
Тэрбээр В.Януковичийн хүсэлт бүхий видео бичлэг, захидлыг Аюулгүйн зөвлөлийн гишүүдэд танилцуулаад “Украинд эмх замбараагүй байдал, хэт даврах үзэлтнүүд хүчээ авч байна. Ялангуяа Украины зүүн өмнөд хэсэг, Крымын ард иргэдийн аюулгүй байдал эрсдэлд учирчээ. Барууны орнуудын суртал ухуулгын дор үндсэрхэг үзэлтнүүд хүчирхийлэл, алан хядах ажиллагааг ил тод явуулж байна. Энэхүү балмад ажиллагаагаа тэд улс төрийн үзэл бодол хэл соёлын зөрүүгээр дамжин илэрч байгаа юм. Тийм учраас В.Янукович ард иргэдээ хамгаалах, Украинд энх тайван, эмх журмыг тогтоох зорилгоор цэрэг зэвсгийн тусламж үзүүлэхийг ОХУ-ын Ерөнхийлөгч Путинаас хүссэн юм” хэмээн мэдэгдсэн байна. Мөн Украинд үүссэн нөхцөл байдлыг дээрдүүлэхийн тулд бусад улсын оролцоог ОХУ үгүйсгэхгүй байгаа гэдгийг онцлон тэмдэглэжээ.
“Асуудлыг олон улсын оролцоотойгоор шийдвэрлэх боломж байгааг ОХУ ойлгож байгаа. Нөхцөл байдал ямар байгааг үнэлж дүгнэх шинжээчдийн хэсгийг НҮБ-аас томилон ажиллуулж болно. Европын холбоо, АНУ-тай ч хамтран ажиллахаас татгалзахгүй. Гэвч яг одоогийн нөхцөлд ингэх нь хэтэрхий их цаг авсан ажил болох гээд байна. Европын аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллага болон бусад байгууллагын шинжээчид Украинд нөхцөл байдал алгуурлаж болохгүй хэмжээнд хүрчихээд байгааг баталсаар байгаа юм. Бид цаг алдаж болохгүй” гэж Виталий Чуркин мэдэгдсэн юм.
Хуралдааны үеэр АНУ болон бусад орон ОХУ-ыг цэрэг оруулахыг буруу шааж шүүмжилсний хариуд Виталий Чуркин АНУ 1983 онд Гренада аралд цэрэг оруулж байсан үйлдлийг нь сануулсан байна. Тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган цэрэг оруулах болсон шалтгаанаа “Аралд амьдарч байгаа америк иргэдээ хамгаалахын тулд ингэж байна” хэмээн тайлбарлаж байсан юм. Виталий Чуркин АНУ-ын төлөөлөгчид энэ талаар яриад “Мөн Гренада аралд 1000 гаруйхан хүн амьдардаг байсан. Тэр үед эрх баригчидын зүгээс иргэддээ заналхийлсэн ямар ч асуудал байгаагүй атал та бүхэн цэрэг оруулж байсан. Тэгвэл одоо бүхэл бүтэн сая гаруй хүний амь нас эрх чөлөөнд нь бодит аюул учраад байгаа талаар яригдаж байна” хэмээн хатуу мэдэгджээ.
Хэдий В.Чуркин АНУ болон барууны орнуудын төлөөлөгчдийн тавьсан асуулт, шүүмжлэлийг сонсч, амжилттай няцаасан боловч барууны хэвлэлүүдэд “ОХУ ялагдсан” гэсэн утгатай мэдээлэл түгээж байна. Ийм утгатай маш олон мэдээллээс “В.Путин ялагдах дөрвөн шалтгаан” гэсэн гарчиг бүхий нийтлэлийг сийрүүлэн хүргэе.
Нэгдүгээрт: Их найман улсын нэг ОXУ-ын Ерөнхийлөгч В.Путины хувьд түүний энэ шийдвэр нь түүнийг түүхэнд буруутайгаар бичигдэж болохуйц том алдаа болж байгаа юм. Өнгөрсөн даваа гарагт Кремлинд нэгэн судалгаа явагдсан бөгөөд энэ судалгаа нь Украйны шинэ удирдагчид хүч ашиглан гарч ирсэн хэрэгт ОXУ заавал цэргийн хүчээр оролцох хэрэгтэй юу гэх олон нийтийн санал асуулга явуулсан аж. Ердөө арван таван хувь нь л оролцох хэрэгтэй гэж үзсэн бол 73 хувь нь оролцох хэрэггүй хэмээн хариулсан байна. Энэ нь В.Путиныг алдаа хийсэн гэдгийг улам тодотгож өгөв. Барууны орнуудын ард иргэд дайн болж магадгүй хэмээн гудамж талбайдаа тайван жагсаал хийж "ОXУ-г Украиныг тайван орхихыг хүсэж байна" гэсэн пайз зүүн энхийг эрмэлзэж буйгаа илэрхийлсээр байгаа ажээ.
Хоёрдугаарт: ОXУ-н талаас Украинд нөлөөлөх Эдийн засгийн нөлөө аль хэдийнээ ганхаад эхлэв. АНУ, Европийн холбоо болон Дэлхийн вальютын сангаас үзүүлэх гэж байгаа эдийн засгийн тусламж нь ОXУ-ын нөлөөллийг ийнхүү багасгасан байна. Мөн өнгөрсөн даваа гарагт Путины шийдвэрийн улмаас ОXУ-ын нөөцийн индекс нэг өдрийн дотор 60 тэрбум ам.доллараар буюу арван хувиар огцом буурч, төрийн газын монопол болох Газпромын орлого нэг өдрийн дотор 15 тэрбум долларын алдагдалд орсон байна. ОXУ-ын вальют урьд өмнө байгаагүйгээрээ доошилсон бөгөөд ОXУ-ын Төв банк энэ байдлыг хэвийн болгохын тулд 10 тэрбум ам.долларыг зарлагджээ. Энэ байдлаараа эдийн засгийн хямрал үргэлжлэх төлөвтэй байгаа юм.
Гуравдугаарт: ОXУ-ын найдвартай түнш, холбоотон улсууд ОXУ талд орохгүй гэдгээ илэрхийлж зай бариж эхэлсэн байна. Нефтээр баян Казакстан, хуучин зөвлөлтийн холбоонд байсан бүх улс орон болон ОXУ тай удаан хугацааны туршид хамтарч байгаа нууц холбоотон Хятад улс ч мөн адил байр суурьтай байна. Казакстаны зүгээс Украинд болж байгаа хямралд гүнээ санаа зовж буйгаа, ОXУ-ын хүч хэрэглэх гэж оролдож байгаа үйлдлийг зогсоох бүхий л арга хэмжээг авах тухайгаа илэрхийлсэн байна. Хятадын зүгээс Украиныг бие даасан, хараат бус улс болохыг хүндэтгэлтэйгээр хүлээж буйгаа хэлжээ.
Дөрөвдүгээрт: Их наймаас ОXУ-г хасах тухай асуудал юм. Кремлээс Кримийн хойг руу явуулсан цэргийн хүчний эсрэг АНУ болон Барууны орнууд томоохон саад хийж эхэлсэн нь ОXУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украины Кримийн хойгт байршуулсан цэргийн хүчээ удирдаж чадахгүйд хүрээд байна. Цэргийн хүчээ татаж Украинтай найрсаг хандахгүй бол анх Их долоо ОXУ-г элсүүлэн авч Их найм болсон шигээ буцаагаад хасах хүрч магадгүйг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама тэргүүтэй их долоо анхаарууллаа.
Эх сурвалж: www.mminfo.mn