Хуучирсан мэдээ: 2014.03.07-нд нийтлэгдсэн

Дасгалжуулагч урья

-Одоо бид хамгийн түрүүнд гаднаас дасгалжуулагч урьж, спортын төрөл бүр дээр тархиа цэнэглэх цаг нь болжээ-

Ямайкийн бобслейн тамирчид Сочийн цасан замд мөрөө гаргахын тулд хандив цуглуулж, санхүүгээ бүрдүүлжээ. Улс нь дэмжээгүй боловч мөсөн талбайд үзүүлбэрээ үзүүлэхийн тулд Филиппиний уран гулгагч байраа зарж, ард түмнээсээ тусламж хүссэнээр Филиппиний энгийн иргэд түүнийг цагаан олимпод “илгээсэн” өөр нэг жишээг хэлж болно. Мөнх ногооноороо байдаг, өвөл, намар, зун, хавар гэх эргэх дөрвөн улирлыг эсрэгээрээ борооны улирал, хэт халууны үе хэмээн ангилж хуваадаг халуун орны тамирчдын хувьд цас, мөсөн дээрх цагаан олимпиос том амжилт хүсдэггүй нь мэдээж. Тэдний хувьд улсынхаа далбааг олимпийн тэнгэрт мандуулж, эх орноо төлөөлөн олимпод оролцоно гэдэг туйлын хүсэл бөгөөд нэр төрийн хэрэг.

Харин бидний хувьд байдал ямар байна вэ? Олимпийн эрхээ ч авч чадалгүй цагаан хуудсаар өвлийн олимпод зочилдог байсантай харьцуулахад монголчууд олон улсын чанартай тэмцээнээс эрхээ авдаг болсон нь өрсөлдөх чадвар дээшилснийх. Харамсалтай нь, улс орны хөгжил, техник технологийн дэвшил, эдийн засгийн чадавхи зэргээс шалтгаалж тэмцээн, уралдаан зохион байгуулах нь битгий хэл тамирчдынхаа бэлтгэлийг базаачих барилга, байгууламж, цас, мөсөн зам бидэнд байхгүй болохоор тэднээс өндөр ажилт хүсэх нь утгагүй. Сочийн өрсөлдөөний талбарт олимпийн 13 дахь медалиа авсан Норвегийн биатлонч Бьёрндален л гэхэд зөвхөн цаныг нь арчилж, тосолж байх үүрэгтэй бүхэл бүтэн баг дагуулж явдаг гэсэн. Тэд ийм бол бид ямар гэдгийг харьцуулаад ч хэрэггүй.

Өвлийн спортыг дэлхийд дээгүүрт үнэлэгдэх хэмжээнд хүрдэггүй юм гэхэд бүс нутагтаа өрсөлдөхүйц боломжийн төвшинд хүртэл хөгжүүлье гэвэл уг нь жилийн дөрвөн улиралтай, өвлийн улирал урт үргэлжилдэг, цас мөс ихтэй гээд халуун орны нөхцөл байдалтай харьцуулахад хамаагүй илүү боломж бидэнд бий.

Тэшүүрийнхээ улсын аваргыг хийхдээ цэнгэлдэхээ тойруулж, мөс тавьж бэлтгээд уралддаг, хоккей, уран гулгалт, кёрлинг гээд цэвэр тольгор мөснөөс хамааралтай спортыг тархинаасаа бараг арчаад хаячихсан болохоор бор зүрхээрээ зүтгэж яваа энэ спортынхноос амжилт хүснэ гэдэг үнэндээ ичгэвтэр хэрэг. Харин Сочийн олимп монголчуудад нэгийг бодогдуулах шиг боллоо. +15 хэмийн дулаанд өвлийн олимп зохион байгуулахын тулд оросууд тэнд ямар бүтээн байгуулалт хийснийг төрийн тэргүүнээс эхлээд салбарын сайд, удирдах төвшний эрхмүүд бүгд нүдээр хараад ирлээ. Үүнийхээ дүнд өвлийн спортыг хөгжүүлэх наад захын шаардлага болсон өвлийн спортын ордонтой болох асуудлыг Ерөнхийлөгч санаачилж, Засгийн газраас шийдвэр гаргалаа. Олон улсын стандартад нийцсэн “Өвлийн спортын ордон төсөл”-ийг Концессийн хуулийн дагуу “Барих-өмчлөх-ашиглах” концессийн төслөөр хэрэгжүүлэх гэнэ. Ямартай ч өвлийн спортын ордны сураг дуулдаж, анхан шатны шийдвэр цаасан дээр тамгалагдсан болохоор удахгүй бид гоё ордонтой болох нь.

Материаллаг бааз, техник хангамж талаасаа гадна боловсон хүчний асуудлыг ч орхигдуулж боломгүй. 2010 оны Ванкуверийн олимпод хамгийн тааруу амжилтаа үзүүлсэн хойд хөршийнхний гол асуудал нь дасгалжуулагч нарт байсан гэдэг. Ямар ч сонгон шалгаруулалт, хяналтгүйгээр, эрэл хайгуул хийлгүйгээр шигшээ багийн дасгалжуулагч нарыг томилсон нь түүхэн дэх хамгийн тааруу үр дүнгийн гол шалтгаан байсан гэж үзсэн тул оросууд Сочийн олимпод огт өөрөөр ханджээ. Ингээд Ванкуверийн олимпиор Канадын багийг бүрдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж ажилласан Кети Аллингер гэгчийг нутагтаа урьж. Тамирчдын нөөц бололцоо, чадавхи, чадамжийг тодорхойлохоос гадна тэр тамирчдыг бэлтгэх дасгалжуулагч нарыг сонгохдоо гол анхаарал хандуулжээ. Аллингер Оросын багт гаднаас 60 дасгалжуулагч, мэргэжилтэн авчрав. Тэдгээрийн тав нь аль нэг спортын төрлөөр шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллажээ. Цэвэр орос мэргэжилтнүүдээр удирдуулсан ганц баг болох хоккейн баг нь харин эх орныхоо дэвжээнд эрт бүдэрсэн. Олимпийн хөтөлбөрт багтсан спортын 15 төрлөөс хоккейг хасаад бусад 14 төрөлд Оросын тамирчдыг гадаадын 60 дасгалжуулагч бэлтгэсэн гэсэн үг. Уламжлал болтлоо тогтож хэвшсэн хуучин арга барилаас огт өөр, цоо шинэ удирдамжаар бэлтгэгдсэн болохоор Оросын тамирчид Сочийн олимпиос 13 алтан медаль хүртэж, багаараа тэргүүлж чадлаа. Гадны шилдэг дасгалжуулагч нарыг авчирч, тамирчдын бэлтгэл хангахад зориулж ОХУ-ын Засгийн газар 170 сая ам.доллар зарцуулсан тухай тус улсын Спортын сайд ярив. Үүнээс гадна “Газпром” Олимпийн хороондоо 130 сая ам.доллар хандивласны 48-ыг нь олимпийн багтаа зориулсан байна.

Улс орон спортдоо ингэж анхаарч байна. Төр, засгаас тодорхой бодлого баримталж, шаардлагатай хөрөнгө мөнгө зарцуулж, материаллаг болон оюуны хөрөнгө оруулалтыг ингэж хийж байна. Одоо бид хамгийн түрүүнд гаднаас дасгалжуулагч урьж, спортын төрөл бүр дээр тархиа цэнэглэх цаг нь болжээ. Гадагшаа тамирчдаа алдах биш авчирах тухай дотроо бодолтой суух үе нь ирсэн байна.

С.ЦЭЛМЭГ

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №051

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж