”Ажил хүнийг голохоос биш, хүн ажлыг голохгүй” гэдэг

Хуучирсан мэдээ: 2014.03.05-нд нийтлэгдсэн

”Ажил хүнийг голохоос биш, хүн ажлыг голохгүй” гэдэг

 “Ямар ч ажлыг чин сэтгэлээсээ хийх хэрэгтэй. Ажил хүнийг голохоос биш, хүн ажлыг голдоггүй гэх сайхан үг бий” хэмээн ярих энэ хүнийг Аяахүүгийн Баяраа гэдэг. Өглөө гэрээс гарах бүрт л орц цэвэрлэж байдаг энэ эрхэм гав шав хийсэн шаламгай нэгэн. Тэрээр ёстой өнөөх “ажилсаг шоргоолж” гэдэг шиг байнга цэвэрлэгээ хийж явах. Түүний цэвэрлэсэн байр бусдаасаа арай л өөр. Аливаад сэтгэл гаргаж, өөриймсөг ханддагийнх нь нэгэн илрэл энэ биз ээ. Түүнтэй ажил, амьдралынх нь тухай цөөн хором хөөрөлдлөө.

-Та Хот тохижуулахад хэдэн онд оров?

-Таван жилийн өмнө, анх байгуулагдахад нь л орсон. Эрдэнэбулган сумын Засаг дарга байсан Намжилдорж надад санал тавьсан. Би ч дуртай хүлээн авсан. Би чинь 1998 оноос 72 айлын орон сууцыг цэвэрлэж эхэлсэн юм. Өөрийн санаачилгаар. Нэг айлаас 100 төгрөг авчихна аа бас. Тэгэхээр сарын цалин маань 70 гаруй мянган төгрөг болдог байлаа. Тэр мөнгийг Үйлдвэрчний хорооны дарга байсан Батанов айл айлаас цуглуулж өгнө. Тэр үед ажил олдохгүй хэцүү байлаа шүү дээ. Ажилгүй сууж байхаар цэвэрлэгээ хийж, хүмүүст буян болъё гэж бодоод энэ ажлыг хийж эхэлсэн дээ.

-Цэвэр цэмцгэр байдлыг бусдад бэлэглэнэ гэдэг буян байлгүй яахав. Таньтай хамт хичнээн хүн ажиллаж байна бэ?

-12 хүн ажиллаж байна. Тав нь орон сууцны гадна, дотно талын цэвэрлэгээг хийж, долоо нь гудамж, талбайн цэвэрлэгээ хийдэг. Заримдаа бөөгнөрсөн, хур хогийг хамтдаа явж цэвэрлэнэ.

-Ажлын цаг?

-Өглөө наймаас ажилдаа гарч 12 цагт ундандаа яваад 14 цагт эргэж цэвэрлэгээндээ орж 18 цагт бууна даа. Ажлын найман цагтай. Орой 17 цагт байрнуудынхаа хогийг бөөгнүүлж ачуулна. Би 1-48, 5-36, 6-36 айлын орон сууцыг хариуцан ажилладаг. Хагас, бүтэн сайнд амарна. Шаардлагатай үед амралтын өдрөөрөө ч ажиллана. Энэ бүх хугацаанд муу цэвэрлэлээ гэсэн хэл ам гарч байсангүй. Харин ч таниар байраа цэвэрлүүлмээр байна гэсэн хүсэлт тавьдаг юм.

-Ажил, мэргэжил бүхэн өөрийн гэх онцлогтой. Таны хувьд?

-Би өөрөөрөө бахархдаг. Учир нь хүмүүст цэвэр сайхан орчин бэлэглэж байгаа болохоор. Орон сууцны орц, гэр хорооллынхны гудамж чинь тухайн айлын нэгэн хэсэг гэж би боддог. Орц нь, гудамж нь цэвэр цэмцгэр байхад хүн бүр л сэтгэл дүүрэн байна шүү дээ. Тиймээс л би өөрийнхөө ажлаар бахархаж, ажлаа чин сэтгэлээсээ хийдэг.

-Тэгвэл таны ажлын бэрхшээлтэй тал нь?

-Баяр ёслолын үеэр их хэцүү. Орцондоо бөөлжих, хүндрэх гээд. Хог хаях бол наад захын асуудал. Бас муур их болжээ. Орцондоо гаргаад тавьчихсан хогийг муур задлаад талын нэг болгочихдог. Хүмүүс гэрт нь биш бол яахав гэж боддог юм шиг байгаа юм. Орц ч гэсэн уг таны л тав тухай амьдрах нэг орчин шүү дээ. Орцондоо яагаад өөриймсөг сэтгэлээр хандаж болдоггүй юм бол доо. Би заримдаа гайхдаг юм. Орцоороо л дамжиж гэртээ орно биз дээ. Хүмүүсийн ухамсар дорой байна уу даа.

-Тийм шүү. Тэгэхээр та тэдэнд хандаж юу хэлэх бэ?

-Хэлэх зүйл их байна аа. Орц, гудамж, талбай ер нь хаана ч хог хаягдлаа битгий хаяж байгаарай. Энэ орчилд та, таны үр хүүхэд, ойр дотныхон чинь амьдарч байгааг ямагт санаж яваарай. Хог шороотой, бохир орчинд ядаж л тав тухгүй шүү дээ. Цэвэр цэмцгэр орчинд цэвэр агаараар амьсгална гэдэг сайхан. Хэрвээ та гудамж талбай, орцонд хогоо хаяхгүй байвал таны үр хүүхэд ч мөн л хогоо энд тэнд хаядаггүй болж төлөвшинө. 

-Та хичнээн төгрөгийн цалин авч байна вэ?

-300 гаруй мянган төгрөг авдаг. Татвар энэ тэрээ өгөөд 265 мянган төгрөг гар дээрээ авдаг даа. Болоод л байх юм аа. Ямар хүнээс гуйж байгаа биш, өөрийнхөө хөдөлмөрөөр, өөрийнхөө хөлс хүчээр олж байгаа юм болохоор сайхан шүү.

-Та ам нээх бүрдээ л “Ажлыг голж болохгүй” гэх юм?

-Үнэхээр ажлыг голж болохгүй. Хүн ажилтай байж гэмээ нь өөртөө итгэлтэй, хамт олонтой, сэтгэл дүүрэн явдаг юм. “За даа энэ ажил ч дэмий, цалин нь ч бага” гээд л голоод гэртээ суугаад байвал хэн мөнгө төгрөг өгөх бэ дээ. Ямар ч ажлыг гололгүй, чин сэтгэлээсээ хийвэл үр өгөөжийг нь амсах л болно. Би хэзээ ч энэ ажлаа голж явсангүй. Харин ч хүмүүст цэвэр орчин, эрүүл мэнд бэлэглэж байна гэж боддог. Бид сайн үйлсийн эзэд юм шүү.

-Таныг амралтаараа “Оргил” рашаан сувилалд амардаг гэж сонссон?

-Тийм. Амралтаараа “Оргил”, “Хужирт”-т эхнэртэйгээ амарчихдаг. Ажлыг гололгүй хийсний минь л үр шүү дээ, энэ бүхэн.

-Мартсанаас мал мэнд үү гэгчээр гэр бүлийнхнээ танилцуулахгүй юу?

-Миний эхнэрийг Д.Дашдорж гэдэг. Нийтийн ахуйн үйлчилгээнд үйлчлэгч хийдэг байсан. Сүүлдээ Хот тохижуулахад орж бид хоёр хамт ажилладаг болсон. Одоо тэтгэвэртээ гарсан даа. Бид ам бүл тавуулаа. Хүү маань их сургуулийг онц төгсөж, одоо магистрт сурч байгаа. Сургуулиа онц төгссөн гээд 50 хувийн тэтгэлэгт хамрагдсан. Эхнэр бид хоёр хүүгийнхээ төлбөрийг мөн л ажлынхаа хөлс хүчээр төлж ирсэн. Тэгэхээр л “Ажил хүнийг голохоос биш, хүн ажлыг голдоггүй” гэх сайхан үг санаанд орж ирдэг юм. Хөдөлмөрийн хөлс, хүч гэдэг чинь энэ шүү дээ.

-Та аль нутгийн хүн билээ?

-Эрдэнэбулган сумынх. Аав, ээж хоёр маань Ихтамирын Улаалзайд нутагладаг байлаа. Би өөрөө долуулаа, айлын дөрөв дэх хүүхэд. Өнөр өтгөн айлд өссөн дөө.

-Таныг ойр дотныхон чинь ном унших дуртай гэж тодорхойлж байсан?

-Тийм. Зав чөлөө л гарвал ном, сонин уншдаг. Хамгийн сүүлд Лхагвасүрэнгийн “Хэрлэнгийн гол” гэдэг ном уншлаа. Бас яруу найрагт элэгтэй. Ер бол дөрвөн мөртүүд цээжинд л явна шүү. Ойрд харин ном, сонин унших зав гарсангүй. Сар шинэ болоод тэр байх даа. Хүү маань хотоос ирээд, бид гурав Цэнхэр рүү Хүрлээ ахынд очиж золгосон. Тэгээд бараг л гэрээс гарах завдалгүй л хүүхдүүд орж ирж золгоод. Нас ахиж байгаагийнх юм даа. Сайхан жил гарч байна аа. Идээ ундаа нь элбэг дэлбэг, хүн зон нь амгалан сайхан байна аа.

-Та Архангайчууддаа сар шинийн мэнд дэвшүүлнэ үү. Өнөөдөр хаврын эхэн сарын шинийн наймны билэгт сайн өдөр аж?

-Нээрээн шинийн найман шүү дээ. Яасан сайхан билэгтэй юм бэ. Элэг нэгт Архангайчууддаа энх мэндийн хадаг өргөж, зон олноороо энх тунх, эвтэй найртай явахын ерөөлийг өргөн дэвшүүлье.

Б.БАЯСГАЛАН

Эх сурвалж: "АРХАНГАЙ ТОЛЬ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж