Хуучирсан мэдээ: 2014.03.06-нд нийтлэгдсэн

MOSHEA эгнээгээ тэлэв

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга асан Д.Батбаатарын санаачилгаар Монголын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчны нийгэмлэг /MOSHEA/ энэ оны эхнээс үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчинд тавигддаг наад захын стандарт, шаардлага хэрэгжихгүй байгаа өнөө үед энэ чиглэлээр салбартаа туршлагатай хүмүүс нэгдэн уг нийгэмлэгийг байгуулсан байна. Өнөөдөр тус нийгэмлэгт элсэж хамтран ажиллах сонирхолтой хүмүүсийн ээлжит цугларалт болж, цаашид хэрхэн ажиллах талаараа санал бодлоо солилцсон юм.

MOSHEA нь уул уурхай, барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны стандарт, шаардлагыг мөрдүүлэх, эрүүл ахуйн горимыг хангуулах, байгаль орчныг хамгаалах чиглэлээр төрийн байгууллага, хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллаж, сургалт, зөвлөгөө өгч, судалгаа хийх юм байна. Мөн энэ нийгэмлэгийнхэн удахгүй Эрдэнэт хотод болох хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны асуудлыг хөндсөн форумд оролцох бөгөөд аж үйлдвэрийн гавьяат ажилтан н.Балжинням тэргүүтэй салбартаа танигдсан, туршлагатай зөвлөхүүдтэй хамтарч ажиллах ажээ.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж