О.Чулуунбат: Шинэ сум барих шаардлагагүй

Хуучирсан мэдээ: 2014.03.06-нд нийтлэгдсэн

О.Чулуунбат: Шинэ сум барих шаардлагагүй

Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбаттай ярилцлаа.

-Монгол Улсын макро эдийн засгийн байдал ямар байна. Танайх макро төвшний хөгжлийн бодлогыг тодорхойлох үүрэгтэй гол яам учраас энэ асуултыг танд тавьж байна?

-Эдийн засаг сайн байгаа гэж хэлж чадахгүй. Өнгөрсөн оны эцсээр эдийн засгийн өсөлт 11 хувьтай гарсан. Гэхдээ тоон үзүүлэлтээс илүү бодит хөрсөн дээрээ өсөлт бууж чадаж байна уу, иргэдийн худалдан авах чадвар дээшилсэн үү,  ард түмний амьжиргааны төвшин сайжирсан уу гээд цаанаа эдийн засгийг  тодорхойлдог  гол үзүүлэлтүүд сул байна. Өнөөдрийн байдлаар иргэдийн худалдан авах чадвар 25 хувиар унасан гэсэн мэдээлэл бий. Нийт худалдаа өсөөгүй байна,  дотоодын ачаа тээвэрлэлтийн хэмжээ, зорчигчдын тоо буурсан байгаа.  Бусад улс орнууд дээрх үзүүлэлтүүдээр макро эдийн засгийнхаа өсөлтийн үр дүнг тодорхойлдог. Төсвийн орлого нэмэгдээгүй, төлбөр тооцооны бланс алдагдалтай гарсан байна.Шулуухан хэлэхэд Монголоос мөнгө зугатаж байнашүү дээ, нүүрээ буруулчихсан байна. Тэгэхээр одоо юун дээр алдаж, юуг оносон бэ гэдгээ бүгдээрээ ярилцах ёстой. Нам эсвэл, дарга цэрэггүй энэ асуудлыг ярилцаж алдаа оноогоо цэгцлэх хэрэгтэй болж.

-Байдал үнэхээр сайнгүй байгаа юм байна, тийм үү?

-Бүгдийг  бас хараар будаж  болохгүй. Сайн зүйл ч байна, саар нь ч байна. Алтны салбарт сэргэлт ажиглагдаж байгаа. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ унаж, нүүрсний салбарын байдал тааруухан байгаа ч алтны салбарт сэргэлт ажиглагдана гэдэг сайн хэрэг. Өнгөрсөн онд Монголбанкинд тушаасан алтны хэмжээ нэмэгдсэн. Тэгвэл энэ онд алт тушаалт бүр ч илүү нэмэгдэх болов уу гэсэн хүлээлт байгаа.  Тэгэхээр эдийн засгийн таагүй байдлыг өөрчлөхийн тулд зарим нэг хуулиудаа яаралтай өөрчлөх ёстой. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийг маш хурдан шинэчлэн батламаар байна. НӨАТ-ын хуулиа шинэчлэх ёстой. Төмөр замынхаа царигийн асуудлыг шийдвэрлэх  гээд эдийн засагт хийх хэрэгтэй олон ажил биднийг хүлээж байна.  Монголчууд улстөржөөд, амбицлаад цаг алдах тусам орж ирэх мөнгө хойшлоод л байна гэсэн үг.

-Өнгөрсөн жилийн намар Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэн баталсан.  Хууль эрх зүйн орчиноо өөрчлөөд ч хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байгаа шалтгаан юу байна?

-Хууль батлагдаад дөрөв, таван сар болж байна. Гэхдээ хуулийг шинэчлэнгүүт  байдал сайжрахгүй.  Өнгөрсөн онд хөрөнгө оруулалт 55 хувиар унасан. Энэ бол Шинэчлэлийн Засгийн газрын алдаа гэхээсээ өмнөх парламент, өмнөх Засгийн газартай холбоотой асуудал.  Эдийн засагт үүсээд байгаа хүндрэл хямралууд монголчуудад маш том сургамж болж байгаа болов уу. Монголчууд гэхээсээ илүү ялангуяа улстөрчдийн бодлогогүй алхам, хуурай хуулиуд эдийн засагт ямар эрсдэл дагуулдгийг харж байгаа байх. Болсон болоогүй хууль баталж, хуулиа байсхийгээд л өөрчлөөд байж болохгүй юм гэдгийг яс махандаа шингэтэл ойлгож байгаа байх. Хууль эрх зүйн орчин тогтвортой байна гэдэг хөрөнгө оруулагчдын хамгийн түрүүнд анхаардаг асуудал.   Тиймээс хууль батлагдахаас илүү энэ хуулийн хэрэгжилт ямар байх бол, бодлогоо хэрэгжүүлэхдээ Монголын төр ямар араншин гаргах бол,  төрийн залгамж бодлогодоо нөлөөлөх эсэх зэрэг олон зүйлийг хардаг. Монголчуудын хамгийн том алдаа нь төрийн залгамж байхгүй. Нэг нам гарч ирэнгүүтээ нөгөө намынхаа бодлогыг үгүйсгээд явчихдаг нь хөрөнгө оруулалтын байдалд муугаар нөлөөлж байна л даа.  Хэдийгээр хууль гарсан ч Монголд бүртгэлтэй компаниудын гадаадад гаргасан хувьцаа өсөхгүй байна гэдэг манай зах зээлээс хөрөнгө оруулагчид болгоомжилсон хэвээр байна гэсэн үг.

-Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асуудлыг танай яам хариуцахаар болсон. Хөгжлийн яам энэ талаар юу хийж байна. Хөрөнгө оруулагчдад хууль эрх зүйн орчноо таниулахын тулд ямар сурталчилгаа хийж байгаа вэ. Хараад байхад танай яам зээлсэн мөнгийг тараахаас өөрөөр хөрөнгө оруулалтыг сайжруулах талаар ямар нэгэн алхам хийхгүй байгаа  юм шиг?

-Хуулиараа манай яамд хариуцуулсан болохоор  энэ ажилд анхаарахгүй гээд яах билээ. Уг нь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдыг татах асуудал  микро төвшний бодлого шүү дээ. Манайх бол макро төвшний бодлого  ярих ёстой яам.

Гэхдээ микро төвшний асуудал гээд бид зүгээр суугаад байгаа юм биш л дээ. Хөрөнгө оруулалтыг татах талаар тодорхой ажил хийгдэж байгаа. Хөрөнгө оруулагчидтай уулзаж байна, үгийг нь сонсч байна.  Гэхдээ эхлээд Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн ухаалаг төрийн бодлогыг сайн хэрэгжүүлмээр санагддаг.  “Манай төр ухаалаг болсон” гэдэг имиж  өөрөө том сурталчилгаа.  Засаглалын орчин сайжирсан гэдэг хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах гол асуудал. Манай засаглалд учир дутагдалтай зүйл олон бий. Ялангуяа дунд, доод шатныхны дотор хүнд суртал, чирэгдэл байсаар л байна. Авлига байсаар байна. Энэ асуудлыг шийдэхгүй бол хөрөнгө оруулагчдад хичнээн сайхан хууль батлагдсан гээд байдал дээрдэхгүй. Дээрээс нь энэ хэдэн популистуудын дарамт шахалт байна. Монгол бол хэцүү орон шүү дээ.  Харилцааны соёлгүй, итгэлгүй, барьц муутай.  Үнэндээ бизнесийн орчин, хөрөнгө оруулалтыг ямар нэгэн байдлаар муутгаад л байвал хувийн хэвшлийнхний хүч суларна. 

-Хувийн хэвшлийнхэн сайнгүй байгаа нь илт мэдрэгдэж байна. Том компаниуд ч, жижиг худалдаачид бүгдээрээ л орлого эрс хумигдсан талаар ярих болсон байна лээ?

-Хувийн хэвшлийнхний ажиллах орон зай улам хумигдсаар байна. Төрийн асар их дарамт шахалт байгааг ярьж байна. Байнга л хяналт, шалтгалтаар ажилд нь садаа болж буйг шүүмжилж байна.  Юу вэ гэвэл улсын байцаагч нэртэй нөхдүүд очоод дарамталдаг, мөнгө олдог.   Нэг цайны газар мэргэжлийн хяналтын байцаагч орж ирээд  баахан дарамталж байгаад мөнгө авчихдаг. Уг нь “Анхаар, болгоомжил” гээд бичиг хадчих ёстой. Тэгвэл тухайн үйлчилгээний газар  үйлчлүүлэгчээ алдана. Үйчлүүлэгчдээ алдана гэдэг маш  том шийтгэл болж байгаа юм.  Энэ шийтгэлийг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд ашиглаж байна. Гэтэл Монголд  байцаагч нь төрийн нэрийн өмнөөс торгууль тавиад, тавьсан торгуулиа өөрөө халаасалчихдаг.  Улсын байцаагч нэртэй булган шуба өмссөн, үнэтэй машин унасан нөхдүүд төсвийн жаахан цалингаар яагаад ийм тансаг амьдарч байна вэ гэдэг бодох л асуудал.

-Баялаг маань үнэд хүрэхээ больчихлоо. Баялагаа зарахгүйгээр хөгжих боломж Монголд бий юу. Зарим хүмүүс эрсдэс баялгаа зарах шаардлага байхгүй гэж шүүмжилдэг шүү дээ?

-Монголчууд уг нь их азтай хүмүүс.  Асар их баялаг дээр төрчихсөн. Гагцхүү үүнийгээ мөнгө болгож чадахгүй хоорондоо хэрэлдсээр байгаад цаг алдлаа. Зургаан жилийн өмнө төмөр замынхаа царигийн асуудлыг шийдээд дэд бүтцээ барьчихсан бол өнөөдөр нүүрсний салбар нь дампуурах шахаад зогсч байхгүй шүү дээ. Гэтэл одоо яаж байна.  Монголын төрийн нэг алдаа байдаг. Өмнө нь ч, одоо ч тэр алдаагаа давтсаар байна. Төр бүхнийг хийх гээд зүтгээд байдаг.  Төрийн оролцоо бизнест асар их байна.  Уг нь төр  бүх юмыг өөрөө хийх хэрэггүй юм. Бизнесийнхнийг мөнгө ол, татвараа цагтаа төл гээд зүгээр л хаячих асуудал. Гэтэл төр өөрөө нүүрсээ зарна, хувьцаа гаргана, мөнгө олно гээд урдуур нь орж гүйгээд эдийн засгаа унгаад байх юм.  Төрд өмч байх шаардлагагүй. Өмчтэй төр баян байдаг гэж хэн хэлсэн юм бэ. Өмчтэй төр биш, хувийн хэвшлийнхэн нь хүчтэй төр баян байдаг юм.  Бизнесийнхэн л монголчуудыг ажилтай орлоготой болгож, төрийн энэ олон албан хаагчдын цалин тавьж байна. Харамсалтай нь, манай улстөрчид мөнгийг хайр гамгүй үрж байна.  Зарим нэг нь  бүр шинэ сум барьж өгнө гээд гүйгээд байх юм. Хөдөөгийн таван мянга ч хүрэхгүй хүн амтай суманд шинэ контор барьж өглөө гээд төрийн үйлчилгээ хурдан шуурхай болчих уу.  Нэг ангид арав ч хүрэхгүй хүүхэд суралцаж байхад дахиад шинэ сургуулийн барилгаар яах юм. Тэгж төсвөөс хэдэн зуун тэрбумыг гаргаж шинэ сум нэрээр баахан модон барилга барих шаардлага байна уу. Сумын төвийг модон барилгатай болголоо гээд тэнд амьдарч байгаа хүмүүсийн амьжиргаа сайжрахгүй.  Ажилтай, орлоготой байж л хүний амьдрал сайжирдаг юм. Загас барьж өгөхөөр загас барих аргыг зааж өг гэж үг байдаг шүү дээ.

-“Шинэ сум” төсөлд та сэтгэл дундуур байгаа юм аа даа?

-Хөгжил гэдэг том ойлголт. Түүнээс сумын хэдэн барилгыг өөрчиллөө гээд орон нутаг хөгжлөө гэж дүгнэх нь өрөөсгөл. Харин ч орон нутгийнханд хөгжих эрхийг нь өгчих хэрэгтэй. Орон нутаг өөртөө хэрэгтэй байгаа зүйлээ хийг л дээ. Түүнээс саарал ордонд тулхаад, сумын төвд арав хоног  амьдарч үзээгүй гишүүд эндээс тэднийг хөгжүүлнэ гээд тэрбум, тэрбум төгрөг зарлагадаад сууж байх сонин ш тээ.  Монголын эдийн засаг аймаар үрэлгэн байна. Орж ирсэн мөнгөө ямар ч тооцоогүй, замбараагүй зарцуулж байна. Монголд мөнгө байхгүй биш байгаа. Зургаан их наядын орлого олно гэдэг том тоо. Харин олсон мөнгөө аривлах, зөв төсөлд зарцуулах  хэрэгтэй байна.  Шинээр сум барьж өгнө гэж байхаар тэр мөнгөө төмөр зам барихдаа зарцуулвал эдийн засгийн үр ашиг нь илүү л санагддаг юм.

-Ер нь хөрөнгө оруулалтын орчин яваандаа сайжрах болов уу. Хөрөнгө оруулалт муудаж, нүүрсний салбар тэг зогсолт хийснээс болоод долларын ханш огцом савалгаатай байгаа?

-Хөрөнгө оруулалтын орчноо сайжруулъя гэвэл гадаадад өгөх мессежийг сайжруулах ёстой. Манай талаар хар мэдээлэл хангалттай явж байхаар яаж хөрөнгө оруулалтын байдал сайжрах вэ. Гадаадын бүх л хэвлэлээр  Монголыг “нүдэж” байна. “Блүүмбэрг”, “Чайна Дэли”, “CNN” гээд Монголын талаар сайн мэдээлэл явахгүй байна шүү дээ. Дээрээс нь “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өө зогсоох ёстой.  Манайх шиг өмнө нь ийм хөтөлбөр хэрэгжүүлээд бүтэлгүйтсэн улсын туршлага зөндөө байдаг. Англи, АНУ, Итали бүгд л ийм хөтөлбөр хэрэгжүүлээд бүтэлгүйтсэн. Үүнээс болоод л доллар огцом савалгаатай байна.

-Засгийн газар нэг их наядаар үйлдвэржилтийг дэмжихээр болсон. Танай яамны зүгээс макро хөгжлийн бодлоготой уялдуулаад, экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн юу байх вэ гэдгээ тодорхойлох ёстой болов уу?

-Үйлдвэржилтийг дэмжинэ гэдэг зөв. Гэхдээ бид бүхнийг үйлдвэрлэнэ гэвэл хэтэрхий туйлширсан хэрэг болно.  Монгол бүгдийг үйлдвэрлэж чадахгүй шүү дээ. Оймс, гутал, хувцас хунараа  үйлдвэрлээд Хятадаас илүү гарна гэвэл ёстой их санасан газар есөн шөнө хоосон хонох байлгүй. Хятадад асар том зах зээл байна, хямд ажиллах хүч байна, түүхий эд технологи нь байна, туршлага нь байна. Нэг монгол хүн гурван оймс оёж байхад нэг хятад хүн гурван зууг оёж байна. Үнийн хувьд асар хямд. Шоколад, эм үйлдвэрлээд Швейцариас илүү гарна гэж байхгүй. Машин, компьютер үйлдвэрлээд Японыг хэзээ ч гүйцэхгүй. Гар утас хийлээ гэхэд солонгосчууд шиг туршлага алга.  Яагаад Швейцарь баян орон байж машин, гар утас үйлдвэрлэдэггүй юм бэ. Учир нь  дэлхийд  улс орон бүр өөрийн гэсэн нэг брэндээр дагнадаг болохоор тэр.  Монголын хувьд брэнд болох юм баялаг.  Асар их нүүрсний нөөцтэй, үүнийгээ бид мөнгө болгох ёстой.  Төмрийн хүдэр байна, ураны хүдэр байна. Эрдэс баялгаараа бид дэлхийд өрсөлдөх ёстой болохоос гуравхан сая хүрэхгүй хүн амтай, жижигхэн эдийн засагтай орны хувь заавал машин үйлдвэрлэнэ, гар утас, зурагт хийнэ, гутлаа өөрсдөө оёно гэвэл бас л туйлширсан асуудал болох юм.

-Ураны хүдрээ зарах нь харин ч эрсдэлтэй биш үү. Монголд уран хэрэггүй гэсэн ойлголттой хүмүүс олон шүү дээ. Магадгүй ингэж ил шулуухан хэлснээрээ тэдний ээлжит дайралтын бай болно гэдгээс айхгүй байна уу?

-Ураны хүдрээр сайн бизнес хийх боломж байна.  Уран бол хортой гэж ярьдаг хүмүүс олон байдаг л даа. Гэхдээ энэ чинь зүгээр л шороо. Тэгж ярьвал,   төмрийн хүдрийг боловсруулаад буу хийж байгаа орон ч зөндөө байна. Гэтэл манайхан хэт туйлшрамтгай.  Шар нутгаа зарж мөнгө болох боломж байсаар байтал эсрэг сурталчилгаа хийгээд яваа хүмүүсийг нэг бол шантааж хийж мөнгө авах зорилготой, нөгөө бол хэн нэгний хэлснээр л хөдөлж байгаа болов уу гэж боддог. Хөдөлгөөнийнхөн хөрөнгө оруулагчдыг шантаажилж  мөнгө олдог  гэдгийг “Гал үндэстэн” харууллаа шүү дээ.  Энэ хүмүүст маш сайн мэдээлэл өгөх хэрэгтэй юм шиг байна.  Мэдлэг боловсролгүйн дээр мэдээлэлгүй болохоор эсэргүүцээд байдаг юм болов уу даа гэж харж суугаа. Япон гэхэд саяхан эрчим хүчнийхээ бодлогыг өөрчилж атомын цахилгаан станц хөгжлийн гарц гээд тодорхойлчихлоо. Гэтэл манайхан уран гэхээр л харшлаад байж болохгүй.

-Уранаа зарсан улс орон буцаагаад хаягдлыг нь авах ёстой байдаг юм биш үү?

-Тэгж “мангартдаг” хүмүүс бий бий.  Ураны хүдрээ бид шар нунтаг болгоод экспортолдог. Шар нунтаг чинь хоргүй зүйл шүү дээ. Харин атомын цахилгаан станцын түлш болсон тохиолдол асар хүчтэй цацраг идэвх бодис болж хувирч байгаа юм. Цөмийн шаар гээд байна, түүнийг чинь цөмийн зэвсэгт хэрэглэдэг маш үнэтэй бүтээгдэхүүн байдаг. Япон хүртэл ашигласан түлшээ АНУ-д өгөхгүй гээд хав дараад сууж байна. Тэр үнэтэй юмаа юу гэж манайд өгөх вэ дээ. Дахиад л нөгөө  мэдлэг, мэдээлэл дутагдаад байгаа хэрэг.

Ж.НЯМСҮРЭН
“NEWSWEEK” сонин №051

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж