Зүрхний эмч нарыг цэнэглэв

Хуучирсан мэдээ: 2014.03.06-нд нийтлэгдсэн

Зүрхний эмч нарыг цэнэглэв

Дархан-Уул аймгаас мэдээлж байна.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын “NSD and SHAP” хөтөлбөрийн  хүрээнд, доктор Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэргэжлийн эмч нарын баг Дархан-Уул аймагт ирж, “Зүрхний шигдээс өвчин, тархины цус харвалтыг анагаах эмнэл зүйн цогц үйлчилгээ” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтанд улсын болон хувийн хэвшлийн 60 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцов. 

Зүрхний эмч нарт, мэдрэлийн төвийн эрхлэгч, их эмч  Ж.Ариунаа, зүрхний шигдээсийн тасгийн эрхлэгч Ч.Гэрэлтуяа, сэргээн засах тасгийн эрхлэгч Д.Урангэрэл нар хичээл зааж, зүрхний шигдээс, тархины цус харвалтын оношилгоо, эмчилгээ, яаралтай тусламжийн үйлчилгээ,  урьдчилан сэргийлэх арга хэрэгсэл, сэргээн засал гэсэн сэдвүүдээр онол арга зүй, мэргэжил ур чадварын  дадлага олгох  цогц хэлэлцүүлэг  өрнүүллээ. Сургалтын нээлтэнд,  Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Чүлтэмбат оролцож,  зүрх, тархи, мэдрэлийн эмч нараа  чадваржуулахад  аймаг, орон нутгаас дэмжиж  ажиллахаа илэрхийлэв. Аймгийн Эрүүл Мэндийн Газрын сургалтын мэргэжилтэн  Ж.Наранцэцэг  хэлэхдээ “- Энэхүү сургалтаар, Дарханы зүрх, мэдрэлийн эмч нарыг шинэ мэдлэг, арга чадвараар цэнэглэлээ. Ихээхэн хурдацтай өсөж байгаа зүрх судас, тархи мэдрэлийн өвчин, хүндрэлээс  сэргийлэх, эрт үеийн яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлэхэд  эмч мэргэжилтнүүд сүүлийн үеийн анагаахын ололт  мэдээллийг олж авч чадлаа”  гэж үнэллээ.

                                О.ХИШИГСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж