
“Эрдэнэс Тавантолгой” компани Хятадын төрийн өмчит Чалкод тавьсан өрөө энэ оны хоёрдугаар улиралд төлж дуусгахаар болжээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь ирэх тавдугаар сард Чалкогийн үлдэгдэлд өр болох 148 сая ам.долларыг дарах болно гэдгээ зарлаад буй юм. Урьдчилж төлөвлөсөн графикийн дагуу дөрөвдүгээр сарын 1 гэхэд 90 сая ам.долларыг 1.5 сая тонн нүүрсээр, тавдугаар сарын 1 гэхэд үлдсэн 60 сая ам.долларыг нэг сая тонн нүүрсээр өрөө дарах гэнэ. Тээвэрлэлт, ложистикийн асуудлаас болж цаг алдаад байгаа болохоос 2.5 сая тонн нүүрсээ уурхайн аман дээрээ хэдийнэ бэлэн болгочихоод байгаа юм байна. Өнгөрсөн жил тээвэрлэлтийн асуудлаас болж өр төлөх асуудал тодорхой хугацаагаар хойшлогдсон талаар Я.Батсуурь захирал ярьдаг. Тэгвэл энэ онд Монголын 10 компани , Хятадын тээврийн компаниудтай гэрээ байгуулж, 416 ачааны автомашиныг тээвэрт явуулж байгаа аж. Мөн тодорхой хугацаагаар түр зогсолт хийгээд байгаа “Энержи Ресурс” компанитай гэрээ байгуулж, тус компаний ачааны 300 автомашинаар нүүрсээ зөөж эхлээд байгаа юм байна. Үнэндээ, дэлхийд хаа ч байхгүй хамгийн чанартай нүүрсийг хамгийн хямд үнээр авч байгаа “Чалко”-гийн хувьд худалдан авч байгаа нүүрснийхээ үнийг нэмэх сонирхолгүй байгаа гэнэ. “Чалко”-д зарж байгаа нүүрснийхээ тээвэрлэлт болон олборлолтын зардлаа “Эрдэнэс Тавантолгой” нөхөж чадахгүй байгаа бололтой. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” эдийн засагт дарамт болсон асуудлаа хэдийд дуусгаж, хэзээ өөдлөх бол гэсэн хүлээлт үүсчихээд байгаа юм.
Хуанлийн хуудсыг эргэн сөхвөл 2011 онд Монголын Засгийн газар “Хүний хөгжлийн сан”-гийн мөнгийг бүрдүүлэх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүүн Цанхийн нүүрсийг барьцаанд тавьж, 350 сая ам.долларыг зээлсэн. Тухай үедээ нэг тонн нүүрсээ 70 ам.доллараар төлөх гэрээ байгуулсан боловч 2013 оны хавар гэрээгээ шинэчилсэн нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд ашигтай хэлэлцээр болж чадаагүй билээ. Тиймээс гэрээний дагуу Чалкод нийлүүлэх коксжих нүүрсний үнэ 70 ам.доллараас 40, өдгөө бүр 35-30 ам.доллараар тооцогдож буй юм. Нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн компаниуд экспортоо түр хугацаагаар зогсоож, өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой” зэрэг төрийн өмчит компаниуд Хятад руу нүүрсээ зөөж буй гэх мэдээлэл бий. Гэхдээ товлосон хугацаандаа тус компани өрөө дарж чадах уу гэдэг эргэлзээтэй асуудал болчихоод байгаа. Учир нь Монголын нүүрсний ганц зах зээл нь Хятад улс бөгөөд тус улсын хувьд гангийн хэрэглээ буурч байгаа гэсэн мэдээлэл бий.
Тус улсын хувьд өнгөрсөн оны нүүрсний үлдэгдэл нөөц ихтэйн дээр, эрчим хүчний мангас гэгдэх Хятадын зах зээлд өрсөлдөөн ширүүсч буй нь Монголын нүүрсний салбарт таагүй байдлыг үүсгээд байгаа. Тиймээс тааламжгүй байгаа өнөөгийн нөхцөлд “Эрдэнэс Тавантолгой”-н өр дарах ажлыг яаравчлах хэрэгтэй байгаа юм. Цаг алдах хэрээр мөнгө урсана гэдэг зах зээлийн бичигдээгүй хууль бий. Нөгөөтэйгүүр “Эрдэнэс Тавантолгой” өрөө дарсан тохиолдолд эдийн засагт тодорхой хэмжээний дэмжлэг болох нь гарцаагүй. Коксжих нүүрснийхээ чанараар дэлхийд тэргүүлдэг хамгийн том ордыг эзэмшиж буй компанийн хувьд “Эрдэнэс Тавантолгой” олон улсын зах зээлд хувьцаа гаргаж, мөнгө босгох боломжтой болно. Өр шир, эдийн засгийн нөхцөл байдлаас болоод IPO хийх хугацаа тодорхой хэмжээгээр хойшлогдохоос өөр аргагүй байдалд байгааг эдийн засагчид ярьдаг. Харин “Эрдэнэс МГЛ”-ын захирал О.Сайнбуянгийн ярьснаар ирэх 2015 оноос энэ асуудал сөхөгдөх бололтой.
“Эрдэнэс Тавантолгой” компани нь өнгөрсөн жил 5.3 сая тонн нүүрс олборлосон бол энэ жил 11 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөөд байгаа ажээ. Гагцхүү тээвэрлэлтийн асуудал болон боруулалт дээр ямар нэгэн гацаа гарчихгүй бол төлөвлөсөн нүүрсээ зарж чадна гэдэгтээ тус компанийнхан итгэлтэй байгаа юм байна.
Н.ХҮСЛЭН