Ардын банкны ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2011.05.06-нд нийтлэгдсэн

Ардын банкны ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл манай оронд зочилж байгаа БНХАУ-ын Ардын банкны ерөнхийлөгч ноён Жоу Шиао Чуань тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.

Өнгөрсөн жилүүдэд дэлхий дахиныг хамарсан банк санхүүгийн хямралыг БНХАУ амжилттай давсан нь манай улсын эдийн засагт ч сайнаар нөлөөлснийг УИХ-ын дарга уулзалтын эхэнд дурдаад хоёр орны эдийн засаг, худалдаа гээд бүх талын харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжиж буй энэ үед төлбөр тооцооны зохицуулалт, үндэсний мөнгөн тэмдэгтүүдийн солилцоог боловсронгуй болгож, зохицуулалтын зөв механизм бүрдүүлэх нь чухал байгаа юм. Энэ үндсэн дээр хоёр орны Төв банкны удирдлагууд уулзаж гэрээ хэлэлцээр байгуулан дугуй ширээний ярилцлага зохиож арга туршлагаа солилцож байгаа нь чухал ач холбогдолтойг онцлов. Мөн манай банкныхны хувьд та бүхнээс сурах, судалж мэдэх зүйл их байгаа, иймээс манай банк санхүүгийн ажилтнуудын мэдлэг ур чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэдэгт найдаж байна гэдгээ илэрхийлэв.

    Ноён Жоу Шиао Чуань хэлэхдээ, Төв банкны гол үүрэг нь валютын зохицуулалтыг оновчтой байлгаж, санхүүгийн хямралаас хамгаалах, түүнчлэн бодит эдийн засгийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт, худалдаанд хэрхэн дэмжлэг үзүүлэхэд чиглэгддэг. Энэ чиглэлээр хоёр орны Төв банкны удирдлагууд уулзаж саналаа солилцсоны зэрэгцээ үндэсний мөнгөн тэмдэгтүүдийг харилцан солилцож байх хэлэлцээрт гарын үсэг зурсан нь санхүүгийн тогтвортой байдлыг хангах, бодит эдийн засгийг дэмжихэд чухал ач холбогдолтой алхам болсныг онцлов. Мөн хоёр талын дугуй ширээний уулзалтын үеэр хоёр орны эдийн засаг, худалдаа, аялал жуулчлалын салбар, санхүүгийн төлбөр тооцооны асуудалд хэрхэн дэмжлэг үзүүлэх тухайгаа ярилцах гэж байгааг дурдав.

     УИХ-ын дарга бодит эдийн засгийг сэргээхэд банкны байгууллага чухал үүрэгтэй гэдэгтэй санал нэгтэй байгаагаа хэлээд цаашдаа доллар, юанийн ханш ямархуу байх төлөвтэйг сонирхоход Хятадын Ардын банкны ерөнхийлөгч “Энэ асуудлыг талууд судалж байна. Ихэнх хүмүүс дэлхийн эдийн засаг олон тулгууртай болж буй энэ үед аль нэг төрлийн төлбөрийн хэрэгсэл давамгайлах нь зохистой бус гэж үзэх хандлага байна. Долларын ханш тогтвортой бус байгаа ч одоохондоо үүнээс илүү тогтвортой хэрэгсэл олоход хэцүү юм. Энэ нь урт удаан хугацааны шинэчлэл хийх асуудал юм” гэсэн хариулт өгөв.

    Уулзалтад УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваа, УИХ-ын даргын зөвлөх Д.Даваасамбуу, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, албаны бусад хүн байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
                        

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж