
Крымийн Ерөнхий сайд энэ гуравдугаар сарын 16-ны өдөр ард иргэдийн дунд ОХУ-ны улсад нэгдэхийг зөвшөөрч буй эсэх талаар бүх нийтийн санал асуулга явуулахаар зарлажээ. Крымийн парламент өчигдөр /III.7/ ОХУ-д нэгдэх шийдвэр гаргаж, энэ талаар бүх нийтийн санал асуулга явуулахаар болсон аж. Харин Крымийн бүх нийтийн санал асуулгыг Европын холбоо, АНУ, Украины Засгийн газар “хууль бус” хэмээн шүүмжилж, эсэргүүцэж байна. Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Крымийн бүх нийтийн санал асуулга нь Украины үндсэн хууль болон олон улсын хуулиудыг ноцтойгоор зөрчихийг анхааруулжээ. Крымийн хүн амын 58.5 хувь орос, 24.4 хувь украин, 12.1 хувь крымийн татарууд тул ОХУ-д нэгдэх эсэх бүх нийтийн санал асуулгын үр дүн тодорхой байгаа юм.
Үүний зэрэгцээ Крымд цэргийн хүчээ оруулсанд хариуцлага тооцож, ОХУ-ын эсрэг хориг тавих зорилготой Европын холбооны Гадаад хэргийн сайд нарын уулзалт өчигдөр /III.6/ Брюссельд болсон билээ. Уулзалтын үр дүнд Европын холбоо ОХУ-ын эсрэг хориг тавиагүй боловч хатуу анхааруулга өгсөн юм. Түүнчлэн тэд “Хэрэв ОХУ хямралыг хумих бодлого барихгүй бол энэ нь маш аюултай үр дагаврыг үүсгэх болно” хэмээн дүгнэсэн байна. Үүний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй утсаар холбогдож, Украины хямралыг дипломат аргаар шийдвэрлэх арга замын талаар ярилцжээ.
Украин автономит бүс Крымийг 1954 онд ОХУ-аас шилжүүлэн авсан билээ.
Б.АНХТУЯА