Крым, Косовогийн ялгаа

Хуучирсан мэдээ: 2014.03.07-нд нийтлэгдсэн

Крым, Косовогийн ялгаа

Крым, Косово автономит статус, өөрийн нутаг дээр гадны орны цэргийн хүчийг байрлуулсан, хүн амын олонхи тусгаар тогтнох хүсэл ихтэй зэрэг олон талаараа хоорондоо адилхан. Гэхдээ тэдэнд ялгагдах онцлог шинжүүд байгаа.

Юун түрүүнд, олон хүн Крымд өрнөж буй үйл явдлыг 1999 онд НАТО-гийн Югославын эрсэг явуулсан түрэмгийлэлтэй адилтган үзэж байна.  Түүнчлэн энэ үйл явдлыг хүн бүр өөрийн бүрийн хүсэл сонирхолд нийцүүлэн тайлбарлаж байгаа юм. Тухайлбал, АНУ-аас Москвад суух Элчин сайд асан Майкл МакФаул “CNN” өгсөн ярилцлагандаа “ОХУ Украины асуудалд цэргийн хүчээр хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөх аргагүй. Учир нь 1999 онд Косовод өрнөсөн явдал болон Крымийн одоогийн нөхцөл хоёрын хооронд асар том ялгаа бий. Бид Крым болон Украинд үүссэн нөхцөл байдлыг Косово, Сербийнхтэй хэрхэвч харьцуулж болохгүй. Тухайн үед Серби косовочуудад аюул заналхийлж байсан бол Украин хэнд ч заналхийлээгүй” хэмээн дүгнэжээ.

Гэхдээ аливаа улс өөрийн нутаг дэвсгэрийн аль нэг хэсэгт аюул заналхийлж болох уу? Косовогийн автономит нутагт сербүүд, туркууд, албанчууд болон өөр олон үндэстнүүд оршин суудаг боловч тэнд косовочууд гэх ямар ч үндэстэн байгаагүй. Мөн Косовод ганц ч америк хүн байгаагүй. Тэгвэл АНУ тэнд хэнийг хамгаалсан юм бэ? Харин Крымд 1.5 сая оросууд бий.

Барууны хэвлэлүүдэд бичихдээ Крым, Косовод адил тал их бий хэмээж байна. Тухайлбал, “The Guardian” сонинд Иан Трейнор ингэж бичжээ: “Хуучин Югослав, Косовогийн дайны үед Ерөнхийлөгч Слободан Милошевичийнавч хэрэгжүүлсэн  тактик, арга техникүүд илэрхий байсан. Хэрэв ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өөр нэг Милошевич болохыг хүсвэл Барууныхан Европ хуваагдахыг харах болно” гэжээ.

Серби, Югославын Ерөнхийлөгч агсан Слободан Милошевич тухайн үед нөхцөл байдлыг дээрдүүлэхийг хичээсэн боловч бүх зүйл буруугаар эргэсэн. Түүнд НАТО-гийн түрэмгийллийг сөрөн зогсох хүч байгаагүй. АНУ нь өөрийн хүчийг Европын баруунаас зүүн рүү өргөжүүлэхийг хүссэн учир Сербийн автономит муж Косовог сонгож, Метохияд стратегийн баазаа байгуулсан. Энэ зорилгын дагуу тэд Косовогийн Чөлөөлөх армийг (KLA) ашигласан юм.

Сербийн тусгай хүчин 1999 оны нэгдүгээр сард Косовогийн Чөлөөлөх армийн эсрэг “террористийн эсрэг” ажиллагааг Рачак тосгонд эхлүүлсэн нь НАТОР Югославыг НҮБ-ын зөвшөөрөлгүй агаараас бөмбөгдөх шалтаг болсон юм. Тэр үед Барууны хэвлэлүүд Рачак тосгоны террористын эсрэг ажиллагааг хүмүүсийг үй олноор нь хөнөөсөн аллага мэтээр бичиж, АНУ гэмгүй номхон иргэдийг хамгаалсан мэтээр сурталчилж байсан билээ. Гэвч үүнээс 10 жилийн дараа Финляндын шүүхийн шинжээч эмч Елена Ранта намтартаа Европын хамтын ажиллагаа, аюулгүй байдлын байгууллагын экс дарга Уильям Уолкер болон Финляндын Гадаад хэргийн сайдын шахалтаар Косово дахь НАТО-гийн ажиллагааны үеэр амь үрэгдсэн иргэд энгийн иргэд биш, Албанийн террористууд байсан хэмээн тайлагнаснаа дурдсан байдаг.

НАТО-гийн хүч Косовод нэвтэрсний дараа АНУ Бондстилд Европын нутагт дахь хоёр дахь том баазаа байгуулсан. Үүний ачаар АНУ Газар дундын тэнгис, Хар тэнгист хяналтаа тогтоож, Ойрхи-Дорнод, Хойд Африк, Кавказад нөлөөллөө нээж, Төв Ази, Каспийн орнуудаас эрчим хүчний эх үүсвэрээ хангах нөхцлийг бүрдүүлсэн юм. Тэдний үзэж буйгаар бол Сербид баазаа байрлуулсан нь хууль ёсны бөгөөд маш их ашигтай юм. Америкчууд Косовогийн газар нутгийг ашигласныхаа төлөө ямар ч хөлс төлдөггүй. Үүнтэй харьцуулахад ОХУ жил бүр Крымд 100 сая ам.доллар төлдөг. Мөн ОХУ-ын Хар тэнгисийн флот Крымд байрлаад 230 жил болсон байна. Тиймээс “Севастополь бол Хар тэнгисийн флотын хувьд “гэр орон” нь юм” хэмээн ОХУ-ын шадар сайд Дмитрий Рогозин хэлсэн байдаг. 50 жилийн өмнө Крым ЗХУ-ын нэг хэсэг байсан. Иймд Крымийг АНУ-ын Косовод  явуулсан түрэмгийлэлтэй харьцуулж болохгүй юм.

Ерөнхийдөө ОХУ нь эдийн засаг, соёлын түүхэн харилцаатай Украин дахь өөрийн иргэдийг үймээнээс хамгаалах бүрэн эрхтэй хэмээн “Оросын дуу хоолой” агентлагийн Милена Цмилянич сэтгүүлч бичжээ.
 

Орчуулсан: Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж