
Уг шаардлагад одоогийн гүйцэтгэх захирал Т.Бат -Очийг ажилд нь үлдээх, ТУЗ-ийн гишүүдийг тодорхой болгож ажиллагсдад мэдээллэх, ажиллагсад 10 хувийг эзэмшихийг дэмжих, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай гэрээ байгуулсан эсэхээ тодорхой болгох зэрэг таван асуудал тусчээ. Үүний хариуг 2 сарын 28-ны дотор өгнө үү гэсэн албан шаардлагыг ТУЗ-д өгсөн байна. Иймд “Ачит-Ихт” ХХК-ийн Төлөөлөл удирдах зөвлөл буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагааны эхнэр н.Эрдэнэчимэг, гүйцэтгэх захирал Т.Бат-Оч тэргүүтэй гишүүд хуралдаж ажилчдын хүссэн мэдээллийг өгөхийн сацуу ажилдаа хайнга хандсан гүйцэтгэх захирал Т.Бат-Очид хариуцлага тооцжээ. Тодруулбал, Т.Бат-Оч өөрийн хүсэлтээр захирлын ажлаа хүлээлгэж өгсөн байна.
Захирал асан Т.Бат-Оч өөрийн хувийн бизнес болох ноос, ноолууран үйлдвэрийнхээ ажлыг хийхээр Улаанбаатар хотыг зорьжээ.
Тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь ийнхүү ажиллагсадтайгаа уулзаж 10 хувь эзэмших хууль эрх зүйн үндэслэл байхгүй мөн үйлдвэрийн газрын зөвшөөрлийг түргэн шийдвэрлэх, БНХАУ-ын Эрээн хотод хүлээгдэж буй хүхрийн хүчлийг удахгүй үйлдвэртээ авчрахад анхаарна гэж мэдээлсэн байна. Ер нь аливаа байгууллага, компанийн удирдалгууд үйл ажиллагаа болон санхүүгийн мэдээлэл, хувь эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийнхөө талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгдөггүйн улмаас ийнхүү буруу ойлголцоход хүргэдэг. Тодруулбал, мэдээлэлгүй иргэн байнга хардаж байдгийг жишээ энэ юм.
“Ачит-Ихт” ХХК нь 2011 оноос үйлдвэрийнхээ барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ оны дөрөвдүгээр сард нээлтээ хийж анхны бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх зорилготой. Уг компанийн 51 хувийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагааны гэр бүл, 34 хувийг нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК, үлдсэнийг нь хувь хүмүүс эзэмшдэг. Үүнээс гадна гадаадын хөрөнгө оруулалттай тул бүтээгдэхүүнээ барьцаалж зээл авсан тул цэвэр зэсээ үйлдвэрлэж эхлэнгүүт зээлээ төлнө гэсэн үг. Мөн “Голомт” банкнаас зээл авч үйлдвэрээ босгосон байна. “Ачит-Ихт” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн овоолгыг ашиглаж цэвэр зэс үйлдвэрлэнэ. Жилд 10 мянган тонн зэс үйлдвэрлэх хүчин чадалтай ажээ. Одоогийн байдлаар 120 гаруй ажиллагсадтай. Ажиллагсдын дундаж цалин 500-700 мянган төгрөг.
Орхон аймагт “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ашигласан овоолгыг дахин ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Зэс-Эрдэнийн хувь”, “Эрдмин”, “Ачит-Ихт” гэх гурван компани байдаг. “Эрдмин” ХХК нь байгуулагдаад олон жил болж байгаа бөгөөд үйл ажиллагаа нь жигдэрсэн. Тус үйлдвэрийн 25 хувийг “Эрдэнэт үйлдвэр” эзэмшдэг. Учир нь үйлдвэрийн овоолго, шороог ашиглаж байгаа болохоор тэр. “Ачит-Ихт” ХХК нь ч мөн үүний адил зарчмаар ажиллана. Харин “Зэс-Эрдэнийн хувь” ХХК нь “Ачит-Ихт” ХХК-тай барьцаж байгуулагдсан гэхэд болно.
Эх сурвалж: http://erdenetinfo.mn