
Монголчууд жалга довны үзэл ихтэй. “Манай аймаг, манай сум, нутгийн зөвлөл” гэж ирээд багагүй нутаграх нь бий. Гэхдээ арай ч увс хүн, завхан хүн, хөвсгөл хүн, хэнтий хүн, дорнод хүн гэж ялгарахдаа тулаагүй баймаар. Гэтэл сүүлийн үед цахим ертөнцөд Увс хүн гэдэг тодорхойлолт багагүй шуугиан тариад байгаа. Увс хүн гэхээрээ заавал манлайлагч байх ёстой гэнэ. Номд зааснаар бол увс хүн байлдан дагуулагч болохгүй бол увс хүн гэдэг тодорхойлолтоосоо татгалзах ёстой ч юм уу даа, уншиж үзээгүй болохоор мэдэхгүй байна. Ямар ч байсан “Увс хүн” гэдэг ойлголт XXI зууны хамгийн шилдэг, хамгийн дэлгэрэнгүй онигоо болоод байгаа. Увс аймгийнхан хүртэл эл номоосоо ичих болсон гэнэ лээ.
Элэг доог болсон энэ номыг хэн нэг зохиолч өөрийнхөө хүсэлтээр гаргачихаагүй бололтой юм. “Увс хүн хөгжлийн хөтөч загвар” ном гаргах шийдвэрийг 2010 аймгийн ИТХ-аас гаргасан бололтой. Увс хүн хөгжлийн хөтөч, загварыг боловсруулах ажлын хэсэгт доктор Ц.Дэмбэрэл, түүхийн ухааны доктор На.Сүхбаатар, академич Ч.Авдай, дархан аварга Х.Баянмөнх, хүн судлаач доктор Ж.Батсуурь нар багтсан байдаг гэнэ лээ шүү. Увс, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь гээд алт аймагт төрсөн нь хамаагүй бид бүгдээрээ монгол хүн баймаар.
О.САР