч байхгүй, араас нь хөөцөлддөг ч хүн байхгүй. Төсвийн мөнгө авчихаад алга болдог байдал олон бий. Тиймээс хууль зөрчиж байгаа, ажлаа хийж чадахгүй компаниудыг нэрлэж, олон нийтэд ил болгох хэрэгтэй. Яамдуудын барилга бариулдаг, тус тусдаа захиалгаа өгдөг, Улсын Их Хурлын гишүүд дээрээс нь орон нутгийн хэлбэрээр бүх юмыг шахдаг энэ хэлбэрээс салахгүй бол Монгол Улсад хөрөнгө оруулалтын бодлого алдагдсан хэвээр байх болно гэсэн сургамж өгч байна гэж харж байна. Төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулагдах барилга байгууламжийн асуудлаар урьдчилгаа мөнгө төлдөг хэлбэрээс төр татгалзах хэрэгтэй.” гэсэн хатуухан үгийг хэлсэн юм. Түүний хэлснээр Төсвийн байнгын хорооны дарга улсад хохирол учрууласан компани, аж ахуй нэгжийг нэрлэж, хариуцлага тооцох шаардлагатай гэдгийг хэлсэн юм. Төсвийн хөрөнгө оруулалтын ажлыг гацаасан, хийж чадаагүй компаниудыг тодорхой хугацаагаар төсвийн бүтээн байгуулалтад оролцуулахгүй байх, хориглох арга хэмжээ авах нь хамгийн том хариуцлага болно гэдгийг хэлэх гишүүд олон байгаа. Өөрөөр хэлбэл, төрийн мөнгөөр тоглосон компаниудыг дахин төрийн ажилд оролцуулахгүй байх, түр хугацаагаар эрхийг нь хориглох хүртэл арга хэмжээ авах юм байна.
Хариуцлагыг нэг тал дээр буюу дан ганц аж ахуй нэгж дээр бус аль аль тал нь хариуцлага хүлээх ёстойг УИХ-ын гишүүд сануулсан. Учир нь барилгын компаниуд хариуцлагагүй хандсан ч гэсэн тухайн компаниудад тендер олгосон, хяналт тавих ёстой төрийн байгууллага, мэргэжилтэн нь ард нь сугараад үлдэж байдаг. Сүүлийн хэдэн жилийн турш тендер нэрийн дор идэж, уусан хүн олон. Тиймээс яамд бүр дээр байдаг Барилга захиалагчийн албыг татан буулгаж, нэг газарт төвлөрүүлэх юм байна. Ингэснээр яамд бүр дээр байдаг барилга захиалагчийн алба татан буугдаж, нэг дор төвлөрч, шинэ тендерийн хуулиар зохицуулагдах юм байна. Тэгвэл тендерийн будлиан, нэг компанид олон тендер олгодог, чадваргүй компаниудад төрийн мөнгийг өгөхгүй байх жишиг тогтоох ёстойг УИХ-ын дарга онцолсон.
Аудитын шалгалт дуусч 81 барилгын ажлыг түр зогсоож, долоо объектийг өөрчлөн худалдах шийдвэрүүдийг тус тус гаргасан. Төсвийн байнгын хороноос ажлын хэсэг гарч ажиллахаар болсон. Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Аудитын дүнг хэлэлцэнэ. Энэ сарын 20-нд хуралдах ээлжит бус чуулганы хамгийн эхэнд хэлэлцэх асуудал нь царцаасан төсөв байх юм. Царцаасан төсвөөс аль барилгыг нь цааш үргэлжлүүлэх, алыг нь зогсоох талаар УИХ шийдвэрлэнэ. Харин УИХ-ын даргын хэлснээр гишүүд манай тойргийн энэ барилга, танай тойргийн ийм ч барилга гэж гоншигнохгүйгээр зөвхөн хуулийн дагуу, зураг төсөлтэй төслүүдийг л дэмжинэ гэдгээ хатуухан хэлсэн.