В.Путин: Бид нэг талд тулалдах болно

Хуучирсан мэдээ: 2014.03.05-нд нийтлэгдсэн

В.Путин: Бид нэг талд тулалдах болно

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж, телевизийн ярилцлагын үеэр  Украины асуудлаар анх удаа олон нийтэд байр сууриа илэрхийллээ. Тэрээр эхлээд сэтгүүлчдийн асуултыг бүгдийг нь сонсч, дараа нь ээлж дараалан хариулсан байна. Сэтгүүлчид дараах асуултыг Оросын ерөнхийлөгчив тавьжээ.

Асуулт 1: Ноён Ерөнхийлөгчөө, Киев дэх үйл явдлыг юу гэж дүгнэж байна вэ? Та одоогийн Киевийн Засгийн газар, Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч нарыг хууль ёсны гэж үзэж байна уу? Та энэ нөхцөлд тэдэнтэй харилцахад бэлэн үү? Та өнгөрсөн хоёрдугаар сарын 21-ний гэрээ, хэлэлцээг дахин сэргээх боломжтой гэж үзэж байна уу?

Асуулт 2: Ноён Ерөнхийлөгчөө, ОХУ Крымд санхүүгийн тусламж, дэмжлэг амлаж, Сангийн сайд өчигдөр захирамж гаргасан. Үүнд хэзээ, ямар нөхцөлтэйгөөр, ямар эх үүсвэрээс, хэр их мөнгө өгөхөөр төлөвлөж байгаа вэ?

Асуулт 3
: Хэзээ, ямар нөхцөл байдалд Украинд цэргийн хүч хэрэглэх вэ? ОХУ олон улсын гэрээ хэлэлцээрт таацуулан ямар арга хэмжээ авч, хэрэгжүүлэх вэ? Цэргийн сургуулилтууд ямар нэгэн хүч хэрэглэх нөхцөл, боломжгүйгээр дууссан уу?

Асуулт 4: Бид Крымийн талаар илүү ихийг мэдмээр байна. Та Крым дэх өдөөн хатгалагууд тэнд амьдарч буй оросууд болон орос хэлээр харилцагчдад заналхийлж байна гэж үзэж байна уу? Украин дахь нөхцөл байдал дээрдэж байна уу, эсвэл улам муудсаар байна уу? Бид маш олон төрлийн мэдээлэл хүлээн авч байна.

Асуулт 5: Хэрвээ та цэргийн хүч хэрэглэхээр шийдвэл өөрт тань болон ОХУ, дэлхийд учирч болзошгүй бүх эрсдэлийг тооцож үзсэн үү? Тухайлбал, эдийн засгийн хориг, дэлхийн аюулгүй тогтвортой байдал сулрах, ОХУ-ын эсрэг визний хориг, илүү их ганцаардал, барууныхны шаардлага гэх мэт…

Асуулт 6: ОХУ-ын Холбооны зөвлөлийн шийдвэрээс шалтгаалан өчигдөр үнэт цаасны зах зээл дээр манай хувьцаа огцом унаж, рублийн ханш рекорд тогтоох хэмжээний доод хэмжээнд хүрлээ. Та энэ мэт хариу үйлдэл гарахыг тооцоолж байсан уу? Та эдийн засагт ямар үр дагавар илрэх талаар юу гэж бодож байна? Одоо эдийн засгийг сэргээхийн тулд ямар нэгэн онцгой арга хэмжээ авах хэрэгтэй юу?

Ингээд дээрх асуултуудад Ерөнхийлөгч В.Путин ямар хариулт өгснийг тоймлон хүргэж байна.

Владимир Путин: Ойлголоо, одоо ингээд асуултаа зогсооё. Эхлээд би эдгээр асуултад хариулъя, тэгээд үргэлжлүүлцгээе. Тэвдэх хэрэггүй. Би аль болох олон асуултад хариулахыг хичээх болно.

Юун түрүүнд, Украин, Киевт өрнөж буй нөхцөл байдлын талаарх миний үнэлэлт, дүгнэлт ерөнхий. Энд ердөө ганц дүгнэлт бий. Энэ бол үндсэн хуулийн бус төрийн эргэлт байсан. Цэргийн хүчээр Засгийн эрхийг булаасан. Энэ талаар хэн нэгэн асуусан билүү? Үгүй байх нь. Асуусан, асуугаагүй би хамтрагчидтайгаа өнгөрсөн хэдэн өдрүүдэд Украины асуудлаар бишгүй хэлэлцсэн. Гэхдээ та бүхний мэдэж байгаачлан үүнд хэн ч хариулт олж чадаагүй байна.

Би та бүхний анхаарлыг Украины Ерөнхийлөгч Виктор Януковичийн хэрэгт хандуулмаар байна. Польш, Герман, Франц зэрэг Европын гурван орны Гадаад хэргийн сайд нарын зуучилсны дагуу миний зөвлөх, ОХУ-ын хүний эрхийн комиссар Владимир Лукин Украины сөрөг хүчнийхэнтэй өнгөрсөн хоёрдугаар сарын 21-нд гэрээ, хэлцэл байгуулсан. Би энэ гэрээнд их санаа зовниж байв. Гэхдээ сайн эвсэл муу гэдэг утгаар нь биш. Үнэндээ Виктор Янукович эрх мэдлээ бүрэн шилжүүлэн өгсөн. Тэр ээлжит бус ерөнхийлөгч, парламентын сонгууль явуулах,  2004 оны Үндсэн хуулийг сэргээх зэрэг Украины сөрөг хүчнийхний бүх шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Тэр хүч хэрэглэхгүй байхыг хүссэн бидний, барууныхны хүсэлтийг хүлээн авсан. Тэр тэмцэгчдийн эсрэг гал нээх ганц ч хууль бус зарлиг, тушаал өгөөгүй. Тэр ч байтугай тэр сөрөг хүчнийхний шаардлагаар нийслэлээс цагдаагийн хүчийг эргүүлэн татах зарлиг гаргасан. Түүнийг Харьковт үйл явдалд оролцохоор явсан хойгуур сөрөг хүчнийхэн бүх гэрээ, хэлэлцийг зөрчиж, засаг захиргааны байруудыг суллахын оронд нэн даруй Ерөнхийлөгч, Засгийн газрын ордныг эзэлсэн. Би өөрөөсөө энэ бүхэн юуны тулд өрнөж байгаа талаар асуулаа л даа. Би энэ нөхцөл байдал яагаад үүссэнийг ойлгохыг хүссэн. Тэр миний зөвлөснөөр бүх эрх мэдлээ өгч, дахин сонгогдохгүй байхыг хүртэл хүлээн зөвшөөрсөн. Би хэдхэн хоногийн өмнө тэдэнтэй утсаар холбогдоход үүнийг бүгд хүлээн зөвшөөрч байсан. Харин энэ бүх хууль бус зүйлс, улс орондоо эмх замбараагүй байдал үүсгэсэн тэдний зорилго юу юм бол? Зэвсэглэсэн багтай дайчид одоо ч Киевийн гудамжуудад байрласаар байна. Энэ бол хариултгүй асуулт. Тэд хэн нэгнийг гутаан доромжилж, өөрсдийн хүч чадлыг гайхуулах гэсэн юм болов уу? Би тэдний үйлдлийг үнэхээр тэнэг гэж бодож байна. Миний төсөөлж байснаар үр дүн маш сөрөг гарсан. Яагаад гэвэл тэдний үйлдэл Украины зүүн болон зүүн өмнөд хэсгийг тогтворгүй болгосон.

Миний бодлоор энэ хувьсгалын үндэс суурь Украиныг тусгаар тогтносон эхний өдрөөс л хуримтлагдаж эхэлсэн. Украины иргэн бүр II Николас, Кучма, Ющенко, Януковичийн ноёрхлын үеүдэд зовлон туулж ирсэн. Авлига, хээл, хахууль хүрээгээ тэлж укрианыг мэрсээр байсан. Ерөнхийдөө хүмүүс өөрчлөлтийг хүссэн. Гэхдээ хэн ч хууль бус зүйлийг дэмжих ёсгүй. ЗХУ задарснаас хойш улс төрийн бүтэц, эдийн засаг нь сул хэврэг байсаар буй Украины хувьд зөвхөн үндсэн хуулийн дагуу бүхнийг хийх хэрэгтэй. Үндсэн хуулиас гадуурх үйлдэл л одоогийн нөхцөл байдлыг үүсгэсэн алдаа болсон.

Би Майданы хүмүүсийг ойлгож байгаа ч ийм байдлаар төрийн эргэлт хийхийг дэмжихгүй. Би нүд хуурах төдий эрх мэдлийг биш, эрс шууд өөрчлөлтийг илүүд үзэж буй майданчуудыг ойлгож байна. Яагаад тэд үүнийг шаардаж байна вэ? Крымийн ард иргэд өөрсдийн Засгийн газрыг бүрдүүлэхэд оролцохгүй байна. Крымийн удирдлагуудыг Ерөнхийлөгч томилж, орон нутгийн зөвлөлөөс батламжилдаг. Тэд олигархууд, тэрбумтнуудаар зүүн нутгуудыг захируулахаар томилж байсан. Үүнийг ард иргэд хүлээн зөвшөөрөхгүй байх нь мэдээж, эрх мэдэлтэй нь илүү баян болдог шударга бус байдлыг хэн  ч тэвчихгүй шүү дээ.

Тухайлбал, Днепропетровск мужийн захирагчаар Игорь Коломойскийг томилсон. Тэр бол "алдартай" хулгайч. Тэр манай олигарх Роман Абрамовичийг хоёр, гурван жилийн өмнө хөнгөхөөн хуурсныг мэдэж байгаа биз дээ. Тэр Абрамовичтой зарим гэрээ, хэлцэл байгуулж, олон тэрбум ам.долларыг шилжүүлж аваад, халаасандаа хийн таг болсон. Би Абрамовичоос “Яагаад тэгсэн юм бэ?” гэж асуухад “Би тийм зүйл болно гэж төсөөлөөгүй. Гэрээ хаагдахад тэр миний мөнгийг буцааж өгөх эсэхийг ч мэдэхгүй байна” гэж хариулж байсан. Ийм аймшигтай хулгайч Днепропетровск мужийн захирагчаар сонгогдчихоод байна. Хамгийн чухал нь, хүмүүс өөрсдийн гэр бүл, улс орны ирээдүйгээ бодож шийдвэр гаргах хэрэгтэй. Үүнд тэд адил тэнцүү гар бие оролцох нь чухал.

Одоогийн Украины эрх баригчид хууль ёсны хүмүүс мөн гэж үү? Парламентын зарим хэсэг нь л мөн байх. Украины Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч бол яавч хууль ёсны хүн байж таарахгүй. Түүнд ямар ч эрх мэдэл байхгүй. Би олон удаа хэлж байна. Янукович бол эргэлзээгүй хууль ёсны Ерөнхийлөгч юм. Украины хуулинд ерөнхийлөгчийг огцруулах гурван арга зам байдаг. Үүнд, ерөнхийлөгч нас эцэслэх, саналаараа огцрох, шүүхээс эрх мэдлийг нь түдгэлзүүлэх юм. Украины Үндсэн хуулийн шүүх, Радагаас Виктор Януковичийн эрх мэдлийг түдгэлзүүлээгүй байна. Тиймээс Украины сөрөг хүчнийхэн Үндсэн хуулийн шүүхийг тараасан байж магадгүй юм. Тэд Үндсэн хуулийн шүүхийн гишүүдийн эсрэг хэрэг үүсгэхийг Ерөнхий прокурорын албанд танилцуулсан. Энэ бүхэн юу юм бэ? Тэд үүнийгээ хараат бус хууль ёс гэж үзэж байгаа хэрэг үү… Би гайхаж байна.

Одоо Крымд үзүүлэх санхүүгийн тусламж дэмжлэгийн талаар ярья. Та бүхний мэдсэнчлэн бид Крымд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр бэлтгэж эхэлсэн байгаа. Бид Крымд тусламж үзүүлнэ. Гэхдээ хэр их, хэзээ, яаж гэх мэт асуудлыг би ярьж чадахгүй. Учир нь Засгийн газар үүнийг хэлэлцэж байгаа.

Цэргийн хүч хэрэглэх асуудлын хувьд бол цаашид шаардлагагүй гэж үзэж байгаа. Гэхдээ энэ эцсийн хариу биш. Сая болсон цэргийн сургуулилт бол Украины үйл хэрэгтэй ямар ч холбогдолгүй гэдгийг хэлмээр байна. Энэ сургуулилт өмнө нь төлөвлөгдсөн байсан. Батлан хамгаалахын сайд надад танилцуулсны дагуу би сургуулилтыг эхлүүлэх тушаал өгсөн. Цэргийн сургуулилт өчигдөр дууссаныг би албан ёсоор мэдэгдэж байна. Одоо ямар нөхцөлд цэргийн хүч хэрэглэх вэ гэвэл "Хамгийн эцсийн найдвар тасрах мөчид". Та бүхний мэдэж буйчлан Украины хууль ёсны Ерөнхийлөгч Виктор Янукович ОХУ-ын зэвсэгт хүчнээс ард түмнийхээ амь нас, эрх чөлөө, эрүүл мэндийг хамгаалах хүсэлт тавьсан байгаа гэдгийг би дахин хэлье.

Украины мужийн захирагч нарын нэгийг гавлаж, гинжлээд өвлийн хүйтэнд дээрээс нь хүйтэн ус цацан тамлаж байгааг  хэвлэл, мэдээллээр дамжуулсныг би харсан.  Түүнийг хорьж, тамлаж байгааг. Энэ тэгээд ардчилалын нотолгоо юу? Би тэр хүнийг өнгөрсөн арванхоёрдугаар сард захирагчийн суудалд томилогдож байсныг санаж байна. Мужийн намын байруудыг эзэлсний дараа юу болсон гэж бодож байна. Тэнд нэг ч намын гишүүн байгаагүй. Хоёр гуравхан ажилтан гарч ирсний нэг нь инженер хүн байсан. Тэр эмэгтэй өөрийгөө инженер болохыг хэлж, тусламж гуйсаар байтал түүнийг хайрлах сэтгэлгүйгээр буудан хөнөөсөн. Өөр нэг хүнийг хонгилоор зугтаж явахад нь шатамхай шингэнтэй лонх шидэж, амьдаар нь шатаасан. Энэ бүхэн ардчилалын нотолгоо мөн гэж үү? Бид Украины ард иргэд, тэнд амьдарч буй оросууд, орос хэлээр харилцагчдад үнэхээр санаа зовж байна. Украины зүүн нутгийн иргэд биднээс тусламж хүсвэл эдгээр эмх замбараагүй байдлыг таслан зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд бэлэн байх болно. Бидний хувьд Укриан орон бол найрсаг хөрш төдийгүй ахан дүүсийн барилдлагатай ард түмэн. Би Украин, ОХУ-ын зэвсэгт хүчнүүд хэзээ ч бие биенийхээ эсрэг тулахгүй гэдэгт итгэлтэй байна. Бид зөвхөн нэг талд л тулалдах болно.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж