
Сүүлийн өдрүүдэд хүнсний ногоо хортой, хоргүй гэсэн маргаан нийгэмд шуугиан тариад байгаа. Зарим нэг нь идэх гэсэн хүнсний ногоогоо гудамжинд гаргаж хаясан сурагтай. Харин нэг хэсэг “яав л гэж” гэсэн маягтай асуудалд хандаж байгаа аж.
Зарим судалгааны байгууллагууд сүүлийн үед манай улсад тарьж байгаа болон импортолж буй жимс, жимсгэнэ, хүнсний ногооны 40 хувь нь хортой буюу пестицидийн үлдэцтэй тухай мэдээлэл гарч, хүмүүс багагүй сандарсан. Ингээд намар хүртэл ер нь хүнсний ногоо идээд хэрэггүй гэж шум тарсан юм. Тэгвэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өчигдөр мэдээлэл хийж, хүнсний ногоонд хортой бодит илрээгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлсэн. Махсаг, ногоосог түмний хувьд ногоо намар хүртэл аваад хэрэггүй гэх мэдээлэл цочир сонсдсон бөгөөд худалдааны төвөөр хүнсний ногооны худалдан авалт ямархуу байгааг тандахаар очсон юм.
Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ хортой, үгүй талаар ингэж талцаж ярих нь эцэстээ хэрэглэгчдийн худалдан авах сонирхлыг бууруулдаг. Хэдий хоргүй байсан ч янз бүрийн шум тарж байсан болохоор хэрэглэгчдийн итгэх итгэл урьдныхаасаа буурах нь мэдээж. Тийм ч учраас “Бөмбөгөр” худалдааны төвийн ногоо, жимсний худалдагчид “Ногоо, жимс бүгд зүгээр. Эх орны хөрсөнд тарьж ургуулсан болохоор ямар ч аюулгүй” гэх зэргээр хэрэглэгчдэд хэлж байсан юм. Хэрэглэгчид ч сонсоод худалдан авалтаа энгийн л хийж байна лээ. Ер нь ажиж байх нь ээ, “Мах үнэтэй байхад ногоогүй яаж хоол хийж болох вэ дээ. Хоргүй л гэсэн. Төмсөө авдгаараа авна” гэсэн хүмүүс л байна. Саяхан тус худалдааны төвөөр шалгалт орж, хүнсний ногоо, жимс, жимсгэнийг шинжилж үзсэн гэх бөгөөд худалдагчид нь “төмс зүгээр ээ” гэсээр шаламгай гэгч нь хөдөлж байх юм.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас жимс, жимсгэнэ, төмс, хүнсний ногоо худалддаг 200 гаруй аж ахуйн нэгжийг шалгаж, үүнээс эрсдэлтэй гэсэн 27 аж ахуйн нэгжийг дахин шалгахад ч пестицид заасан хэмжээнээс хэтрээгүй, үлдэгдэлгүй байсан гэдэг дүгнэлтийг гаргасан байна. 2008 оноос хойшхи онуудад ийм шалгалт хийсээр ирсэн бөгөөд зөвшөөрөгдөх хэмжээндээ байгаа талаарх дүгнэлт гардаг байжээ. Тэгээд ч Мэргэжлийн хяналтын лаборатори, судалгаа шинжилгээний тоног төхөөрөмж сайтай учраас шалгалтын дүнд эргэлзэх зүйлгүй гэж албаныхан мэдэгдсэн юм. Иймээс худалдагчид ам бардам хүнсний ногоо, жимсээ зарж байна. Харин өнгөрөгч хэдэн өдөр энэ талаарх мэдээлэл янз бүрээр гарч байхад хүмүүс ихэнхдээ эргэлзсэн байсан тул худалдан авалт нь бага зэрэг багассан тухай худалдагчид хэлж байна лээ. Гэсэн ч одоо эргээд хэвийн байдалдаа орсон байна.
БЗД-ийн иргэн Л.Болороо:
-Миний хувьд хүнсний ногоогоо ах, дүүсээрээ нийлж тарьж, хүнсэндээ хэрэглэдэг болохоор саяны болоод өнгөрсөн, хүнсний ногооноос хортой бодис илэрсэн гэсэн мэдээлэлд эмзэглээгүй л дээ. Сүүлд хоргүй гэж мэдээлж байна лээ. Хэдий тийм боловч хүнсний аюулгүй байдлын асуудал хурц шүү дээ. Ядаж гаднаас ямар ч үр, ногоо, жимс импортлохгүй байж болохгүй гэж үү. Миний хувьд гадны импортыг хаасан нь зөв гэж боддог.
Нээрэн л энэ удаад худалдаанд буй хүнсний ногоо, жимсэнд агуулагдах пестицид байх ёстой хэмжээнээсээ даваагүй, хоргүй гэсэн дүгнэлт гарсан ч хүнсний аюулгүй байдлын асуудал хүндхэн хэвээр байна. Хэрэглэгчид хүнсний ногоо, жимс жимсгэнэ ямар ч хоргүй гэсэн мэдэгдэл гарах хүртэл энэ өдрүүдэд ногоо худалдан авахаасаа зайлсхийж, эргэлзсэн нь хүнсний аюулгүй байдалд итгэх итгэл нь муу байгаагийнх биз ээ.