Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Пайпэр Энн Уинд Кэмбэллийг хүлээн авч уулзав.
Сайд Д.Бат-Эрдэнэ монголчуудын дээдлэн хүндэлдэг морин жилийн босгон дээр ийнхүү уулзаж байгаагаа билэгшээн, өнөөг хүртэл үргэлжилж ирсэн хоёр орны найрсаг харилцаа, ялангуяа батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа цаашид улам гүнзгийрэн хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа онцлон тэмдэглэж, бүс нутгийн болон олон улсын аюулгүй байдлыг сахин хамгаалах, олон улсын энхийг дэмжих ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа Монгол улсыг бүхий л талаар дэмжиж явдагт талархаж буйгаа илэрхийллээ.
Элчин сайд, хатагтай Кэмбэлл ч морийг дээдлэн хүндэлдэг, сонирхол нэгтэйгээ дурдаад, хүлээн авч уулзаж буйд талархаж байгаагаа хэллээ. Тэрбээр, энэ онд хоёр орны Батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний хамтын ажиллагаа улам гүнзгийрэн хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд Монгол, АНУ-ын батлан хамгаалах харилцааны өнөөгийн байдал болон цаашдын хөгжлийн ирээдүйн талаар санал солилцож, тодорхой чиглэлээр хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх талаар хэлэлцлээ.