Ц.Нандигжав: Н.Төгсцогтын шийдвэрт харамсч байна

Хуучирсан мэдээ: 2014.03.06-нд нийтлэгдсэн

Ц.Нандигжав: Н.Төгсцогтын шийдвэрт харамсч байна

Монголын спортын ертөнцөд энэ долоо хоногт нэгэн дуулиан тархсан нь олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн бокс руу “урвасан” тухай мэдээлэл юм. Энэ талаар Дэлхийн боксын холбооны гурван одтой шүүгч ОУХМ Ц.Нандигжавтай ярилцлаа.

-Н.Төгсцогт гавьяат маань мэргэжлийн боксын рингэнд тулалдах гэнэ. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Н.Төгсцогт өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Мэргэжлийн бокст тулалдах нь миний чин хүсэл” хэмээн ярьж байсан. Тэр таамаг хэдхэн хоногийн өмнө батлагдлаа. Түүнийг урьсан “Топ Ранк” компанийн ерөнхийлөгч Боб Арум нь дэлхийд зартай мундаг промоутер юм билээ. Н.Төгсцогт мэргэжлийн бокст амжилт гаргах эсэх нь эхний тулаанд ямар учраатай тулалдахаас хамаарах байх. Түүнчлэн түүний чансаа жиндээ хэдэд эрэмбэлэгдэж байгаа нь бас чухал.

-Хэдхэн хоногийн өмнө боксын шигшээ багийн тамирчид “Олимп” баазад бэлтгэлд гарсан гэж дууллаа. Гэтэл гавьяат маань Америкт байгаа юм байна?

-Монголын боксын шигшээ багийн гол найдвар мэргэжлийн бокст тулалдах болсон нь бидэнд учирсан том гарз. Түүний туршлагаас цаг тутамд суралцаж байдаг залуу боксчдод ч ялгаагүй. Тэр 2016 оны олимпийн хамгийн гол найдвар нь байлаа. Боксын шигшээ баг ч гэлтгүй үндэсний шигшээ баг, ард түмэн бүгд л түүнд итгэж байсан.

-Н.Төгсцогт 2013 оны дэлхийн аваргын рингэнд доогуур даваанд дийлдсэн. Магадгүй сонголтоо өөрчлөх гол шалтгаан нь энэ байж мэдэх талтай?

-Би тэгж бодохгүй байна. Н.Төгсцогт 2016 оны олимпоос алтан медаль авах бүрэн боломжтой. Гаднын мэргэжилтнүүд энэ талаар надтай санал нэгддэг. 56 кг-ын жинд хол тасархай байгаа ганцхан тамирчин бол Н.Төгсцогт. Дэлхийн аваргад ялагдсан нь түүний амжилтын замд өчүүхэн ч нөлөө үзүүлэхгүй болов уу. Магадгүй бэлтгэл сургуулилтын тооцоо алдаж, жин өгсч, дуулгагүй тулалдсан нь ялагдахад нөлөөлсөн байх. Би бодохдоо Н.Төгсцогтын бэлтгэл цөмөрсөн юм болов уу гэж дүгнэж байна. Түүнээс биш гавьяат маань бэлтгэл тасална гэж байхгүй, ясны сайн тамирчин. Тэр өөрийнхөө байх ёстой газрыг мэдрэх нь чухал. Мэргэжлийн бокс руу ороход оройтохгүй шүү дээ. Одоо тэр 22 настай. Түүний өмнө олимп, дэлхийн аваргын тэмцээн хамгийн чухал юм. Н.Төгсцогт Монголын боксын гол брэнд. Бид брэнд болсон тамирчнаа дэндүү эрт мэргэжил рүү явуулчихлаа. 2016 оны олимпоос алтан медаль хүртээд, дэлхийн аваргаас мөн ганц медаль зулгаасан бол мэргэжлийн боксын зах зээлд их өндөр үнэ хүрэх байлаа. Ер нь мэргэжлийн боксын промоутерууд өндөр цол гуншинтай тамирчдыг их спорт руу оруулахдаа гайгүй мөнгө санал болгодог. Тэдний хөгшин залуу байх нь хамаагүй. Хамгийн гол нь спорт сонирхогч баячуудын хүсэл эрмэлзлэлийг гижигдэх дайтай хүн байх нь чухал.

-Ид амжилттай яваа тамирчныг сонирхогчдын рингээс буулгаж авах гэсэн бодлого олон оронд байдаг байх даа?  

-Орчин үед спортыг улс төр, бизнесийн судас хэмээн ойлгох болж. Эдийн засагчид ч үүнийг батлана. Спортын салбарын бизнес дэлхийд эхний тавд багтддаг гэнэ лээ. Энэ утгаараа бид тамирчдаа мэргэжлийн спорт руу бодлоготойгоор оруулах ёстой. Бид өнгөрсөн хугацаанд олон тамирчнаа гаргуунд нь тавиад туусан улс шүү дээ. 1995 онд гавьяат Д.Лхагва, ОУХМ Ю.Дима, Г.Баяртогтох, н.Зориг, н.Нэмэхбаяр нар мэргэжлийн бокс руу орсон түүхтэй. Зарим нэгнийх нь амжилтыг эс тооцвол тэд гар хоосон ирсэнийг би санаж байна. Дэлхийн аварга цолыг хоёр удаа хамгаалсан гавьяат тамирчин Д.Лхагвааг мэргэжлийн рингэнд дуудахдаа өнөөх мэргэжилтнүүд нь ялалт болгонд нь 150 мянган ам доллар өгнө гээд гол гаргасан. Тухайн үеийн ханшаар бодоод үзэхэд ямар их мөнгө байв.

-2005 онд манай дөрвөн тамирчин мэргэжлийн бокст хөл тавьсан гэдэг. Тэд бас хулхидуулсан уу?

-ОУХМ О.Батхүү, н.Баянмөнх, Г.Бадрах, н.Отгонбаяр нарын шилдэг тамирчид Америкийг зорьсон. Тэд тухайн үед Ази тивдээ тасархай мундаг боксчид байлаа. Цаашлаад олимп, дэлхийн аваргаас медаль хамах гол найдварууд байсан юм. Энэ мэтчилэн олон сая төгрөгийн хулхи дуудлагаар алтан цагаа хий дэмий үрэх вий. Дээр дурдсан боксчид олимп, дэлхийн аваргаас медаль авах ур чадвартай хүмүүс байсан шүү. Би мэргэжлийн боксыг муу хэлэх гээгүй. Хамгийн гол нь зуучлагч компаниа зөв сонгох ёстойг анхааруулж байна.

-Шинэчилсэн дүр­мээр мэргэжлийн боксын тулаанд 15 ялалт авсан боксчин олимп, дэлхийн аваргын тэмцээнд оролцохгүй гэсэн дүрэмтэй. Тэгэхээр Н.Төгсцогт 2016 оны олимпод оролцож болно гэсэн үг үү?

-Мэргэжлийн бокст тулалдсан тамирчин сонирхогчдын рингэнд хэсэг хугацаанд гарах эрхгүй байдаг. Тэгэхээр манай тамирчин олимпийн эрх авах тэмцээн, олон улсын тулаанд өнжиж таарна. Энэ хэрээр форм алдах сул талтай. Яахав сонирхогчдын рингээс мэргэжлийн бокс руу ороод богино хугацаанд амжилт гаргасан мундаг тамирчид байдаг л юм. Тухайлбал 1976 оны Монреалийн олимпийн аварга Леон Сфингс Мухамед Алиг мэргэжлийн боксын дэлхийн аваргад ялж “хаан” титмийг авсан.
 
-Мэргэжлийн бокст 56 кг-ын жинд Н.Төгсцогттой өрсөлдөх туршлагатай тамирчдаас нэрлэвэл?

-Бээжингийн олимпод хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууганд ялагдсан Лондоны олимпийн мөнгөн медальт Невэн Жон хэдхэн хоногийн өмнө эхний тулаандаа ороод ялсан байна лээ. Сүүлийн үед боксчид мэргэжлийн боксын лиг рүү хошуурах боллоо. Энэ нэг талаараа зөв. Яагаад гэхээр тус лигт олон ялалт авсан бокчин олимпийн эрхээ давхар халаасладаг.    

Д.ЖАВХЛАН

"ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж