Хуучирсан мэдээ: 2014.03.05-нд нийтлэгдсэн

Дон Жуан гэж хэн бэ?

17-р зуунд амьдарч асан муу нэрээрээ алдартай, хүүхэмсэг эр Дон Жуан… Түүний тухай хүмүүс ингэж л хэлэх байх. Үнэндээ Дон Жуан гэж хэн байв? Энэ асуултын хариултыг ирэх амралтын өдрүүдэд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид үзэгчдэд өгөх нь.

Тэд алдарт В.А.Моцартын “Дон Жуан” дуурийг гуравдугаар сарын 8, 9-нд тайзнаа сэргээн тавихаар хэдийнэ бэлтгэлдээ оржээ. Суут хөгжмийн зохиолч В.А.Моцартын бичсэн нэгэн шалиг залуугийн эмгэнэлт түүхийг өгүүлдэг энэхүү дуурь бас л нэгэн гайхамшигт бүтээл билээ. Л.Бетховений симфонизм хосгүй үзэгдэл байсны нэг адил В.А.Моцартын дууриуд тухайн үеийн нийгмийн олон талт зөрчлийг тусган харуулснаараа дан ганц урлагийн хөгжлийг дэвшилд хүргээд зогссонгүй, нийгмийн агуулгаараа ч баялаг үзэгдэл болж байв. Залуу хүн болгон “Дон Жуан” дуурийг заавал үзэх ёстой гэсэн бичигдээгүй хууль дэлхийд нэгэнт буй болжээ. Иймд ирэх амралтын өдрүүдэд та бидэнтэй танилцах “Дон Жуан” дуурийн талаарх товч мэдээллийг хүргэе. Хөгжмийн зохиолч В.А.Моцарт Прагт тавигдсан "Ле ноцце ди Фигаро"-гийн анхны тоглолтонд өөрийн биеэр хvрэлцэн очжээ. Энэ аялалаас буцахдаа шинэ дуурийн захиалга өвөртлөсөн нь "Дон Жуан" байсан бөгөөд анхны тоглолт нь Ностицийн Үндэсний театрт амжилттай болж өнгөрсөн гэдэг. Германы романтик яруу найрагч Е.Т.А. Хофманний энэ дуурийг бүх дуурийн “дээж” гэж нэрлэсэн.

В.А.Моцартын “Дон Жуан” дуурь нь Өрнөдийн хамгийн хvндтэй бөгөөд олны сэтгэлд хүрсэн дуурийн нэг юм. Өнөөг хүртэл яруу найрагчид, гүн ухаантнуудын сонирхлыг татсан дүр “Дон Жуан”-аас өөр байхгүй бизээ. Энэхүү дүр нь /судлаачдын таамаглалаар анх 1624 онд тайзнаа тавигдсан/ Тирзо де Молинагийн алдартай "Еl Burlador de sevilla y conbidado de piedra" жүжигт анхлан дүрслэгдсэн гэхгүй ч В.А.Моцартын дууриар төгсгөл болоогүй юм. Европын уламжлалаас үл хамааран дорно зүгийн орнуудад ч Дон Жуаны түүхтэй төстэй явдлууд, зан төрхтэй нь адил дүрүүд байсныг үгүйсгэхийн аргагүй.

Марловын зохиолд гардаг, Испанийг Африктай агаарын гүүрээр холбохыг мөрөөдөгч, эрдэмтэн Фауст болон язгууртан, ёс суртахуунгүй Дон Жуан хоёр хоорондоо нэг дүр мэт адил. Түүхэнд бодит Дон Жуан Тенорио 14-р зуунд Испанид амьдарч байсан гэгддэг. Испанид язгууртан гаралтай эрчүүд хүүхэн эргүүлж, бухтай тулапдахаас өөрийг мэддэггүй байжээ. Испаниас эхлэл аван Дон Жуаны дүр европ даяар тайзнаа тавигдаж эхэлжээ. Италид “Commedia dell arte” инээдмийн дүрээр, Францад Мольер 1665 онд “Don Juan ou Le Festin de Pierre” жүжгэндээ бурхан шашин үгүйсгэгч, увайгүй сэхээтний дүрээр бүтээн харуулна. Английн зохиолч Томас Шадвеллын The Libertune Destroyed (1676) жүжгэнд Дон Жуан нэгэн зэрэг зургаан бүсгүйтэй гэрлэнэ. В.А.Моцартын цаг үеийн гол зорилго нь гүн ухааны гэгээрлийн тугийн дор хvний зан авир, хоорондын харьцааг оюуны дээд хэмжээнд хүргэх явдал байжээ. Хүмүүс Моцартын "Шидэт лимбэ" зохиолын баатар болох дээд лам Сарастросын сургаалийг шүтэн дагах ёстой байтал, Фауст болон Дон Жуаны дураараа, нийгэмд үл зохицсон зан чанарт нь сэтгэл татагддаг байв. Гэтэл эдгээр дүрүүд нь маргаашаа бодолгүй "зөвхөн өнөөдрөөрөө амьдарч, ёс суртахууныг үл тоон, ямар ч аюулыг үл харгалзан сэтгэлээ хангаж, санасандаа хүрдэг хүмүүс”-ийг харуулсан байдаг аж.

М.ДӨЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж