Сэтгэлгээний гэгээвчээрээ сэнгэсэн агаар оруул

Хуучирсан мэдээ: 2014.03.06-нд нийтлэгдсэн

Сэтгэлгээний гэгээвчээрээ сэнгэсэн агаар оруул

Амралтын өдрөөр таширлаж байгаа Мартын наймнаар бүсгүйчүүдээ яаж баярлуулах вэ гэж бодож суугаа хүмүүст нэгэн мэдээ дуулгая. Дэлхийн театрын урлагийн хамгийн том төлөөллүүдийн нэг Эжен Ионескогийн “Сандлууд” жүжгийг Black Box театр гуравдугаар сарын 08-ны 20.00 цагаас тоглох гэж байна. Тасалбарын үнэ 20000 төгрөг бөгөөд театрын кассаар худалдаалж байгаа ажээ.

Агуу сэтгэгч Ионескогийн нэрийн хуудас болсон “Сандлууд”, “Хирснүүд” хоёр жүжиг хоёулаа Монголын үзэгчдийн хүртээл болох гайхамшигтай боломжийг Black Box театрын уран бүтээлчид олгож байна. Өнгөрөгч онд “Сандлууд” жүжиг нээлтээ хийсэн. Харин “Хирснүүд” жүжиг тун удахгүй тайзнаа амилна. Зорилгогүй хоосон амьдрал, үнэ цэнэгүй хүлээлт, утга учрын гэрэл дөнгөж гялсхийх агшинд болох эмгэнэлт төгсгөл гээд бидний амьдралыг дундуураас дүүрэн, хоосноос үнэ цэнэ рүү хөтлөх олон асуултыг эдгээр гайхалтай жүжгүүд танд тавих болно. Сэтгэлгээний гэгээвчээрээ сэнгэнэсэн агаар оруулах сайхан боломж.

1909 онд мэндэлсэн Эжен Ионеско 1940-50-аад онд хүчтэй давалгаалсан абсурд театрын хамгийн том төлөөлөгчдийн нэг. Өөрийгөө ямар нэг онол, ямар нэг изм-тэй холбож, ямар нэг хаяг шошго наах дургүй Ионеско бичсэн жүжгүүдийнхээ тухай тайлбарлаж ярихаас ямагт зайлсхийдэг байлаа. “Үзэгчид надаас зөв асуултыг асуутлаа тунгааж бодохыг л би хүсдэг” хэмээн тэр хэлдэг байжээ.

1952 онд тэрбээр “Сандлууд” жүжгээ бичин мөн оноо тайзны бүтээл болон үзэгчдэд хүргэсэн бөгөөд тухайн үедээ асар их шуугианыг тарьж, театр судлалын ертөнцөд “бөмбөг дэлбэлсэн” гэдэг. Тэр үеийн хамгийн нэр хүндтэй шүүмжлэгч Кеннет Тайнан энэ жүжгийн дараа Ионеског бодит байдал хийгээд театртай тэрслэгч, олон нийтийг мунхруулагч хэмээн нэрлэснээр шүүмжлэгч, судлаачдын дунд хоёр талцсан маргаан өрнөсөн байдаг. Тухайн үед зохиолч өөрөө “Ямар ч нийгэм хүмүүний уйтгар гунигийг арилгаж чадахгүй, ямар ч улс төрийн тогтолцоо биднийг амьд явах “зовлонгоос”, үхлээс зүрхшээх айдсаас, төгс төгөлдрийн төлөөх өлсгөлөнгөөс салгаж дийлэхгүй. Харин эсрэгээрээ хүмүүний энэ шинж чанарууд нийгмээ тодорхойлдог юм. Хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа хамгийн суурь зовлон юу вэ гэдгийг олохын тулд би өөрөөсөө энэ асуултыг асуудаг. Миний зовлон юу вэ, миний айдас юу вэ гэж. Тэгээд миний сэтгэлд хургасан тэр айдас бусдынхтай адил гэж бодож түүнийхээ тухай бичдэг. Тэр бол миний түнэр харанхуй ертөнц рүү очих зам. Тэр харанхуй ертөнцөө би өчүүхэн төдий боловч гэрэл асаахыг хичээдэг” хэмээн ярьж байжээ.

Харин 1960 онд “Хирснүүд” жүжиг нь тайзнаа тавигдсанаар Ионеско дэлхийн дахинд шуугиан тарьж, алдар суугийн оргилд эргэлт буцалтгүй гарсан билээ. Дуулиан тарьж зохиолчоо эцэс төгсгөлгүй маргааны бай болгосон “Сандлууд жүжиг нь 1998 онд Лондонгийн “Рояль” театрт тоглогдон гайхалтай амжилтад хүрсэн бөгөөд амжилтын энэ буухиа нь залгуулаад Америкийн Бродвейд үргэлжилсэн байдаг.

Б.ЦАЦРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж