Монгол, Орос хоёр улсын залуучууд ахан дүүс мэт дотно нөхөрлөж ирсэн түүх бий. Сүүлийн жилүүдэд энэхүү харилцаа хөндийрснийг сэргээх анхны шанг МЗХ татсан байна. Тус холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат, Оросын Шинжлэх Ухаан, Соёлын Төв /РЦНК/-ийн захирал Е.Г.Михайлов нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Дээрх хоёр байгууллага монгол, орос залуучуудын нийтлэг эрх ашигт нийцсэн үйл ажиллагааг тогтмол явуулах, тэдний сонирхол, хувь хүний хөгжлийг дэмжих арга хэмжээнүүдийг зохиох, хоёр орны залуучуудын хооронд ойртон нөхөрлөх, соёлын солилцоо явуулах санал санаачлагуудыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахюм байна. Гэрээнд тусгаснаар Монголын нийгэм, улс төр, бизнесийн салбарын шилдэг залуучуудыг ОХУ-тай танилцах аяллын хөтөлбөрт хамруулах, орос хэлийг монголын хүүхэд, залуучуудын дунд түгээх зорилгоор улсын хэмжээний олимпиадуудыг улс орны хэмжээнд зохион байгуулахаар болжээ. Олимпиадад тэргүүн байр эзэлсэн хүүхэд, залуучуудыг ОХУ-д тэтгэлгээр суралцуулах эрх олгох ажээ.
Уулзалтын үеэр МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат Монгол-Оросын залуучуудын харилцаанд цаг хугацааны хувьд “царцанги” байдал үүссэн нь залуучуудын буруу биш харин зохион байгуулж манлайлах ёстой байгууллагын үйл ажиллагааны алдаанаас шалтгаалж буй гэдгийг хүлээн зөвшөөрч, МЗХ-ны зүгээс энэхүү алдсан цаг хугацааг нөхөх зорилгоор өөрсдийн үйл ажиллагааг улам эрчимжүүлэхээ амлалаа.
Энэ онд МЗХ-оос Халх голын ялалтын 75 жилийн ойн хүрээнд ”Ялалтын төлөөх бахархалын гал” залуучуудын экспедицийг хамтран зохион байгуулж, “Байкал-2020” залуучуудын зуны зусланд монгол залуучуудыг хамруулах зэрэг хэд хэдэн төсөл, хөтөлбөрийг Оросын талтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Д.ЦЭЭНЭ