Ерөнхийлөгч сэтгүүлч Б.Эрдэнэцогттой уулзав

Хуучирсан мэдээ: 2014.03.06-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч сэтгүүлч Б.Эрдэнэцогттой уулзав

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр “Шинэ дэлхий” телевизийн сэтгүүлч Б.Эрдэнэцогтыг, ээж Б.Баасанжаргалынх нь хамт хүлээн авч, уулзлаа. Одоогоос зургаан сарын өмнө сэтгүүлч Б.Эрдэнэцогт элэгний хүнд өвчнөөр өвдөн нэн яаралтай элэг солиулах хагалгаанд орох шаардлагатай болж, мэргэжил нэгт нөхдүүд нь хандив цуглуулах аян өрнүүлснээр өнөөдөр ийн эрүүл саруул болжээ. Тэрээр өөрт нь мэргэжил нэгт андуудын нь нэгэн адил чин сэтгэлээсээ хандив өргөсөн төрийн тэргүүнтэй уулзах хүсэлт тавьсан юм байна. 

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Б.Эрдэнэцогтод хандан “Хагалгаа амжилттай болж, ээжтэйгээ хамт суугааг нь харахад сайхан байна. Монголчууд олуулаа нийлээд бие биедээ тус хүргэх боломж байгааг Эрдэнэцогтын жишээ харууллаа” гэсэн юм.

Сэтгүүлч Б.Эрдэнэцогт хүнд өвчинд шаналж байхад нь тус дэм болсон хүмүүсийн нэг Ерөнхийлөгчдөө талархал илэрхийлээд, сар шинийн өмнөхөн  эхо-д харуулахад элэг нь ургаж гүйцсэн тухай ч ярилаа. Тэрээр Улсын клиникийн нэгдүгээр эмнэлгийн эмч н.Туулын хяналтад байгаа бөгөөд “Ажилдаа орж болно” гэсэн зөвшөөрөл авчээ.

Төрийн тэргүүн хагалгааг амжилттай хийсэн Энэтхэг эмчийн тухай лавлаад “10 гаруй монгол хүнд элэг суулгах мэс заслыг амжилттай хийлээ гэж дуулсан. Их сайхан буянтай эмч шиг байна” хэмээсэнд Б.Эрдэнэцогт “Намар намайг хагалгаанд ороход 15 дахь монгол өвчтөн нь болж байсан. Түүнээс хойш 10-аад хүнд мөн элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн. Хагалгааны төлбөрөө мөн бууруулсан” гэлээ.

Манай улсад нярай хүүхдүүдийн дунд цөсний сувгийн битүүрэл өвчин зонхилох хувийг эзлэх болжээ. Тиймээс сэтгүүлч Б.Эрдэнэцогт дээрх төрлийн өвчнөөр өвдөж байгаа хүүхдүүдэд туслах сан байгуулах зорилготой байгаагаа уламжилсан юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Их зөв санаачилга байна, төрийн зүгээс дэмжих асуудлыг нь дэмжиж өгнө. Нэлээд хэдэн жилийн өмнө “Итгэл-Хавдаргүй Монгол" үндэсний сангийн шугамаар Япон улсаас гемодиализын 10 аппарат оруулж ирж, Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэгт суурилуулж, эмч нарыг нь хоёр удаа сургалтад Япон руу явуулж байсан. Их хэрэг болж байгаа. Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийг мөн л “Итгэл-Хавдаргүй Монгол" үндэсний сангийн шугамаар амьсгалын аппараттай болгосон. Хүүхдийн амийг амьсгалын аппарат авардаг юм. Хүүхэд маань өвдөөд Эх нялхаст очиж хэвтэхэд түүнийг мэдэрсэн” хэмээв.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч өөрөө мөн нурууны мэс засалд орж магадгүй тухайгаа хэлсэн юм.      
                       

Г.ДАРЬ


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж