Венесуэль Панамтай харилцаагаа таслав

Хуучирсан мэдээ: 2014.03.06-нд нийтлэгдсэн

Венесуэль Панамтай харилцаагаа таслав

Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро Панам улстай дипломат харилцаагаа тасалж, эдийн засгийн хамтын ажиллагаагаа зогсоосон байна. Панам улсын зүгээс Америкийн орнуудын байгууллагад (OAS) Венесуэлд үүсээд буй хямралыг авч хэлэлцэх хүсэлт тавьснаас үүдэн хоёр орны харилцаа тасрахад хүрсэн аж. Панамын хүсэлтийн дагуу Америкийн орнуудын байгууллага өнөөдөр /III.6/ Гадаад хэргийн сайд нарын түвшинд хаалттай хуралдаанаар Венесуэлийн асуудлыг хэлэлцэхээр болжээ.

Николас Мадуро Панамтай харилцаагаа тасалж буйгаа өчигдөр /III.5/ тохиосон экс Ерөнхийлөгч Уго Чавесийг дурсах эхний жилийн ойн ёслолын арга хэмжээн дээр бусад Латин Америкийн орнуудын удирдлагчидтай уулзах үеэрээ мэдэгджээ. Венесуэлийн төрийн эрхийг 14 жил барьсан хувьсгалт удирдагч Уго Чавесийг дурсах ойн арга хэмжээнд Кубын Ерөнхийлөгч Раул Кастро, Уругвайн төрийн тэргүүн Хосе Мухика, Боливийн Эво Моралес нар хүрэлцэн ирсэн аж.

Харин Панамын Ерөнхийлөгч Рикардо Мартинелли Николас Мадуогийн гаргасан шийдвэрт гайхаж буйгаа илэрхийлж, “Панам нь зөвхөн ах, дүүгийн харилцаатай Венесуэл улсыг ардчилалыг хүчирхэгжүүлж, энх тайвныг тогтоох арга замыг олохыг хүссэн” хэмээн “Twitter”-тээ бичжээ.

Түүнчлэн Венесуэлийн нийслэл Каракас хотноо лхагва гаригт Засгийн газрын эсрэг жагсагчидтай зэрэгцэн Николас Мадурог дэмжигч улаан цамцтнууд жагсаал зохион байгуулж, түүний байрлаж буй цэргийн удирдлагын байрны эргэн тойронд цуглажээ. Харин сөрөг хүчин, оюутан залуусын тэргүүлсэн Венесуэлийн Засгийн газрын эсрэг тэмцэгчид Николас Мадурог огцрохыг шаардсан хэвээр байна. Венесуэлийн сөрөг хүчнийхэн инфляци, гэмт хэрэг, бараа бүтээгдэхүүний хомсдол нэмэгдсэнд эрх баригчдыг буруутган, огцрохыг шаардаж буй юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж