
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хоёр дахь суваг нь оюутнууд руу чиглэнэ. Хөдөлмөрийн яам нь Монголын Залуучуудын холбоотой хамтран өнгөрсөн жил 1500 оюутныг зуны амралтаар нь ажилтай байлгаж, цалинжуулсан. Оюутандаа ч хэрэгтэй улсдаа ч хэрэгтэй арга хэмжээ болсон тул хүрээг нь өргөтгөж 10 мянган оюутныг ажлын байраар хангах зорилго тавьсан байна. Энэ хүрээнд хуульд өөрчлөлт оруулах асуудал ч хөндөгдөх аж. Мөн их, дээд сургуульд суралцаж дээд боловсрол эзэмшихээс илүүтэй мэргэжилтэй ажилтны хэрэгцээ Монголын хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлттэй байгаа тул ирэх дөрөвдүгээр сард Хөдөлмөрийн яамнаас мэргэжилтэй ажилтан болохоор бэлтгэгдэж байгаа залуусын төлөөлөл оролцсон томоохон арга хэмжээг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөгдсөнийг Ерөнхий сайд онцоллоо.
Түүнчлэн энэ сард “Буянт-Ухаа-1” хорооллын орон сууцанд орох иргэдийн бүртгэлийг ТҮЦ машинаар авахаар ТОСК шийдвэрлэсэн. Энэ сард багтаан шаардлагатай бүхий л мэдээллийг ТҮЦ машинаас хэвлэж авах боломжийг бүрдүүлнэ гэж Ерөнхий сайд хэллээ. Мөн аймгийн төвүүдэд орон сууц худалдаж авах иргэдэд 8 хувиас бага хүүтэй зээлд хамруулахаар судалгаа хийж байна, энэ сард эцэслэнэ гэлээ.
Уран ашиглалтын талаар Засгийн газар ямар бодлого баримтлаж байгааг сэтгүүлч асуулаа. Ураны хайгуулын лицензтэй компаниуд бий. Харин ашиглалт, олборлолтын лицензтэй ганц ч компани байхгүй гэдийг Ерөнхий сайд мэдэгдлээ.
Монголд ургасан төмс, хүнсний ногооноос хорт бодис илэрсэн гэсэн мэдээллийн тухайд “Эх орныхоо хөрсөнд ургасан төмс хүнсний ногоогоор дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангадаг болох гэж хичээж байгаа энэ үед ийм мэдээлэл цацагдсанд харамсч байна” гэлээ. Сурагчдын дүрэмт хувцсыг үндэсний үйлдвэрүүдэд оёж эхлэхэд мөн ийм мэдээлэл цацаж байсан. Хүнсний ногооноос хорт бодис илэрсэн талаар мэргэжлийн байгууллагаар шалгуулсан. Энэ мэдээлэл үндэслэлгүй болохыг шинжилгээгээр баталсан гэлээ.