Өвчин нь сэдэрсэн үү, өөр бус асуудал нөлөөлсөн үү гэдгийг нь мэдэхгүй ч, юутай ч манай популистууд “цалинг нэм, үнийг буулга” гэсэн ээлжит дайралтаа эхлүүлээд байгаа юм. Зарим нэг улстөрчид ”мах, гурил гэх мэт 12 төрлийн барааны үнийг төрөөс хатуу барих ёстой” гэж твийттертээ жиргэх болов. Ингэвэл иргэдэд таалагдана, илүү гоё харагдана гээд дүрдээ итгэчихэж.
Цалинг нэмж болно, гэвч төсөвт мөнгө байна уу. Тал хагас нь зугатчихсан хөрөнгө оруулалт сайжирсан уу, тэг зогсолт хийсэн нүүрсний экспорт өссөн үү, компаниудын орлого нэмэгдсэн үү. Баялаг бүтээгчдэд боломж юу байна. Монголд баялаг бүтээдэг нь цөөн, тэдний татварт өгсөн мөнгөөр цалинждаг нь олон. Ухна ишигний зовлонг ойлгохгүй гэгчээр бизнесийнхэнд учирч буй асуудлыг популистууд даанч ойлгохгүй. “Үүрэхийг нь чи үүр, аахилахыг нь би аахилъя” гэх маягаар л ажилладаг хүмүүс болохоор тэр.
Засгийн газар цалин нэмэхэд асуудалгүй. Асуудлын гол нь эдийн засгийн нөхцөл байдал, боломж бололцоондоо байгаа болохоос ард түмэндээ таалагдахыг хүсдэггүй төр бий гэж үү. Хэрвээ гурил байсан бол айлаас давс гуйгаад бууз хийж идэхсэн, даанч мах байхгүй гэдэг шиг улсын төсөвт мөнгө алга. Макро, болон микро орчин сайнгүй байгаа тохиолдолд цалин нэмэх нь иргэдэд бодит орлого болж чадахгүй юм. Мэдээж, тоон утгаараа цалин өссөн харагдана. Халаас дүүрэн төгрөгтэй болох байх. Харин чанарын хувьд цаас төдийхөн болж хувирна. Хуурай, хоосон тоо монголчуудын амьдралд чухал уу эсвэл чанартай бодит орлогоор дэмжих хэрэгтэй байна уу гэдэг тэнгэр газар шиг ялгаатай асуудал болов уу.
Нэгэн гишүүний жиргэснээр мах, шатахуун, гурил будааны үнийг төрөөс хатуу барьж болно. Ядах юм байхгүй, ямар нэгэн аргаар төр “дээрэмдээд” ч болтугай гартаа авчихаж чадна. Харамсалтай, төр бүхнийг хяналтдаа авлаа гээд авлигачид нэмэгдэнэ үү гэхээс махны үнэ мянга болж буурахгүй нь ойлгомжтой. Улстөрчид твийттер ашиглан популизм хийхийг хориглосон хууль байхгүй ч гэлээ ажиглаад байхад массын сэтгэлзүйг ашиглан улстөр хийхийг санаархагчид цөөнгүй байх шиг. Гэхдээ тэдний популизм хол явж гавихгүй биз.
Иррациональ шинжтэй, ухуулга сурталчилгаа бүхий популизм улс төрөөс үнэртэх бүрт эдийн засагт “цус алдалт” явагддаг. Тийм болохоор популистуудыг чөтгөр аваасай гэж муухай хараамаар үе олон гардаг. Нийт эдийн засагт мөнгө орж ирэхээсээ гадагшлах нь их, зах зээлд эргэлдэж байгаа мөнгөний хэмжээ багасч буй нь улс орон, айл өрхийн төсөвт ч сөргөөр нөлөөлж байгаа нь үнэн. Гэхдээ энэ бүхэн сүүлийн нэг жилийн дотор бий болчихсон асуудал биш, олон жилийн турш хурааж, хуримтлагдсан бодлогын алдаа эхнээсээ сад тавьж байгаа хэрэг. Хэрэвзээ монголчуудын цалинг нэмэхийг, талх, гурил, будааны үнэ тогтвортой байгаасай гэж жинхнээсээ хүсч байгаа бол популистууд минь бөмбөр нүдэхээ боль.