Энэ дэлхийн хайрын эх үндэс нь ээжээс үүдэлтэй байдаг. Есөн сар тээж, төрүүлэн, ангир уургаа амлуулах мөчөөс хайрыг ээж хүн үрдээ мэдрүүлдэг. Миний ээж гэдэг энэ үг хүн болгонд үнэтэй нандин. Ийм нандин нэртэй дууг дуулан амьдруулж, Монголын ард түмний зүрхэнд хүргэж чадсанаараа миний ээж бусдаас онцгой гэж би боддог.
Сүүний үнэр шингэсэн
Сэвлэг даахьтай байхад минь
Дууны сайхан эгшгээрээ
Эвлэг зөөлөн бүүвэйлсэн
Миний ээж сайхан ээжээ
Мяндас зөөлөн уян ээжээ
Бурууг хийвэл хатуу ээжээ
Буурал болсон ч чадуу ээжээ
Энэ дууг сонсоогүй, амандаа аялаагүй хүн байдаггүй. Энэ дууг ээж маань дуулсан юм. Ээжийг минь Сүрэнгийн Цэрэндолгор гэдэг. Увс аймгийн Цагаанхайрхан суманд 1945 онд Сүрэн, Галиндэв хэмээх хосын анхны үр болон мэндэлсэн. Намайг мэндлэхээс өмнө бурхны оронд заларсан өвөө маань нутаг усандаа дуулдаг хэмээн алдаршсан эр байсан гэдэг. Ээж минь араасаа найман дүү дагуулсан буянтай эгч. Ээжийг минь арваад настай байхад гэр бүлээрээ нийслэл Улаанбаатар хотод шилжин ирж, одоогийн Гандангийн дэнжид бууриа хатгасан аж. Олон ам бүлээ тэжээхийн эрхэнд ээж маань долдугаар ангиа дүүргээд ажил хийн, гэр бүлдээ нэмэр болж эхэлсэн. Тухайн үедээ Талх чихрийн үйлдвэрт чихэр боогчоор ажиллаж байсан гэдэг.
1964 онд Улаанбаатар хотноо Увс аймгийн Урлаг соёлын өдрүүд зохион байгуулагдахаар болж, аймгийн театрын дуучид, хөгжимчдөөс гадна нийслэл хотод суугаа нутгийн уугуул иргэдээс урлагийн авъяастай хүмүүсийг оролцуулахаар болоход “Цагаанхайрханы Сүрэнгийн том охин сүрхий дуулдаг” гэсэн сургаар ээжийг минь уг тоглолтод оруулсан аж. Тухайн үедээ аймаг болгон Соёл урлагийн өдрүүдийг Улаанбаатар хотноо зохион байгуулдаг байлаа. Тоглолт амжилттай болж, шингэн цангисан хоолойтой 19 настай ээжийг минь Улсын Ардын дуу бүжгийн чуулгад дагалдан дуучнаар ажиллах саналыг тавьсан гэдэг. Ингэж л ээж минь чихэр боогчийн ажлаа орхин урлагийн том ертөнцөд хөл тавьсан.
1964 он ээжийн минь хувьд эргэлтийн жил байсан байгаа юм. Тухайн үедээ аймгийн соёл урлагийн өдөрт оролцохоор ирсэн хүмүүс Улаанбаатар зочид буудалд байрлаж байж. Мөн тэр үеэр Монгол Улс анх удаа олимпийн тоглолтод оролцох шийд гарч олимпод оролцох тамирчид мөн Улаанбаатар зочид буудалд байрлаж байсан юм билээ. ЗХУ-ын Ленинград хотын Биеийн тамирын дээд сургуулийг төгсөөд ирсэн аав маань Монголын гимнастикийн анхны шигшээ багийн дасгалжуулагчаар томилогдон Токиогийн олимпод оролцохоор тамирчидтайгаа Улаанбаатар зочид буудалд байрлан, бэлтгэл хийж байлаа. “Сургуулилалт дуусаад буудалдаа ирэхэд коридорын сандал дээр нэг залуу сонин уншаад сууж байдаг байсан юм. Соёр урлагийн өдрийн тоглолт амжилттай болж, сүүлийн өдөр ресторанд хүлээн авалт хийж байтал нөгөө сонин уншаад суугаад байдаг байсан залуу намайг дуудаад танилцъя гэж билээ” хэмээн ээж маань ярьдагсан. Нэгэн үед Монголын урлаг, спортын ертөнцийг төлөөлж явсан аав Далхаагийн Дангаасүрэн, ээж Сүрэнгийн Цэрэндолгор минь ингэж танилцаж, таван хүүхдийн аав ээж болсон. Бидэнд амьдрал хайрласан аав, ээж минь хоёр үр хүүхэд биднийгээ одоо бурхны орноос л харж хандаж байна даа.
Ээж минь олон сайхан дууг дуулсаан. “Миний ээж”, “Намуун байгаль”, “Дуугий минь чи дуулаарай”, “Дассан сэтгэл”, “Намираа бороо”, “Намуун үдэш” гээд эдгээр дууны нэрийг хүртэл хэлэхэд зүрх догдолдог юм. Үг, ая зохицсон энэ олон сайхан дуу Монголын Радиогийн алтан фондод бичээтэй байдаг. Ээжийнхээ дууг мөнхлөн үр хүүхэд бид нь “Намуун байгаль” цомгийг хэвлүүлсэн. Ээжийн минь дуунууд 60-аад оны алтан үеийн дуунуудад тооцогдон, одоо ч гэсэн монголчууд дуулсаар байгааг хараад ээжээрээ бахархах сэтгэл аргагүй төрдөг. Ээжийн минь дуунуудыг өнөөгийн дуучид бас дуулан өөр өөрийн хувилбараар олонд түгээж байгаа нь бас сайхан. Сүүлд поп хатагтай Б.Сарантуяа “Миний ээж” дууг дуулсан нь олон хүнд таалагдсан байхаа.
Монголчууд бид хүн ээжийнхээ ачийг хариулж бардаггүй гэж ярьдаг. Хариулж барах ч аргагүй агуу юм. Зөв зүйтэй амьдарч, үр хүүхдээ халамжлан хүмүүжүүлж, бусдад буян хийж явах нь аав ээжийнхээ ачийг нь хариулж байгаа явдал юм хэмээн сүсэглэдэг билээ. Хайрт ээжүүдээ дурсдаг энэ өдрүүдэд ээждээ зориулж бяцхан дурсамж тэрлэн, зул өргөе гэсэн юм.