
Тус наадам нь анх 1994 онд Хэнтий аймгийн Дадал суманд ардын урлагийн чиглэлээр зохион байгуулагдаж гараагаа эхэлж байсан бол өдгөө 20 жилийн ойгоо ийнхүү тус суманд хийх болсноороо онцлог болж байна.
Буриад зоны уран бүтээлийг алдаршуулах, соёл, зан заншлыг сурталчлах зорилготой энэхүү наадмын зохион байгуулах үндэсний хороо нь 5 дэд хороотой ажиллаж байгаа бөгөөд энэ 7 хоногт хороод төсвөө хийж үндэсний хороондоо өгснөөр наадмын төсвийг бүрдүүлэх ажилдаа орох юм байна.
Мөн Хэнтий аймгийн төв Чингис хотод Олон улсын зохион байгуулах хороог зарлан хуралдуулах талаар санал солилцжээ. Учир нь Хэнтий аймагт ОХУ-ны Өвөр байгалийн хязгаарын Эдийн засаг, аялал жуулчлал, Олон улсын хамтын ажиллагааны сайд гуравдугаар сарын сүүлээр айлчлах бөгөөд тэрээр “Алтаргана” их наадмыг дэмжиж ажилладаг хүмүүсийн нэг аж.