Энэ удаагийн “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” буландаа “Ардын эрх”, “Өдрийн сонин”, “news.mn” сайтад парламентын сэтгүүлчээр ажиллаж байсан сэтгүүлч Д.Оюунцэцэгийг урилаа. Улс орны хөгжилд хүн бүр л тодорхой хэмжээгээр оролцох ёстой. Гэхдээ сэтгүүлч хүний оролцоо бусдаас хэд дахин илүү байх ёстой юм.
Тиймдээ ч ирэх тавдугаар сарын 3-ны өдөр тохиох Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтаж жирийн сэтгүүлчтэй хөгжлийн тухай ярьсан минь энэ. Одоо тэрбээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах албанд ахлах ажилтнаар ажиллаж байгаа юм.
-Улс орны хөгжил гэдгийг хүн бүр янз бүрээр тайлбарладаг. Мэргэжил мэргэжлийнхээ хүрээнд сэтгэдэг. Тэгвэл сэтгүүлч хүний хувьд улс орны хөгжил гэж юу вэ?
-Хүн хөдөлж л байвал улс орныхоо төлөө гэж боддог юм, би. Хэрвээ нийгэмд тустай л ямар нэгэн ажил эрхэлж яваа бол шүү дээ. Түүнээс биш улс орны төлөө гэхээр л нэг их том бизнес эрхлээд, том төсөл боловсруулахын нэр биш. Мэдээж тэр улс орны төлөө хийж байгаа ажил мөн.
Гэхдээ хүн болгон нийгэмд ямар нэгэн үйлийг өдөр тутам хийж л байгаа бол улс орны хөгжилд хувь нэмрээ оруулж байна л гэсэн үг. Бидний эгэл жирийн хүмүүсийн дунд орохоос эхлээд Их хурлын танхимд сууж байгаа хүмүүстэй уулзаж, ярилцаж яваа маань ч гэсэн улс орныхоо төлөө хийж байгаа ажил.
Яагаад гэвэл тэдний эх орныхоо төлөө хийж байгаа сайн үйлсийг сурталчилж яваа. Болохгүйг нь болгоомжлуулж байгаа. Энэ бол сэтгүүлч бидний улс орны хөгжилд оруулж байгаа хувь нэмэр. Ер нь бол сэтгүүлч хүн нийгмээсээ түрүүлж алхах ёстой юм. Дандаа л цаг үеийнхээ өмнө алхаж явах ёстой гэж боддог.
Өмнөх үед сэтгүүлчийн араас нийгэм явдаг байсан юм билээ. Одоо бол нийгмийн хөгжлийн хурд нэмэгдээд, сэтгүүлчид цаг үеэ дагах янзтай болж байна уу даа. Уг нь улс орныхоо хөгжлийн төлөө сэтгүүлчийн оруулах хувь нэмэр бол нийгмээ түүчээлэх л юм. Жишээ нь, УИХ-ын гишүүд ямар болгоомжгүй үйлдэл хийх нь вэ гэдгийг урьдчилаад харчихсан байдаг. Түүнээс нь сэрэмжлүүлдэг байх хэрэгтэй. Уг нь улс орны хөгжилд хамгийн их хувь нэмэр оруулж явах хүмүүс чинь сэтгүүлч шүү дээ.
-Тэгвэл сэтгүүлч хүний нүдээр харахад, улс орон хэр хөгжиж байгаа гэж боддог вэ?
-Сайн хөгжиж байгаа шүү. Муу хөгжиж байна, хөгжил нь саарсан гэх мэтээр янз бүрийн зүйл ярих хүн байдаг л даа. Миний бодлоор бол сайн хөгжиж байгаа. Хэзээ байтлаа Улаанбаатарын гудамжаар ийм олон машин хөлхөлдөж байлаа. Хэзээ ийм өндөр барилгуудтай байсан юм.
Энэ болгоны цаана улсын хөгжил байгаа шүү дээ. Өнөөдөр гэртээ зүгээр сууя гэж боддог хүн байхгүй болж. Хэр чадлаараа л бүгд нэг нэг ажил хийгээд л явж байгаа. Тэр хэрээрээ сайхан хөгжиж байна. Харин “Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй” гэдэг шиг улстөрчид маань шийдвэрээ зөв гаргаагүйгээс болоод зөв, буруу тийшээ явчих гээд байгаа тал байна. Түүнээс биш ерөнхий массаараа бол хөгжиж байгаа гэж боддог.
-Та 20 орчим жил сэтгүүлчээр ажиллаж байгаа хүн. Тэгвэл таныг анх сэтгүүлзүйд хөл тавьж байх үеийн сэтгүүлзүйн хөгжлийг одоогийнхтой харьцуулбал?
-Намайг сэтгүүлзүйд орж ирж байхад хэвлэлийн эрх чөлөө хамгийн сайн байсан үе. Алтан үе гэж тодотгоход болохгүй юм байхгүй. 2000 оноос өмнө сэтгүүлзүй үнэхээр хөгжиж, цэцэглэж байсан. Цөөн телевиз, сонин сэтгүүл байсан. 1996 онд намайг сэтгүүлзүйд орж ирж байхад өдөр тутмын таван сонинтой. Гурав, дөрөвхөн том телевизтэй байлаа. Бидний шар гээд байдаг 7, 10 хоног тутмын сонингууд ид хүчээ авч байсан тийм л цаг. Гэхдээ тэр үеийн нэг сайн зүйл нь сонин, телевиз болгон өөрийн гэсэн өнгө төрхтэй байсан.
Хэзээ нэг мэдээлэл нөгөө сонин, телевиз дээр давтагддаггүй байлаа. Телевизийн суваг болгон, сонин бүрийн хуудас сонирхолтой байсан. Хүмүүс телевиз бүрийг үзэж, сонин болгоныг унших гэж хичээдэг байсан байх. Дээрээс нь нийгмийнхээ хамгийн хурц асуудлуудыг хөндөж байсан үе.
Иргэд ч шүүмжлэлтэй зүйлийг дэмждэг, улстөрчид ч харьцангуй ёс зүйтэй байж. Болохоо байлаа гэхэд огцорч чаддаг, огцруулж чаддаг байж. Харин 2000 оноос хойш хэвлэлийн эрх чөлөө хумигдсан. Түүнээс болоод ч тэр үү одоо сэтгүүлзүй мөлгөр болж харагдаад байгаа юм. Сэтгүүлзүйн ир мохсон гэхэд болно.
Улс төрийн дарамт шахалтад ороод ч тэр юм уу, нэг тиймэрхүү байдалтай болчихоод байна. Нөгөө талаар сэтгүүлчид шинэ зүйл эрэлхийлэхээ больчихож. Нэг сэтгүүлч гайгүй чухал хүн барьж аваад, яриа аваад зогсч байхад нөгөөдүүл нь шавчихдаг. Гэтэл тухайн сэтгүүлчийн эрэн сурвалжилсан ч юм уу, тэр хүнийг олох гэж хөөцөлдсөн хөдөлмөр үр ашиггүй болчихож байгаа юм. Тэр утгаараа маргааш нь бүх сонин, телевизээр гарчихдаг. Хэвлэлийн хурал хийсэн юм шиг л болдог шүү дээ.
Өнөөдөр телевизийн зарим мэдээг харж байхад зураглаач нь аль талдаа зогссоноороо ялгарч байгаа байхгүй юу. Ярьж, хэлж байгаа нь бүгд адилхан. Сэтгүүлзүйн хөгжил ийм л байна. Тийм учраас одоо жаахан ялгадаг болмоор байна шүү дээ. Сэтгүүлчид хөдөлмөрлөх хэрэгтэй. Ёс зүйтэй баймаар байна. Нэгийгээ ярилцлага аваад зогсч байхад хүндэлдэг, дараа нь яриагаа авдаг баймаар юм.
-Хүнд чинь өөр өөрийн гэсэн өнцөг, асуух асуулт гэж байдаг даа?
-Харин тийм, хүлээж байгаад яриагаа авна гэдэг чинь тэрийгээ л барих гэж байгаа хэрэг шүү дээ. Тэгээд ч намайг анх сэтгүүлч болж байх үед улстөрчид хүртэл айхтар ёс зүйтэй байж. Би тэр сонинд ярилцлага өгчихсөн, чамд өгөхгүй. Өөр хүнээс ав гэдэг байлаа.
Одоо бол аль болох олон хүн цуглаж байвал улстөрчдөд маань ч таатай, сэтгүүлчид ч биеийн амар хардаг болчихсон. Түүнээс гадна сэтгүүлчид нэг их айхтар анализ хийхээ больчихсон байна. Уг нь анализ хийгээд, ийм зүйл болох нь байна шүү гэдгийг хэлж, яриад явах ёстой юм.
-Хэвлэлийн эрх чөлөө хумигдлаа гээд л байна. Яг яаж хумигдаад байгаа юм бол. Яавал бид хумигдсан эрх чөлөөгөө тэлэх вэ?
-Улстөрчдийн гарт хэвлэлүүд орчихсон байна шүү дээ. Бүгдийнх нь ард нэг улстөрч, бизнесмэн байж байгаа нь худлаа биш. Тийм учраас өнөө атгаж байгаа хүнийхээ захиалсан “хөгжим”-ийг тоглох гээд мөлийгөөд байна. Уг нь сэтгүүлчийн өөрийнх нь үзэл бодол, үйл хөдлөл тийм биш шүү дээ.
Аль болохоор нийгмийн болохгүй зүйлийг гаргаж тавьж, сайн сайхныг магтмаар байдаг. Монгол ардын намд ч, Ардчилсан намд ч сайн юм байна, муу ч юм байгаа. Мууг нь аль алийг нь зоригтой шүүмжлээд, сайныг нь магтаж гаргаж ирээд явах ёстой биз дээ. Нэг улстөрч байлаа гэхэд нэг их сайхан амьтан биш, муу ч биш.
Хүн л юм чинь сайн муу сүлэлдэж л байгаа. Тийм учраас сайныг нь ч, мууг нь ч гаргаад явах ёстой байхгүй юу. Гэтэл захиалсан “хөгжим”-өөс болоод мөлийгөөд байна шүү дээ. МАН “хөгжим” захиалбал АН тэр чигээрээ муу. АН “хөгжим” захиалбал нөгөөдүүл нь тэр чигээрээ муу гэж бичдэг. Иймэрхүү байдал л сэтгүүлзүйг их муухай эвдсэн гэж боддог юм.
-Сэтгүүлзүйн жам ёсны хөгжилд том чөдөр болсон гэсэн үг, тийм үү?
-Яг тийм. Сэтгүүлчид 1990-ээд оны “алтан” үеийнхэн шиг хийх ёстойгоо хийгээд, магтахаа магтаж, муулахаа муулдаг байсан бол сэтгүүлзүйн хөгжил огт өөр байх байсан. Тэр чинээгээрээ нийгэм ч эрүүл байх байлаа. Яагаад гэвэл сэтгүүлзүй эрүүл байвал нийгэм эрүүл байна шүү дээ. Сэтгүүлзүй бохирдоод, гар хөл ороод, ардаа жолоо, цулбууртай, баадуутай болоод ирэхээр л нийгэм дагаад уначихаж байгаа юм.
Сэтгүүлчид гэдэг чинь нийгмийн тоншуул. Гэтэл нийгэмд байгаа “өт”-өө сугалахаа больчихсон. Өөрийн талын “өт”-өө үлдээгээд, бусдыг нь түүгээд байхаар үлдсэн нь “өт” нь идээд байна биз дээ. Харин бүх “өт”-өө хүний өөрийнгүй түүгээд өгвөл нийгэм аяндаа л хөгжөөд ирнэ. Гэтэл нийгмийн эмч болсон сэтгүүлчид тоншуулынхаа ажлыг хийж чадахгүй л байна.
-Сэтгүүлзүйд үүнээс өөр гарц байгаагүй юм биш үү. Сонин хийх тэр их зардлыг дийлээд, гаргаж чадах хөрөнгөтэй сэтгүүлч байхгүй байсан биз дээ?
-Тийм хөрөнгө мөнгөтэй сэтгүүлч, сэтгүүлзүйн салбарын хүн байгаагүй. Байгаагүй учраас л өнөөдрийн энэ байдалд тулчихсан л даа. Хэрвээ сонин хийхэд тийм их мөнгө төгрөг шаардлагагүй, хэвлэх машин, цаас хоёртой байгаад сонин гаргадаг байсан бол цэвэр л байх байсан. Тийм биш учраас 2000 оноос эхлээд аяндаа л улстөрчдийн гарт ороод, хоёр хуваагдаад эхэлчихсэн байгаа юм.
-Одоо цахим сэтгүүлзүй мундаг хөгжиж байгаа. Энэ бол улстөрчдийн гараас мултрах нэг том хөшүүрэг болж байна даа?
-Яах аргагүй том хөшүүрэг. Гэхдээ л улстөрчид гараа дүрэх гээд л байна шүү дээ. Чи нөгөө талын мэдээг тавьчихсан байдаг түүнийг чинь нэг мэдэхэд л аваад хаячихдаг биз дээ. Цахим сайтын нэг эвгүй нь энэ. Сонин дээр бол сайхан муухай хамаагүй мэдээ гарсан бол байж л байна.
Дараа нь залруулга гаргана уу, хүлцэл өчнө үү, тэгсхийгээд л өнгөрдөг. Гэхдээ цахим ертөнцийн нэг мундаг хэвлэлийн эрх чөлөөг хөгжүүлдэг, нийгмийн уур амьсгалыг мэдрүүлдэг зүйл нь сэтгэгдэл. Сэтгэгдлээр нийгмийн сэтгэлзүй ямар байгаа юм, энэ асуудалд хүмүүс яаж хандаж байгаа юм гэдэг нь харагддаг. Гэтэл нэг эвгүй нь Засгийн газраас зарим үгийг бичиж болохгүй гээд байна. Өмнөд Солонгос гээд бичихээр юу нь болохгүй болчих гээд байгаа юм.
Ингэж ерөөсөө болохгүй. Энэ чинь ардчилсан нийгэм. Өнөөдөр хүмүүс хэвлэл мэдээлэлтэйгээ эргэх холбоотой болж байна шүү дээ. Уншаад хаях, үзээд орхих биш. Уур амьсгалаа гаргаж ирж байна. Ерөнхий сайдын асуудал хэлэлцлээ гэхэд түүнийг нийгэм юу гэж үзэж байгаа юм бэ гэдэг нь сэтгэгдлээр илэрч байна шүү дээ. Зөв гэж үзэж байгаа юм уу, буруу гэж байгаа юм уу.
Н.Алтанхуягийг байж байг гэж үзэж байна уу, огцруулсан нь зөв гэж бодож байна уу гэх мэтийг хүн өөр өөрийнхөө бодлоор хэлдэг. Энэ бол нийгмийн сэтгэлзүйг тандах хамгийн том хэрэгсэл. Тийм учраас цахим сэтгүүлзүй нийгмийн хөгжилд маш том хувь нэмэр оруулж байгаа юм. Хэрвээ улстөрчид ухаантай бол сэтгэгдэл хорих биш тэндээс өөрсдийнх нь явуулж байгаа бодлого дээр нийгэм ямар уур амьсгалтай байна гэдгийг дүгнэж, шинжлэх ёстой байсан юм.
-Сэтгүүлчдийн эрх чөлөөг хаалаа, боолоо гээд л яриад байна. Манайд сэтгүүлчид эрхээ боолгоод, эрсдэлтэй нөхцөлд ажиллаад байгаа нь харьцангуй бага юм шиг. Яг юун дээр сэтгүүлчдийн эрх чөлөө зөрчигдлөө гэж үзээд байгаа вэ гэдэг дээр та санаагаа хэлээч?
-Эрх чөлөө гэдэг чинь сэтгүүлч биднийг барьж аваад, хориод, цагдаад, зодоод жанчаад байгаадаа ч биш юм. Бидний мэдээлэл олж авах эрх, орчин хэр нээлттэй байна вэ гэдгээр л хэвлэлийн эрх чөлөөг хэмжинэ. Өнөөдөр аль нэг яам, тамгын газраар ороод юм асуухаар хэлдэггүй.
Нэг ноцтой тендерийн будилаан гараад салбар яамнаас нь тодруулах гээд очихоор хэлж өгдөггүй. Хүн бүр рүү дамжуулаад л байдаг. Түүний дараа эрэл мухардаад дуусдаг. Энэ чинь л хэвлэлийн эрх чөлөөг хааж, боогдуулж байгаа хэрэг.
Өнөөдөр улсын нууцад хамаарахгүй, улс оронд аюул тарахаар хэмжээний биш мэдээллүүд нь ил байвал хэвлэлийн эрх чөлөө хангагдаж байна гэсэн үг шүү дээ. Энэ талаас нь аваад үзвэл хэвлэлийн эрх чөлөө хангалттай биш. Ялангуяа улс төр, яамдын төвшинд хангалттай биш байна. Түүнээс биш жирийн байгууллага, иргэдийн хувьд өөр.
Хамгийн их хуудуутай, будилаантай, асуудал үүсгээд байгаа газруудын эмзэг цэгийг нээчих гэхээр нэг сайхан эелдгээр “Би мэдэхгүй. Түүнээс асуучих. Дараа хэлж өгье” гээд бултаж байгаа нь хэвлэлийн эрх чөлөө байхгүйг тод томруунаар харуулаад байгаа юм. Яам, тамгын газрын хаалга нь онгорхой мөртлөө түшмэдүүдийн амны цоож онгойж өгөхгүй л байна.
-Та сэтгүүлзүйд ажиллах жилүүдийнхээ ихэнх хугацаанд нь парламентын сэтгүүлч хийсэн. Тэгвэл таны харж байгаагаар өнөөдөр улс төрийн чиглэлээр бичиж байгаа сэтгүүлчдийн ур чадвар ямар байна вэ?
-Дээр үед тухайн хэвлэл мэдээллийн байгууллага хамгийн шилдэг гэсэн сэтгүүлчээ улс төрийн албанд өгдөг байсан. Хамгийн боловсролтой, анализ хийх чадвартай, улстөрчдийн өмнө гөлөгнөөд байхгүй ярилцлага аваад ирнэ гэсэн хүмүүсээ л ажиллуулж байсан гэсэн үг.
Улс төрийн алба гэдэг тэндээ ажиллаад байх боломжтой. Ажлаа хийж чадахгүй бол шууд халагддаг. Торгуулийн салаа маягтай алба байлаа шүү дээ. Одоо бол нэг жаахан хүүхэд улс төрийн албанд ажиллаж байгаад хэдхэн сар болоод алга болчихно. Яасан гэхээр дарга болсон гэнэ.
Дахиад нэг хүүхэд гарч ирээд хоёр сар болоод алга болж байгаа юм. Бас л албаны дарга болсон гэдэг. Их хурдан дэвшч дарга болдог болсон юм байна. Тууштай ч явахаа больж. Ингэхээр хэмнэл нь алдагдчихаж байгаа юм. Нэг хүүхэд ажиллаад арай гэж дөрөө олж байтал байхгүй болчихдог. Уг нь дор хаяж нэг жил ажиллаж байж арга эвээ олно шүү дээ.
Гэтэл хоёр сар ажиллаад дарга болоод алга болчихно гэдэг чинь яг арга эвээ олох гэж байтал л дэвшүүлж байгаа хэрэг. Тийм учраас улс төрийн сэтгүүлчид маш их муудсан. Нэгийгээ яриа авч байхад давхиж ирээд хамт авдаг, ямар ч ёс зүйгүй болсон. Одоо маш цөөхөн хүн яг өөрийнхөө хүчээр тодруулга, ярилцлага аваад явж байгаа болохоос биш бусад нь бүгд ижилхэн.
-Сэтгүүлчдийн ур чадвар муудаж байгаа нь олон сонин, телевиз, сайт гарч ирж байгаатай холбоотой юм биш үү?
-Энэ яах вэ, цаг зуурын л юм. 1990-ээд оны үед шар сонин олон байсан биз дээ. Хүн болгон л шар сонин уншдаг байлаа. Одоо тоотой хэд нь л үлдсэн байна шүү дээ. Одоо бол өдөр тутмын сонин, цахим сайтууд, телевизүүдийн “үер” болж л байна. Аяндаа цаг нь ирэхээр хумигдана. Манай дарга нар телевиз, сайт хаагаад л байна. Ингэж бачимдах хэрэггүй л юм байгаа юм. Яваандаа зах зээлээ алдах нь алдаад, үлдэх нь үлдээд л явчихна.