
Хаврын
чуулган эхлэхээс урьтаж МАН-ын дарга М.Энхболд төвийн бүсийн зургаан
аймгийн иргэд сонгогчидтой биечлэн уулзаж санаа бодлыг нь сонсохоор
төлөвлөсөн билээ. Энэ ажлын эхлэл болгож Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул
аймагт ажиллалаа. Ажлын хэсгийн баг бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, МАН-ын
төвийн бүс хариуцсан нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн,
хангайн бүс хариуцсан нарийн бичгийн дарга О.Содбилэг болон бусад газар
хэлтсийн дарга нар ажиллав. Энэ удаагийн уулзалтын зорилго ард иргэддээ
улс орны эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлын талаар үнэн бодитой
мэдээлэл өгөх, иргэдийн санал бодлыг эх баригчдад уламжлах, ажил хэрэг
болгохыг зорьсноос гадна орон нутагт тулгамдаж буй бэрхшээл, түүнийг
шийвдэрлэх арга замыг хамтдаа эрэлхийлэхийг нэн тэргүүнд тавьсан юм.
Ард олонтойгоо уулзах эхний уулзалт Ардын хувьсгалын өлгий хот Сэлэнгэ
аймгийн Сүхбаатар хотоос эхэлсэн. “Сэлэнгийн долгио” чуулгад Ардын намын
дарга, гишүүдтэй уулзахаар залуус, хөгшид буурай нар булан тохиогүй
цугларсан байв. МАН-ын XXVII их хурлын дараа намын удирдлага, гишүүд
21 аймгаа нар зөв тойрч иргэд, сонгогчдийнхоо үгийг сонссон. Тэр үеэр
ярьж байсан тэтгэвэр тэтгэмж, цалингийн нэмэгдэл, эдийн засгийн хямрал,
өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг ч энэ удаад иргэд
хөндөв. Байдал тэр үеийнхээс бүр дордож, үнийн өсөлтөд “чирэгдэж”
байгаа тухай учирлав.
Сэлэнгэчүүдийн амьжиргааны гол эх үүсвэр
газар тариалан. Үүгээрээ ч олон брэнд бүтээгдэхүүнтэй гэдгийг бид мэднэ.
Хаврын тариалалтын газар шорооны ажил эхлэх болсон энэ үед шатахууны
үнэ нэмэгдсэн, 100 мянган тонн улаан буудайг гаднаас импортоор авах
болсноор тариаланчдын нөр их хөдөлмөр үнэгүйдэж байна хэмээн
тариаланчид бухимдалтай байсан юм. Тиймээс цаашид энэ мэт олон
асуудалтай тууштай тэмцэж, санаа бодлоо илэрхийлж эх баригчдад
уламжлахыг МАН-ын дарга, гишүүдээс хуран цугласан иргэд хүсч байв.
Сэлэнгэ аймгийн Сайхан суман дахь Хөтөлийн цемент шохойн үйлдвэр
хаалгаа барьсан гэх таагүй мэдээг иргэд дуулгасан юм. Сайхан сум 10
мянган хүн амтайгаас 900 гаруй нь цементийн үйлдвэрт ажиллаж, амь
амьжиргаагаа залгуулдаг. Тэгвэл өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш
ажилчдынхаа цалинг тавьж чадахаа байж, хаалгаа барьжээ. Үүний гол
шалтгаан нь урд хөршөөс хямд үнэтэй цемент нийлүүлж, дотоодын зах
зээлийг булаасантай холбоотой гэж үзэж байна.
Дарханчуудтай
уулзах үед ахмадууд мөн л тэтгэврийн нэмэгдэлд сэтгэл гонсгор
байгаагаа хэлж байна. Гуравдугаар сарын 1-ний Эх орончдын МАХН
өөрийнх нь баярын өдөр хэмээн тэмдэглэж ярьж байгааг юу гэж ойлгох вэ,
малын гоц халдварт шүлхий өвчин газар авлаа, энэ асуудлаар Засгийн
газарт яагаад хариуцлага тооцохгүй байна вэ гэж олон иргэн асууж байв.
Эдгээр асуултад МАН-ын дарга М.Энхболд “МАХН хоёрхон жилийн түүхтэй.
Манай намын гишүүн байсан хүмүүс энэ намыг байгуулсан. Хэсэг бүлэг
хүмүүс нийлээд ямар ч нам байгуулж болно. Харин нэгнийхээ нэрийг
авчихаад хийсэн бүтээсэн ажил, өнгөрсөн түүхийг өөр дээрээ наах үйлдэл
гаргаж байгааг нь би болон манай намын гишүүд зохимжгүй үйлдэл гэж үзэж
байгаа. Хоёр жилийн түүхтэй нам XX зууны Монгол орны цэцэглэлт, хөгжилт
бүтээн байгуулалтын өнгөтэй өөдтэй бүхнийг манай намын хийсэн бүтээсэн
зүйл гэж яриад, 93 жилийн ойг тэмдэглэж таарахгүй” гэсэн юм. Тэрбээр
цааш “Хариуцлага тооцох тогтолцоог өнөөгийн эрх баригчид үл ойшоодог
хэмээн шүүмжилсэн. Үүний тод томруун жишээ өнгөрсөн оны наймдугаар сард
улс орны эдийн засаг хүнд нөхцөл байдалд орох нь гэдгийг мэдэрч ээлжит
бус чуулган хуралдуулах тухай санал гаргасан ч авч хэлэлцээгүй. Үүнээс
хойш хэд хэдэн асуудлаар сайд нарт хариуцлага тооцох тухай санал
дэвшүүлсэн ч авч хэлэлцээгүй. Хариуцлага тооцох тухай асуудлыг үл
ойшоодог ийм л Засгийн газар. Гэхдээ бид хойш суухгүй. Улам шамдаж,
шавдуулж ажиллана. Хариуцлага тооцох асуудлыг өөрийн нам дотроо ч авч
хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Шүлхийтэй холбоотой асуудалд ч Засгийн газар
хариуцлага хүлээх ёстой. Өнгөрсөн нэгдүгээр сарын 27-нд шүлхийн анхны
дуудлага Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газарт ирсэн. Гэтэл малын гоц
халдварт шүлхийтэй холбоотой асуудлыг хоёрдугаар сарын 14-нд Засгийн
газрын хуралдаанаар авч хэлэлцсэн. Улсын нөөцийн санд нэг ширхэг ч
вакцин байхгүй байсан. Одоо ирж байгаа вакцин нь хөлдсөн гэж дуулсан.
Гэхдээ албан ёсны мэдээлэл байхгүй байна. Хэрэв энэ үнэн бол хариуцлага
тооцох тухай асуудлыг дахиад тавина” гэсэн юм.
МАН-ын 100 жилийн
ой 2020 онд болно. Тэр үед улс төрийн ууган том нам ямар байх ёстой вэ
гэсэн намын хөгжлийн стратеги төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг
байгуулжээ. Энэ оны эхний хагас жилд багтаан МАН-ын хөгжлийн бодлогыг
тодорхойлсон баримт бичиг “төрөх” юм байна. МАН-ын дарга М.Энхболдын
өгүүлснээр “Монголын улс төрийн намуудаас богино болон дунд, урт
хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлсон нь байхгүй. Улс төрийн ууган
хүчний хувьд жинхэнэ ард түмнийхээ дунд орсон, ард түмний нам болохын
тулд бид юу хийх ёстой вэ гэдгийг тодорхойлох зорилго, чиглэлтэй” гэсэн
юм. Ахмадуудын өөр нэг шүүмжлэлтэй хандаж байсан асуудал түүхт
дурсгалт газруудын нэр өөрчлөх, хөшөөг нүүлгэн шилжүүлж байгаатай тэмцэх
хэрэгтэй гэх саналыг дэвшүүлсэн. Үүнд ч Ардын намын дарга санал нэгтэй
байгаагаа илэрхийлж, өнгөрсөн түүхийг мушгин гуйвуулж, үгүйсгэсэн хэн
бүхэнтэй хатуу тэмцэнэ гэсэн юм. Эдийн засаг хямарч, ард түмний амьдрал
хүнд байгаа энэ үед УИХ-ын дэд дарга,МАН-ын дарга М.Энхболд ард
иргэдтэйгээ биечлэн уулзаж, ярилцсан нь зөв алхам боллоо хэмээн
дүгнэсэн. Ажлын хэсгийнхэн өнөөдөр, маргааш Төв, Өмнөговь, Дундговь
аймагт ажиллана.