Британид “Монгол боловсролын төв” нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2014.03.05-нд нийтлэгдсэн

Британид “Монгол боловсролын төв” нээгдлээ

Британийн зүүн эргийн бүс нутаг дахь монголчууд, тэдний үр хүүхдэд монгол хэлний сургалт явуулах, Монголын түүх соёлыг түгээн сурталчлах зорилготой “Ийст Мидланд дахь боловсролын төв”-ийн нээлтийн ажиллагаа энэ сарын 1-нд боллоо.

Монгол боловсролын төвийн нээлтэд Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайд Н.Тулга, ЭСЯ-ны зөвлөх С.Ганхуяг нар оролцов. Мөн Британи дахь Монголчуудын төрийн бус байгууллагуудын төлөөлөл, Лондон дахь Монгол хэлний сургалтын төвийн багш Я.Болортуяа, Ноттинхамын Хотын зөвлөлийн гишүүн бөгөөд Хотын орлогч дарга Я.Малколм, Хотын зөвлөлийн гишүүн С.Вэбстэр нар оролцлоо.

Нээлтийн ажиллагааны үеэр Британийн Хатан хаанаас ирүүлсэн мэндчилгээг уншиж танилцуулав. Ийст Мидланд дахь Монгол боловсролын төвийг байгуулж, үйл ажиллагаа эхлүүлж байгаад баяр хүргэн тус төвийн хүүхдүүдэд амжилт хүсч байгаагаа Хатан хаан мэндчилгээндээ дурджээ. Түүнчлэн Британийн парламентын гишүүн Лилиан Грийнвүүдээс тус төвд хандан захидал ирүүлж, Британид суугаа монгол хүүхдүүдэд түүх, соёлоо таньж мэдэхэд тус төв чухал ач холбогдолтой болохыг онцолсон.

Төвийн нээлтэд оролцож хэлсэн үгэндээ Элчин сайд Н.Тулга гадаад оронд суугаа монгол иргэдийн хүүхдүүдэд монгол хэл заах талаар Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн зорилго, авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулж,  эл зорилгыг хэрэгжүүлэх талаар ЭСЯ-наас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг мөн дурдав. Тэрээр хэлсэн үгэндээ Ийст Мидланд бүс нутагт монгол хэлний сургалт эхлүүлж байгаа монгол иргэдийн хүчин зүтгэлийг өндрөөр үнэлж, ЭСЯ-аас зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлэхээ илэрхийлэв. Мөн сургалтын төвийн үйл ажиллагаанд амжилт хүсч, Монгол хэлний сургалтын төв байгуулж байгаа нь тус бүс нутагт Монголын соёлын өвийг суртлачлах нэгэн эх сурвалж болно гэдгийг тэмдэглэв.

Үүний дараа Элчин сайд Ийст Мидланд дахь Монгол боловсролын төвийн монгол хэлний анхан шатны анги төгсөгч 19 хүүхдэд сургалтын төвийн гэрчилгээг гардуулж, хүүхдүүдийн хичээллэх явцтай танилцан, тэдний бэлтгэсэн урлагийн тоглолтыг үзэж сонирхов.

Эх сурвалж: www.mfa.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж