Хохирогчоос хохирогч

Хуучирсан мэдээ: 2014.03.07-нд нийтлэгдсэн

Хохирогчоос хохирогч

-Монголын нийгэмд хохирсон хүн хохирлоо барагдуулахын тулд дахин, дахин хохирсоор үлддэг болжээ-

Заримдаа Монголын хууль цагдаагийн­ханд эргэлзмээр, хууль чухам хэний төлөө үйлчлээд байна вэ гэж асуумаар үе гардаг уу. Ялангуяа хохирогч болчихсон хэрнээ гэм буруутан адил өдөр бүр хууль, хяналтынхны үүд сахин, нурмайж зогсох ямар утгагүй гээч. Яг л гэм буруутан шиг. Харин гэмтээж, хохироосон хүмүүс гавьяа байгуулсан юм шиг гадуур алхан, цагдаагийнхны урилгаар хаа нэг морилох.  Байр нь солигдсон ийм сонин тогтолцоо хуулийн салбарт амь бөхтэй оршиж байна. Уг нь гэмт хэрэгтэнд гишгэх газар олддоггүй гэдэг. Гэтэл өнөөдрийн хувьд хэрэгтэн биш хохирогч л хэрэг хийсэн мэт хууль, хяналтынхны үүд сахидаг явдал адгийн наад зах нь автомашин шүргэлцсэн үйлдэл дээр ажиглагдаж байна. Хэн нь гэмт хэрэгтэн, хэн нь хохирогч вэ гэдэг  хэн танилтай, мөнгөтэй, нөлөөтэй байхаас шалтгаалдаг явдал наад захын жижиг маргаан дээр ч харагддаг болжээ.

Одоогоос хоёр жилийн өмнө, арван настай хүүг согтуугаар авто машин жолоодож яваад дайрч хөнөөсөн компанийн захирал залуу баривчлагдсаныхаа дараа байцаагчийнхаа өрөөнд халамцуу зочилж, банштай цай уугаад сууж байсан тухай мэдээлэл шуугиан тарьж байлаа. Ийм байдал хохирогчийн ар гэрийнхэнд ямар сэтгэгдэл үлдээх билээ. 

Нэг айлд хулгай орж л дээ. Гэтэл хэргийг шалгаж байсан хүмүүс гэрийн эзнийг бараг л өөрийг нь хардсан удаатай. Ийм цагдаатай нөхцөлд хулгайчид эд зүйлсээ алдвал ихэнхдээ хаясанд тооцож, мартсан нь илүү амар санагддаг.  Алдсан хүн арван тамтай, авсан хүн нэг тамтай гэдэг үг зүгээр ч нэг түгээгүй бололтой.

Хохирогч яагаад гэмтэн болдог вэ. Эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирсон байтал яагаад цагдаагийнхныг царайлчилж, өдөр бүр хэрэг хийсэн аятай өрөөнийх хаалгыг нь сахиж суух ёстой вэ. Яагаад учирсан хохирлоо барагдуулах гэж цаг, мөнгөөрөө хохирч, дахиад хохирол амсах учиртай гэж. Мэдээж, энэ бүхний хариулт нь хүнд суртал.

Монголын нийгэмд хохирсон хүн хохирлоо барагдуулахын тулд дахин, дахин хохирсоор үлддэг.  Адгийн зарга арав хоногтой гэгчээр өдөр бүр хэн нэгэн байцаагчийн өрөөнд дуудагдаж, учирсан хохирлоо барагдуулахын тулд ажлынхаа цаг заваас хулгайлна. Заримдаа худлаа хэлж чөлөө авна. Байнга чөлөө аваад байж болохгүй бол ажлаа тасална. Ийм олон шалтгаанаар хохирогч нэмж хохирсоор л байдаг. Танил талгүй, хууль цагдаад таньдаг мэддэг хүнгүй бол эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон байтал эргээд буруутан болчих тохиолдол ч цөөнгүй. Үнэндээ бол хохирогч болно гэдэг өнөөдрийн хувьд гэмтэн болсноос бараг л ялгаагүй болж.

Хохирогч хохирдог байдлыг таслан зогсоох нь Ерөнхийлөгчийн санаачилсан ухаалаг төрийн хийх ажлын нэг биз ээ. Учир нь олон арван хүн бие сэтгэл, эрүүл мэнд, эд мөнгөөрөө хохирсон дээрээ дахиад хэн нэгний хүнд суртал, зардал чирэгдлээс болж дээр хэлсэн олон хэлбэрээр хохирол амсдаг.  Хуулиараа асуудлыг шийднэ гэж гэдийх юм бол бүр ч удна. Хуулиар явах тусам харин ч эсрэгээрээ залхаах үйлчилгээ үзүүлж байгаа мэт санагдана. Эсвэл жижигхэн фаакт олоод эсрэг хэрэг болгоод хувиргачихна. Ийм гаж тогтолцоо зөвхөн Монголд л үйлчилдэг байх. Энэ бүхнийг өөрчилж, хохирогчийг давхар, давхар шийтгэдэг, залхаадаг үйлчилгээнээс татгалзах нь хуулийн байгууллагын шинэчлэлт байх учиртай.  Хууль эрх зүйн орчинд ноёрхсоор байгаа хохирогчийг давхар шийтгэдэг, хохироодог явдлыг таслан зогсоохгүй бол гэмт хэрэгтнүүдэд өөгших боломжийг олгосоор байна.

Ж.ЭРХЭС

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №051

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж