Виктор Януковичийн хөвгүүд хар дансанд оров

Хуучирсан мэдээ: 2014.03.07-нд нийтлэгдсэн

Виктор Януковичийн хөвгүүд хар дансанд оров

Европын холбоо хүний эрх зөрчсөн мөн улсын төсвөөс мөнгө идсэн хэрэгт сэжиглэгдэн банкны дансыг нь битүүмжилсэн украинчуудын нэрийг нийтлэв. Нийт 18 хүний нэртэй жагсаалтыг Европын холбооны сайтад гуравдугаар сарын 6-нд нийтэлжээ.

Жагсаалтыг засгаас огцорсон ерөнхийлөгч Виктор Янукович толгойлж байна. Хоригт түүний  хоёр хүү болох бизнесмен Александр Янукович, Дээд радын депутат бага Виктор Януковичийн нэр багтжээ.

Дотоод хэргийн сайд асан Виталий Захарченко, экс-ерөнхий прокурор Виктор Пшонка ба түүний хүү Дээд радын Бүс нутгийн намын жигүүрийн орлогч дарга Артем Пшонка, жагсаалтад бичигдлээ. Хоригт Украины аюулгүй байдлын албаны тэргүүн асан Александра Якименко, ерөнхийлөгчийн зөвлөхүүд  Андрей Портнов, Игорь Калинин, Хууль зүйн сайд асан Елена Лукаш, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан Андрей Клюев ба түүний ах, бизнесмен Сергей Клюев нар хамрагдлаа.

Жагсаалтад ДХЯ-ны орлогч сайд байсан Виктор Ратушняк, экс-ерөнхий сайд Николай Азаров түүний хүү Алексей, ажил хэрэгч Сергей Курченко, Боловсрол, шинжлэх ухааны сайд асан Дмитрий Табачник, Эрүүл мэндийн сайд асан Раиса Богатырева ба ерөнхийлөгчийн зөвлөх асан Игорь Калинин нар бичигдэв.
Шийдвэрийг гуравдугаар сарын 5-нд гаргасан ба түүнийг нийтэлсэн гуравдугаар сарын 6-наас эхлэн хүчин төгөлдөр боллоо.

NYT: АНУ эрчим хүчний стратегиа Путины нөлөөг буулгахаар боловсруулж эхлэв

 
Украины хямрал Америкийн эрчим хүчний дипломатын шинэ эринийг эхлүүлж байна гэж The New York Times сонин бичив.

АНУ-ын засаг захиргаа Владимир Путины нөлөөг Европ болон Украинд сулруулахаар байгалийн хийн  шинэ нийлүүлэлтийг өргөжүүлэхээр оролдож байна. Орос хэдийгээр байгалийн хийн томоохон экспортлогч хэвээр байгаа ч АНУ газрын давхрагуудыг гидро аргаар хагалах шинэ технологийн тусламжтайгаар  байгалийн хийн олборлолтоор Оросыг ардаа орхисон юм.

Орос байгалийн хийн нийлүүлэлтээ нөлөөнийхөө хэрэгсэл болгон ямагт ажшиглаж байсан бол одоо тэр байдал нь өөрчлөгдөж байна. АНУ-ын Эрчим хүчний яам 2015 оноос эхлэн байгалийн хий экспортлох зөвшөөрлийг компаниуддаа өгч эхэлжээ.

Guardian: Обама Орос тавих хоригоор Бүгд найрамдахчуудтай зөрчилдөнө гэж айж байна

Цагаан ордон ба Конгресс хоёрын хооронд Оросын албан тушаалтнуудын эсрэг авах санхүүгийн хоригийн талаар сөргөлдөөн гарч магадгүй болов хэмээн The Guardian бичжээ.

Бүгд найрамдахчууд ерөнхийлөгч Путины хүрээнийхний эсрэг хориг арга хэмжээ авахыг даруйхан хийхийг шаардаж байна. Гэтэл Иранд авсан хориг арга хэмжээний үеэр гарсан шиг зөрөлдөөн үүсч магадгүй гэж ерөнхийлөгчийн аппарат түгшиж эхэллээ.

Ямар хоригийг хэзээ тавихыг Обамад чөлөөтэй болгож  өгөхөөр аппаратын ажилтнууд хичээж байгаа гэж сонин бичжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж