Нийгмийн халамжийг нийтэд шилжүүлье

Хуучирсан мэдээ: 2014.03.06-нд нийтлэгдсэн

Нийгмийн халамжийг нийтэд шилжүүлье

-Нийгмийн халамжийн үйлчилгээг олон нийтийн байгууллага, компани, хувь хүмүүсээр хийлгэх хөшүүрэг хэрэгтэй байна-

Улаанбаатар дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчийн газрын байранд саяхан нэгэн уулзалт болж, энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Мохамед Малик Фолл нэгэн сонирхол татахаар зүйлийг онцолсон юм. Тэрээр “Монгол Улсын хувьд нийгмийн хамгаалалд зарцуулж байгаа мөнгөний хэмжээг ДНБ-ий хэмжээтэй нь харьцуулахад тун өндөр. Энэ үзүүлэлтээрээ Япон, Казахстаны дараа орохоор байгаа ч нийгмийн суурь үзүүлэлт тааруу хэвээр байна. Мөн эдийн засгийн өсөлт байгаа ч энэ нь иргэдийн амьдралд мэдрэгдэхгүй байна” гэж дүгнэжээ. Яахын аргагүй үнэн. Төрийн зүгээс халамжлаад л байдаг, гэвч яагаад үр дүн гарахгүй байна вэ. Үүний гол шалтгаан нь зорилтот бүлгээ нарийн зөв тодорхойлоогүй, халамжаа хавтайруулдагтай холбоотой. Мөн өөр нэгэн шалтгаан нь үүнийг гардан хийж байгаа нь “төр” гэдэгтэй ч холбоотой байх. Өөрсдийнх нь халааснаас гараагүй мөнгийг зарцуулахдаа хамгийн үрэлгэн байдаг гэх эдийн засгийн онол ёсоор хууль тогтоогчид болоод хэрэгжүүлэгчид хамгийн үрэлгэн занд нэгэнт суралцсан байна. УИХ-ын гишүүдийн санаачлан оруулж ирж байгаа хуулиудын санаа нь голдуу мөнгө тараах тухай, халамж хүртээх тухай байх.

Уг нь нийгмийн халамжийн үйлчилгээг олон нийтийн байгууллага, компани, хувь хүмүүсээр хийлгэх хөшүүрэгтэй болчихвол, ийм сонирхол сэдэл төрүүлэх нөхцөл бүрдүүлэхэд л хамгийн хямд зардлаар сайн үр дүнд хүрэх боломж бий.

Хамгийн хялбар арга гэвэл, иргэд болон байгууллага нийгмийн халамжийн арга хэмжээнд эд мөнгөө зарцуулах, хандив өргөсөн тохиолдолд татварын хөнгөлөлт үзүүлэх тодорхой зохицуулалт байж болно. Жишээ нь, АНУ-ын иргэд хуучин эдлэлээ хаялгүйгээр тусламжийн байгууллагад тушаасныхаа төлөө ийм төрлийн хөнгөлөлт эдэлдэг аж. Хэн нэгэн хүн өөрт хэрэггүй хувцас, тавилга, эдлэлээ сайн дурын үйлсэд зориулаад хандивлачихна. Түүнийг хүлээн авагч нь асрамжийн газрынханд зориулах, эсвэл боломжийн хямд үнээр худалдаж, олсон ашгийг нь тусламжид зориулах жишээний. Мэдээж хандивлагчдад зүгээр л “Баярлалаа” гээд орхичихгүй. Хандив өгсөн хувь хүнийг татвараа төлөх үед нь хөнгөлөлт үзүүлнэ. Энэ үйлчилгээг эрхлэгч “Good will” буяны корпорацийн Вашингтон дахь ахлах менежер Брайдон Харлей үйлчилгээнийхээ талаар тайлбарлахдаа “Хүмүүс эд зүйлс хандивлахын зэрэгцээ хандивын тусламжийн гэрчилгээ авдаг. Жил бүр татвараа мэдүүлэх үед нь эдгээр хүмүүсийн татварыг хөнгөлдөг тогтоол бий. Ингэж л хүмүүсийн хэрэглэхээ больсон барааг хэрэгтэйд нь хүргэж, олсон орлогыг буяны үйлд зориулах боломж бий болдог” хэмээн ярьсан юм.  
Яг энэ жишгээр ажилладаг хуучин барааны захууд Франц, Германд ч байдаг гэнэ. Тэнд юм бүхэн бий. Хуучин боловч хэрэглэж болохуйц, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бараа хэрэглэх нь дэлхийн дулаарлын эсрэг үйлсэд хувь нэмрээ оруулж байна гэж үздэг болоод эрэлт хэрэгцээ ч өндөр гэнэ. Орлогын төвшнөөс үл хамааран загвар, чанараар нь сонголт хийх үйлчлүүлэгчид олонтой. Тэд хуучин бараа хэрэглэж байна гэдгээсээ нэрэлхдэггүй.

Нийгмийн халамж шаардлагатай хэсэгт олон нийтийн анхаарлыг хандуулах, хүрч ажиллах боломжоор хангахад оюутны хүчийг ашиглах өөр нэг арга байж болно. Монгол Улсын хүн амын 50-иас илүү хувь нь залуус. Жил бүр тогтмол 200 мянган оюутан их, дээд сургуульд суралцдаг ч гэдэг. Нийгмийн сайн дурын ажилд энэ том хүчийг ашиглах бүрэн боломж бий. Оюутан бүр хичээлийн жилд тодорхой хугацааг нийгмийн халамжийн байгууллага, сайн дурын ажил эрхлэхэд зориулж яагаад болохгүй гэж. Түүнийг нь тооцож, кредитээр үнэлэхэд л хангалттай. Хүсэхгүй, чадахгүй гэсэн нь тодорхой хэмжээний мөнгийг нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагад шилжүүлэх зохицуулалтаар сонгох хувилбар гаргасан ч болно.

Энэ мэт аргийг дэмжээд өгвөл төсвийн хамаг мөнгийг хавтгайрсан халамжид зарцуулснаас илүү хэмнэлт гарах боломж байна. Нийгмийн халамжийн үйлчилгээг олон нийт хийх санаачлагыг нь л дэмжээд өгчихвөл ч болохгүй зүйлгүй шүү дээ.

Б.ЭНХМАНДАХ
“NEWSWEEK” сонин №051

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж