
-Мэргэжлийн биеийн тамир, спортын сургалттай дунд сургууль үйл ажиллагаагаа явуулаад таван жил болжээ. Энэ хугацаанд танай сургууль юу хийв. Өнгөрсөн хугацаанд ямар ололт амжилт гаргасан бэ?
-Өндөр зэрэглэлтэй тамирчдын залгамж халааг бэлтгэхийн тулд 2009 онд энэ сургуулийг байгуулсан юм. Хэдийгээр цаг хугацаа алдсан ч гэлээ энэ тал дээр сүүлийн жилүүдэд онцгой анхаарал хандуулж байна. Манай сургуулийн хувьд анх 200 гаруй сурагч, 20 орчим багштайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа. Гэтэл нүд ирмэх зуур таван жил болжээ. Энэ хугацаанд биеийн тамир, спорт болон боловсролын салбар бид хэдийнэ байр сууриа эзэлсэн. Сурагч тамирчид, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нарын хамтын хөдөлмөрийн ачаар таван жилийн хугацаанд багагүй амжилт гаргалаа. Бид Монгол Улсын өв тэгш иргэн, олимп, тив, дэлхийн аваргуудын залгамж халааг бэлтгэх зорилтыг дэвшүүлэн ажилласан. Одоогоор спортын 12 төрөл 400 гаруй тамирчин сурагч манай сургуульд хичээллэж байна. Энэ хүмүүс гар нийлж ажилласны үр дүнд манай сургуулийн тамирчид хүүхдийн олимп, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2500 гаруй медаль авчээ. Мөн манай сургуулийн эрдэмтэн, багш нарын явуулж байгаа сургалт, үйл ажиллагааны ачаар спортын сургалттай сургуулиудын гол төв нь болсондоо баяртай явдаг юм. Бид ерөөсөө л үндсэн хоёр зорилготой. Эхнийх нь эрүүл чийрэг, зөв монгол хүнийг бэлтгэнэ. Удаахь нь олимп, тив, дэлхийн аваргуудын залгамж халааг тасралтгүй бэлтгэх. Дээрх хоёртой уялдаад дахин нэг зорилго гарч ирж байгаа юм. Энэ нь сургуулийнхаа материаллаг баазыг сайжруулах. Үүнийг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас дэмжиж Нисэхэд 920 хүүхдийн багтаамжтай сургууль барихаар баталж өгсөн.
-Ингэхэд манай улсад спортын чиглэлийн өсвөрийн тамирчин бэлтгэдэг хэчнээн сургууль байдаг юм бэ?
-Долоо байдаг юм. Үүнээс тав нь улсынх, хоёр нь хувийн хэвшлийнх гэсэн статустай. Орхон, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймагт спортын төрөлжсөн сургалттай дунд сургууль байна. Үүнээс гадна хотод “Аварга” дээд сургуулийн лицей, “Олимп” спортын дунд сургууль. Дээрээс нь манай сургууль орно. Энэ сургуулиуд хоорондоо маш нягт уялдаа холбоотой ажилладаг. Хамтын ажиллагааны гэрээ хүртэл байгуулсан байгаа.
-Ямар ч газрын амжилтын нэг тал нь гадаад харилцаа байдаг. Тэгвэл танай сургуулийн хувьд?
-Гадаад харилцааг бид маш сайн хөгжүүлсэн гэж боддог. Цаашид энэ тал дээр илүү анхаарна. Манай сургуулиас нэг хүүхэд Японы Ниццайгийн их сургуулийн волейболын ангид суралцах гэж байна. Мөн хоёр хүүхэд сүмогийн шалгалтад тэнцсэн. Манай сургуульд сурч байсан Ичинноров гээд сурагч гурван жилийн өмнө Японд очоод сүмогийн нэлээд дээгүүр зиндаанд барилдаж байх жишээтэй. Тэрээр “Монголын Барүто” гэдэг нэр авсан байна лээ. Ер нь дээр хэлсэн бүх зүйлийг дүгнэвэл бид таван жилийн хугацаанд зорилгодоо бүрэн хүрсэн.
-Дээр шинэ сургууль барина гэж ярилаа. Яг хэзээ барьж ашиглалтад оруулах вэ. Удахгүй спортын төв ордныг нураана гээд байгаа шүү дээ. Шинэ сургууль ашиглалтад орохоос өмнө нураавал энэ олон хүүхэд хаашаа явах вэ?
-Ордныг шинэчлэх хугацаа бол аль хэдийнэ болсон. Тэр болтол Спортын төв ордондоо л сургалтаа явуулна. Цаг хугацааны эрхээр, бодит шаардлагын улмаас манай сургууль нүүхдээ тулбал арга олдож л таараа. Шинэ байр ашиглалтад ортол спортын дунд сургуулийн үйл ажиллагааг зогсоож болохгүй. Үүнийг төр засгийн төвшинд сайн ойлгож байгаа байх. Цаг хугацааны хувьд гэвэл хоёр жилийн хугацаанд сургуулиа барих төлөвлөгөөтэй.
-Хотын төвөөс зайдууд болохоор манайхан хол гэж эгдүүцдэг талтай. Үүнийг хэрхэн зохицуулах юм бол?
-Гадаадын спортын дунд сургуулиудын жишгийг харахад сурагчид нь тэндээ байрладаг юм билээ. Тиймээс манай сургууль ч яг л тийм жишигт орно гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл, 920 хүүхдийн хичээлийн байр бариад, түүний тодорхой хэсгийг нь дотуур байр болгоно. Ингэснээр сурагчид маань гэртээ харих шаардлагагүй болж байгаа юм. Хотын хүүхэд ч мөн ялгаагүй. Хичээлдээ явна, бэлтгэлээ хийнэ, дотуур байрандаа байрлана. Ерөөсөө л төгсөх хүртлээ сургуультайгаа холбоотой байна. Хоол унд, автобус унааны асуудлыг ингэж л шийднэ дээ. Сургуулийнхаа барилгын ажлыг эхлүүлэх л юм бол ямар нэгэн аргаар богино хугацаанд шинэ байртай болох боломжтой.
-Манай улсад спорт хөгжиж байна гээд л ярьдаг. Үнэхээр хөгжиж байна уу. Та юу гэж боддог вэ?
-Энэ бүхэнд биеийн тамир, спортын цогц бодлого хэрэгтэй. Биеийн тамир, спорт гэдэг бол нийгмийн соёлын салшгүй нэг хэсэг юм. Үүнийг хөгжүүлэхэд бид зөвхөн уралдаан тэмцээн талаас нь л анхаарч ирсэн. Одоо ч гэсэн тийм л байна. Үүнийгээ дагаад үйл ажиллагааны арга хэлбэр нь хүртэл нэг л агуулгатай, хэвшмэл болжээ. Үүнийг сайжруулж, шинэчлэхийн тулд шат дараалсан цогц бодлого хэрэгтэй байна. Хоёр дахь асуудал нь материаллаг бааз, орчин нөхцлийн асуудал. Өнөөдөр нийслэл хотод тэмцээн явуулах боломжтой ганц л газар байгаа нь “Буянт-Ухаа” спортын ордон. 1958 онд байгуулагдсан Спортын төв ордон бол өөрийнхөө үүргийг хэд дахин давуулан биелүүлсэн. Одоо шинэ хэлбэр, бүтцэд орох хугацаан болжээ. Шинээр барихдаа зөвхөн спортын зориулалттай л ордон барих хэрэгтэй. Зөвхөн тэмцээн уралдаан зохион байгуулах асуудлыг л яриад байна шүү дээ. Гэтэл цаана нь Монголын ард түмэн, хүүхэд залуучууд чөлөөт цагаа спорттой нөхөрлөж өнгөрүүлэх гэтэл биеийн тамирын заал, талбай алга. Энэ бүхэн дээр бид маш их хоцрогдож явна. Бид өөрсийгөө л хохироож, балласан. Зах зээлийн үед бүх заал, талбайг устгаж цэнгээний газар, орон сууц бариад дууссан. Нэгэнт хийсэн зүйлийг буцааж болохгүй. Эцэст нь ганц заал барих боломжгүй болжээ. Энэ бүхэн эргээд хүн амынхаа бие бялдар, оюун ухаанд сөргөөр нөлөөлж байгаа юм. Тиймээс материаллаг баазаа сайжруулах хэрэгтэй. Гуравдугаарт, нийтийн биеийн тамирын хоцрогдлыг арилгамаар байна. Эхний хоёр хүчин зүйл дээр тулгуурлаад олон хүнийг биеийн тамир, спортоор хичээллүүлэх бодлогыг системтэйгээр явуулмаар байгаа юм. Зарим ажлыг сайн хийж байгаа ч учир дутагдалтай. Гэхдээ л чадлынхаа хэрээр олныг хамарсан үйл ажиллагаа явуулж л байна. Нийтийн биеийн тамирыг эрчимтэй сурталчилж байгаа аж ахуй нэгж, байгууллагыг төрөөс хэрхэн дэмжих зэрэг хөшүүргийг нь төр засаг батлаад өгвөл аяндаа сайжирна. Дээрээс нь мэдээж их спорт. Манай улсын хувьд харьцангуй цөөхөн төрөлд амжилт үзүүлж байна. Спортын салбарыг хөгжүүлэх тал дээр бид сэтгэлгээний шинэчлэл хийхгүй бол болохгүй нь. Тив, дэлхий, олимпийн наадмаас медаль авдаг 4-5 төрөл л байна. Гэтэл цаана нь хөгжүүлж болохуйц маш олон спортын төрөл бий. Монголд хөгжихгүй спорт л гэж яриад байдаг. Үнэндээ бол бид спортыг өөрсдөө хөгжүүлж чадахгүй байна.
Хамгийн ойрын жишээ нь өвлийн спорт. Ямар ч бодлого байхгүй. Гэнэт л өвлийн олимп болдог. Хоёр тамирчин оролцоод, хойгуур амжилт үзүүллээ. Бид байгалийнхаа сайханд хөгжүүлэх боломжтой өвлийн спортыг гаргуунд нь хаясан байна. Тэгээд олимпод оролцоод ирлээ, олимпод оролцоно гэдэг нь өөрөө том амжилт гэж цээжээ дэлдээд л. Өвлийн спорт хөгжиж байна гэдгээ улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулснаараа л дүгнэдэг. Ийм байж болохгүй. Энэ бол хөгжил биш шүү. Өвлийн спортыг хөгжүүлье гэвэл өнөөдрөөс л эхэл. Өвлийн олимпод оролцох эрх авсангүй гээд шигшээ багийг татан буулгах биш үүнийг нь гурав дахин их хүнтэй болгоод дараагийн олимпод бэлдэх хэрэгтэй. Түүнээс нэг жилийн өмнө гурван хүн сонгож аваад, бэлдээд амжилт үзүүлнэ гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. Өвлийн олимпод зөвхөн оролцуулахын төлөө явуулах биш амжилт гаргахын төлөө явуулдаг болмоор байна. Хамгийн гол нь монголчууд мартамхай. Санаатайгаар мартдаг. Мартаагүй хэрнээ мартсан юм шиг дүр эсгэж явсаар байгаад дараагийн олимптой нүүр тулдаг. Тиймээс дараагийн өвлийн олимп хүртэл саяынх шиг ээ байгаарай гэж хэлье. Одоо бол оролцсондоо баярладаг явдлаа зогсооё. Бид африк биш шүү дээ. Дөрвөн улирлын талаас илүүд нь хүйтэн сэрүүн нөхцөлд амьдарч байна. Өвлийн спортыг хөгжүүлэх хангалттай боломж бий. Монголчууд Африкийн орнууд шиг байж болохгүй.
-Тэгвэл өнөөдрөөс эхэллээ гэхэд 2018 оны Пёнчаны олимпод амжилт үзүүлэх магадлал хэр өндөр байх бол?
-Спорт бол цэвэр өрсөлдөөн. Хэн сайн бэлтгэлээ базаасан нь амжилт үзүүлдэг. 2018 оны амжилтыг одоо ярина гэдэг хэцүү. Үнэхээр олимпийн аварга болох хүнээ олж чадаад, бэлтгэл сургуулилтыг нь хийлгэвэл алтан медаль авч болно шүү дээ. Олимпийн аварга болохгүй юм аа гэхэд ядаж л 80 хүнээс эхний 40 тамирчинд багтах боломжтой. Олон тогтолцооны үндсэн дээр амжилт гарна уу гэхээс биш хэн нэгэн яриад л амжилтаа ахиулдаг юм биш шүү дээ. Энэ бол харьцангуй ойлголт юм. Үнэхээр олон улсын шилдэг тамирчидтай эн зэрэгцэхүйц амжилт үзүүлэхийн тулд их хугацаа, хангамж, бэлтгэл шаарлагатай. Дараагийн олимп хүртэл бид ядаж бардам эрхээ авах хэрэгтэй. Цанаар гэхэд 3-4 тамирчин. Дээрээс нь тэшүүр, шорт-трейк, кёрлинг, биатлон зэрэг спортын төрөлд эрхээ авах боломж бий л гэж бодож байна. Материаллаг баазыг нь бүрдүүлээд, бэлтгэл хийх орчин нөхцлийг нь сайжруулаад бэлдээд өгвөл болохгүй гэх газаргүй юм. Одооноос зөв бодлого баривал тав хүртэлх төрлөөр олимпод оролцох боломжтой.
Ингэхийн тулд бүх зүйлийг цогцоор нь бүрдүүлэх хэрэгтэй байна. Тодруулбал, боловсон хүчин, шинжлэх ухааны үндэслэл, орчин нөхцөл, материаллаг бааз, тогтолцоо. Энэ бүхнийг багтаавал манай улсад медаль авахгүй төрөл гэж байхгүй. Хамгийн гол нь нөхцлүүдийг сайн ханга.
-Мэргэжлийн боловсон хүчин гэхээр л гадаадын мэргэжилтэн ярьдаг. Дотоодод бэлтгэх боломжгүй юу?
-Боловсон хүчин гэхээр багш дасгалжуулагч нарын асуудлыг ярьж байна гэж ойлголоо. Үнэхээр мэргэшсэн боловсон хүчний асуудал дутмаг байгаа. Энэ тал дээр төрийн байгууллага, спорт холбоод маш сайн ажиллах хэрэгтэй. Яах гэж гадаадаас мэргэжилтэн авдаг вэ гэвэл өөрсдийнх нь дасгалжуулагчийн мэдлэг чадвар, арга туршлага нь хүрэхгүй байгаа учраас л тэднийг ярьж байна шүү дээ. Бид бол өөрсдөө хийж чаддаг зүйлээ хийх л хэрэгтэй. Чадахгүй биш чадна. Тиймээс гадаадын боловсон хүчин авчрахаасаа өмнө юун түрүүнд дотоодынхоо нөөц бололцоог харвал зүгээр байх. Дээр би хэлсэн дээ. Сэтгэлгээний шинэчлэл гэж. Тэгэхгүй бол бид медаль авсныгаа л спорт хөгжиж байна, болож байна гэж ойлгодог болчихож. Олимп, дэлхийн аваргатай болсноо спортын хөгжил, том амжилт гэдэг ухагдахуунаас л салъя. Манай улс гадаадын бусад орон шиг ерөнхийлөгчийнхөө дэргэд орон тооны зөвлөл байгуулах шаардлагатай. Тэр зөвлөл нь улиралд нэг удаа хуралдаж, спортын бодлого, хэтийн зорилтоо ярьдаг ийм зүйлийг л гаргаж ирмээр байгаа юм. Одоо бол манайд зөвлөхүүд л ажиллаж байна. Хоёр, гурван хүн нийлээд юу гэж зөвлөдгийг бид мэдэхгүй шүү дээ.
-Тамирчдын сахилга батын асуудал дээр та ямар дүгнэлт өгдөг вэ?
-Тамирчин гэдэг харьцангуй ойлголт. Би ганцаараа дүгнэлт өгч болохгүй. Шигшээ багийн тухайд гэвэл арай өөр. Манай шигшээ багийнхан харьцангуй төлөвшсөн гэж ойлгодог шүү. Шигшээ багт айхтар хүмүүжлийн доголдолд орсон хүн байхгүй гэж би боддог.
-2014 онд багтааж хөнгөн атлетикийн тартан замтай болно гэж байгаа. Энэ ажлын явц ямар байгаа талаар мэдээлэл өгөх үү?
-Манай холбоо хөнгөн атлетикийн материаллаг баазыг сайжруулахад онцгой анхаарал хандуулж байна. Монгол Улс бол тартан замгүй хуруу дарам цөөхөн орны нэг. Үргэлж дайн байлдаан болдог цөөн тоон хэдэн орон л ийм замгүй. Дээрээс нь Монгол. Тэгвэл бид анх удаа хөнгөн атлетикийн тартан замтай болох гэж байна. Боломжийг бидэнд олон улсын хөнгөн атлетикийн холбоо олгосон. Ингээд 800 гаруй сая төгрөгөөр стандарт бүхий тартан зам барьж өгөхөөр болсон. Дээрээс нь 300 гаруй сая төгрөгийн дагалдах хэрэгсэл бэлэглэнэ. Хамгийн гол нь үнэгүй. Үүнийг алдахгүйн тулд бид хичээж ажиллах хэрэгтэй. Тэгэхээр Налайх дүүрэгт тавих тартан замын ажил ирэх дөрөвдүгээр сараас албан ёсоор эхэлнэ. Тэгээд наймдугаар сард дуусгах ёстой. Угаасаа энэ төсөл нь нэг жилийн хугацаатай юм. Энэ замыг үе үеийн хөнгөн атлетикийн тамирчид тэсэн ядан хүлээж байна. Хэдхэн хоногийн өмнө Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, манай холбооны ерөнхийлөгч Лу.Болд нар тартан зам тавих асуудлаар Налайх дүүргийн удирдлагатай уулзалт хийгээд ирсэн.
-Энэ онд хөнгөн атлетикийн тамирчдыг ямар тэмцээн уралдаан хүлээж байна вэ?
-Олон улсын хэд хэдэн тэмцээнд оролцоно. Уламжлал ёсоороо томоохон марафоны тэмцээнүүдэд тамирчдаа явуулна. Мөн хөнгөн атлетикийн залуучуудын дэлхийн аварга, Инчоны Азийн наадам зэрэг томоохон уралдаанд манай тамирчид өрсөлдөх төлөвлөгөөтэй байгаа. Үүнээс гадна өсвөрийн тамирчдыг Азийн аварга, хүүхдийн II олимп, “Монгол туургатан” зэрэг тэмцээн хүлээж байна даа.