
Аваргын төлөө Монголын хамгийн арвин түүхтэй багууд болох “Сүхбаатар SBL Хасын Хүлэгүүд” болон “УБ Альянс Тех ШУТИС-н Харцага” багууд шалгаран үлдээд байгаа. Эдгээр багууд хоёулаа арав гаран жилийн түүхтэй, тогтмол плэй-оффт шалгарч байсан багууд юм. Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн түрүүг “Харцагууд” дөрвөн удаа, “Хүлэгүүд” гурван удаа хүртэж байжээ. Өчигдөр ч хоёр багийн хөгжөөн дэмжигчид Спортын төв ордонг дүүргэж, туг далбаагаа мандуулсан байлаа. Энэ улирлын плэй-оффын эхний шатанд “SBL Хасын Хүлэгүүд” баг “Баянгол Гурван Тамир” багийг буулган авсан бол, “Альянс Тех Харцага” баг өнгөрсөн улирлын аварга “Дорнод Танан Гарьд” багтай тун хүнд цуврал хийж, 4:2-ын харьцаатай буулган авсан.
Мөн Үндэсний “Супер лиг”-ийн “Улирлын Үнэ цэнэтэй тоглогч”-оор “SBL Хасын Хүлэгүүд” багийн довтлогч Б.Билгүүн тодорч, өчигдөр тоглолтын өмнө шагналаа гардан авлаа. Б.Билгүүн энэ улиралд 20,7 оноо, 9,1 самбараас бөмбөг авалт, 3,9 оновчтой дамжуулалт, 2,5 бөмбөг таслалт, 2,3 блок шот дунджилж, тун жигд үзүүлэлттэй гаргажээ.
Өчигдөр болсон аваргын төлөөх цувралын эхний тоглолтонд ч Б.Билгүүн тун сайн тоглолоо. Тэрээр 33 оноо, 6 самбар, 4 бөмбөг таслалтаар багаа тэргүүлсэн байна. Мөн улирлын шилдэг 6 дахь тоглогч А.Бямбадорж тун олон минутыг талбай дээр өнгөрүүлж, 20 оноо, 6 самбар авсан бол, төвийн тоглогч Чу Мадуабум хамгаалалтанд найдвартай байж, 11 оноо, 12 самбар, 3 блок, Horace Bond 10 оноо, 17 самбар, Т.Санчир 11 оноо, О.Сэргэлэн 2 оноо, 5 самбар, 9 оновчтой дамжуулалт хийжээ. Ингэснээр тоглолтын эхнээс Хүлэгүүд санаачлагыг гартаа авч тоглосон бөгөөд тэдний урагшаа шахсан хамгаалалт амжилттай хэрэгжсэн.
Харин Харцагууд тоглолтын эхний хагаст тун тааруу тоглож, олон бөмбөг алдалт хийсэн. Харцагуудаас энэ тоглолтонд багийн ахлагч Б.Одбаяр 19 оноо, 15 самбар, П.Болортулга 17 оноо, 9 самбар, Marcus Hammonds 12 оноо, 4 самбар, 4 бөмбөг таслалт, Г.Баттөр 12 оноо, 4 самбар, 6 оновчтой дамжуулалт, О.Золзаяа 12 оноо, 6 самбар, 4 оновчтой дамжуулалт, Б.Дорждамба 10 оноо, 8 самбар авчээ. Гарьдуудын эсрэг цувралд сэтгэл зүй тун өндөртэй баг гэдгээ харуулж чадсан Харцагуудын тоглолт завсарлагааны дараагаар, тоглолтын сүүлийн хагаст сэргэсэн байлаа. Тэд тоглолтын сүүлийн хагаст оноог тэнцүүлэх оролдлогыг хэд хэдэн удаа хийж, 6 оноо болтол нь ойртуулж чадсан. Гэсэн ч Хүлэгүүд, тэр дундаа Б.Билгүүн холын зайн шидэлтээр оноог холдуулж байснаар, цувралын эхний тоглолтонд 94:85-ын харьцаатай хожлоо. Цувралын хоёр дахь тоглолт маргааш буюу баасан гаригт 19:00 цагаас Спортын төв ордонд болно.


