Путин Баруунд “лекц уншив”

Хуучирсан мэдээ: 2014.03.06-нд нийтлэгдсэн

Путин Баруунд “лекц уншив”

Оросын ерөнхийлөгч Владимир Путин Ново Огарево дахь өргөөндөө сэтгүүлчдийг хүлээн авлаа.
Фото: ИТАР-ТАСС

Владимир Путин Украины сөргөлдөөний талаар анх удаа олон нийтэд байр сууриа илэрхийлэв. Путины яриаг Оросын шинжээчид хэрхэн дүгнэв?

“Даяарчлалын сонирхол” төвийн ерөнхийлөгч Николай Злобин (АНУ):

Путин эвлэрэнгүй өнгө аясаар ярьж, Украинд цэрэг оруулахыг зөвшөөрсөн Холбооны зөвлөлийн шийдвэрээс эхэлсэн драматизмын давалгааг намсгаж эхэллээ. Путины байр суурь нь Оросын зарим хэвлэл мэдээллийнхний мэдээлж байснаас ч илүү бодит байдалд нийцэж байв. Путин бол прагматик хүн. Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлыг онцолж байгаа нь чухал.

Путины хийсэн хэвлэлийн бага хурлын дараа Барууныхан арай чөлөөтэй амьсгаа авч, Украины эрх баригчид Москвад хэрхэн ойртох арга замаа бодох хэрэгтэй болж байна.

Яриа хэлцэл эхэллээ гэж хэлж болно. Жон Керрийг Киевт  ирсэн үеэр Путин хэвлэлийн бага хурлаа хийлгэлээ. Ийм маягаар Украин хоёр талаас, тодруулбал, Путинаас, Керригээс дохио авч байна. Оросын ерөнхийлөгч Обаматай бүх цогц асуудлыг ярилцахад бэлэн гэдгээ харуулж байна. Украины тухай, Сирийн талаар, Ираны тухай ч ярихад тэр бэлэн байна.

Улс төрийн технологийн төвийн нэгдүгээр дэд ерөнхийлөгч Алексей Макаркин:

Орос Украин дахь ажиллагаагаа өргөжүүлэхгүй гэсэн дохио өгч байна. Хэрэг явдлыг радикалжуулахгүй нь тодорхой боллоо. Путинтэй утсаар ярьсан Ангела Меркелийн зуучлалт гол үүрэг гүйцэтгэсэн байж болно. Урд өдөр нь Орос, Герман хоёр улсын  Гадаад хэргийн сайд нар уулзсан. Баруун ерөнхийдөө нэгдмэл байр суурьтай байгаа.

Гэхдээ Украины хямрал шийдэгдээгүй байна. Оросын Крым дэх хяналт цаашид ч байх болно. Харин Украины тал үүний эсрэг зогсох байх. Хэрэв Украин Хар тэнгисийн флотыг Крымд байх гэрээг цуцалбал бид Приднестрийг Молдавын хэсэг гэдгийг албан ёсоор хүлээн зөввшөөрдгөөс өөрөөр Абхазийн  замаар явж, Крымыг албан ёсоор хүлээн зөвшөөрч  болох талтай.

Хоёр асуудлыг харж байна. Нэгдүгээрт, Оросын иргэдийг сэргээх. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр янз бүрийн орнууд Оросыг муулж, Хятад хоёрдмол байр сууринд байсныг санаарай. Хоёрдугаарт, Украины асуудал. Бид Украины нийгэмлэгтэй хэрхэн харилцаагаа сэргээх вэ? Оросын Үнэн алдартны шашин Украины үнэн алдартнуудтай хэрхэн харилцах вэ? Илүүдэл зүйл байж болно. Гэхдээ Оросын армийн хээрийн сургууль дуусч, цэрэг хуарандаа буцаж байгаа мэдэгдэл, Украины шинэ засагтай холбоо тогтоох оролдлого зэрэг нь радикал хувилбараас холдож буйн гэрч боллоо.

Үр дүнтэй улс төрийн сангийн тэргүүн Глеб Павловский:

Путины ингэж ярихыг би ховорхон харсан. Түүний хэлсэн нэг өгүүлбэрт л олон санаа цухалзаж байсан. Орос нь хүмүүнлэгийн сонирхол, үндэсний агуулгатайгаар хөдөлж байна гэж Путин ярьж байна. Гэтэл тэр хоёр нь өөр өөр утгатай. Крымын өөрийгаа хамгаалах хүчний хороонуудад С-300 гэсэн пуужингийн хэдэн арван цогцолбор байгааг, мөн тэд цалин хөлс, тэтгэмж авдаггүйг  Путин мэднэ. Утгаараа бол тэр нь Хар тэнгисийн флотод том занал. Гэтэл ерөнхийлөгчийг тэр нь огт зовоохгүй байна. Украины ард түмэнд аюул учрахгүй бол цэрэг оруулахгүйг тэр хэлсэн. Гэтэл тэр Украины ерөнхийлөгч биш. Ийм олон зөрчилдөөн байгаа нь Путин хэрэг явдал хэрхэн өрнөх талаар тодорхой төсөөлөлгүйг харуулж байна.

Путины яриа дайныг хүлээж байсан хүмүүсийг тайвшруулах шиг боллоо. Үнэн хэрэгтээ бол дайны хүлээлт нь хиймэл байсан юм. Үнэн хэрэгтээ бол хувьсгалыг барих хэрэгсэл болгох гэсэн Путины зорилго байв. Ингэхдээ бусад орнуудыг Украины асуудалд татан оруулах гэсэн эрмэлзлээ илэрхийлсэн байж болох талтай.

Миний бодлоор, Путины байр сууриас хямралаас хэрхэн гарах арга замыг сонсоно гэж хүсч байсан барууны орнуудад Путин лекц уншлаа. Тэрээр “Украиныг орхихдоо” ялалттайгаар гарч явахыг хүсч байна.

Украины ирээдүйн хувьд ямар ч зүйлийг хэлж болно. Харин бид Яценюкийн Засгийн газар тогтнох уу? Тогтнохгүй бол хэн сонгуулийг явуулах вэ? гэдгийг ч хэлж чадахгүй. Хананд ихээхэн буу зэвсэг өлгөөтэй байгаа байх. Гэхдээ хэн нэгэн түүгээр битгий буудаасай гэж бурхандаа найдъя. Хамгийн түрүүнд хэлэлцээрийн ширээний ард суух хүмүүсийг олох хэрэгтэй биш үү.

Улс төрийн технологийн төвийн захиргааны дарга Борис Макаренко:

Путины ярианд гол мессеж гээд байх зүйл байхгүй. Учир нь Путин өөрийгөө зөвтгөөгүй, гэхдээ бас өөртөө итгэлгүй харагдлаа. Түүний яриандаа гаргасан алдаа ихээхэн хэлбэлзэлтэй байв. Тухайлбал, спикер Сергей Нарышкиныг тэр Засгийн газрын тэргүүн гэлээ. Сүүлийн өдрүүд түүнд хүндхэн байсан нь үүнээс мэдэгдэж байна.

Оросын ерөнхийлөгч ярианыхаа зөрчилдөөнд тэр болгон баригдаад байдаг хүн биш. Хэвлэлийн бага хурал түүнд амархан байсан. Нэг талаасаа тэр Украины хувьсгалын асуудлаар ямар нэгэн гэрээ хэлцэлд баригдаагүй гэж байв. Нөгөө талаасаа Засгийн газарт Украины түншүүдтэйгээ хамтран ажиллах үүрэг өгсөн гэж байв. Мөн тэрээр сонгууль шударга явагдвал үр дүнг нь хүлээн авна гэдгээ хэллээ.

Цаашид хэрэг явдал хэрхэн өрнөхийг хэлэхэд хэцүү. Төгсгөл нь муу байж ч мэднэ. Путин Крымыг нэгтгэхгүй гэдгээ хэлсэн. Өнөөдрийн Путины ганц ололт нь Крымд Киевээс илүү хяналт тогтоож чадсанд оршино. Цаашид Оросын нөлөө Крымд өндөр байх нь ойлгомжтой боллоо. Харин манай харилцаа баруунтай эрс муудлаа. G8 саммитийн хувь заяа тодорхойгүй байна. Еволпын холбоотой визгүй зорчих хэлэлцээр зогсоод байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж