Жон Керри Майданд очлоо

Хуучирсан мэдээ: 2014.03.06-нд нийтлэгдсэн

Жон Керри Майданд очлоо

-АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Киевт очиж, Украинд эдийн засгийн тусламж үзүүлэхээ амлав-

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мягмар гаригт Украины нийслэлд очиж, Майданы амь үрэгдэгсдийн дурсгалд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Тэнд цугласан хүмүүс өөрсдийгөө хэт даврагсад биш хэмээн АНУ-ын Гадаад албаны тэргүүнд илэрхийлж байв. Украинд очоод буй Жон Керрид зориулсан тусгай хамгаалалт байхгүй байна. Англиар ярьдаг арваад бие хамгаалагч л АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын замыг “чөлөөлж” байжээ.

Хоёрдугаар сарын 18-20-нд хамгийн ширүүн тулаан болсон Киевын Институтын гудамж цэцгээр дүүрчээ. Мянга мянган хадаасан цэцэг, сарнай.  Нэгэн ахимаг насны эмэгтэй цэцгийн боолтыг тайлж, унтарсан зулыг асаах аж.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Украины шинэ удирдлагатай уулзахын өмнө “Тэнгэрийн зуут”-ын дурсгалын газарт хүндэтгэл үзүүлсэн байна. Одоогоор амь үрэгдэгсдийн дурсгалын түр  цогцолборыг бий болгожээ. Амь үрэгдсэн хүмүүсийн тоо одоогийн байдлаар 98 гэгдэж байна.

АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч асан хэрэг явдлыг ажиглаж байсан эмэгтэйчүүдтэй очиж, мэндлэв. Энгийн хувцастай нэгэн эмэгтэй Төрийн нарийн бичгийн даргад хандан  «Бид хэт даврагчид биш ээ, бид энгийн амьдрахыг хүснэ» хэмээн нүдэндээ нулимстай ярьж байна. Тэр хариуд нь толгой тохиод  «I understand!» хэмээн хариулжээ.

Керри дурсгалын цогцолборт очих замдаа хамгаалтын байгууламжуудыг анхааралтай харж, амь үрэгдэгсдийн зургийн дэргэд түр саатжээ. Зургууд зам дээр, модонд өлгөөтэй. Хэн нэгэн «Слава Украине! Слава США!» (Украины алдар бадартугай! АНУ-ын алдар бадартугай!) хэмээн хашгирах нь сонсогдов.

Керрид ямар нэгэн юм тайлбарлаж байсан эмэгтэйтэй ярилцлаа. Мария нэртэй тэр эмэгтэй Чернигов мужаас иржээ. “АНУ, ЕХ зоримог биш байсан. Януковичтай хатуухан ярих байсан юм. Тэгсэн бол ийм хохирол гарахгүй л байлаа” хэмээн тэр хэлсэн гэнэ.

Керрийн хамт амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэхээр Украины шашны төлөөлөгч нар ирцгээжээ.  Керри цэцэг тавиад эргэх замд нь нэгэн ахимаг насны эмэгтэй тосч аваад авлигын тухай ярьж, өөрийн авч байгаа тэтгэвэрээр амьдрах аргүйг хэлээд “Тэтгэвэрийг нэм” гэж дээш нь дамжуулж хэлэхийг хүсэв.

Майданд очсоноос хэдэн цагийн дараа хэвлэлийн бага хурал хийлгэхдээ АНУ ба түүний холбоотнууд Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө байгаа гэдгийг Керри хэлэв.  Мөн тэрээр нэг тэрбум ам.долларын зээлийн баталгаа гаргахаар ажиллаж байна хэмээн хэлэв. Бид Украинд туслах ажиллагаанд Олон улсын валютын санг татан оруулж байна гэж Керри хэллээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж