АИ-92 шатахуун хомсдоогүй гэв

Хуучирсан мэдээ: 2014.03.05-нд нийтлэгдсэн

АИ-92 шатахуун хомсдоогүй гэв

-Компаниудад шалгалт хийхэд хангалттай хэмжээний шатахууны нөөцтэй байсан гэлээ-


Засгийн газрын харьяа 11-11 төвд Шатахуун түгээх станцууд шатахууны нөөцгүй болж, бэлэн мөнгөөр бензин өгөхгүй байгаа талаар иргэд гомдол гаргажээ. Мөн зарим аймагт шатахуун худалдахгүй байна гэсэн мэдээлэл байгаа юм. Энэ талаар Газрын тосны газрын Бүтээгдэхүүний хангамжийн хэлтсийн дарга Л.Раднаасүрэнгээс тодрууллаа.


-Гадуур шатахуун, ялангуяа хүмүүсийн авто машиндаа хамгийн их авч хэрэглэдэг АИ-92 авто бензиний нөөц хомсдсон гэсэн шалтгаанаар шатахуун өгөхгүй байна гэсэн мэдээлэл гараад байна. Энэ үнэн болов уу. Нөөц хэр байна вэ?

-Энэ бол ташаа мэдээлэл. Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд ердийн хэрэглээний 35 хоногийн нөөцтэй байна. Үүнээс А-80 43 хоног, АИ-92 32 хоног, ДТ 42 хоногийн нөөцтэй. Энэ бол хангалттай хэмжээний нөөц тул шатахуун хомсдох шалтгаан байхгүй. Эдгээр хоногийн нөөц дуусахаар үргэлжлүүлэх нөөцийг ч одоо Сүхбаатарын боомтоор оруулж ирж байна. Үүгээр А-80 2360 тонн, АИ-92 7600 тонн, ДТ-7500 тонныг татаж байгаа болохоор шатахуун хомсдох вий гэж санаа зовох зүйлгүй.

-Ийм хэмжээний нөөц байгаа хэрнээ импортлогч компаниуд мэр сэр нөөцгүй гээд байгааг яах вэ?

-Бидэнд ирсэн гомдол, саналын дагуу манай Газрын тосны газраас шатахуун импортлогч компаниудын ШТС-аар өчигдрөөс явж, шалгалт хийж байна. Шалгалтаар Шунхлай ХХК-иас бусад компани хэвийн нөөцтэй, үйл ажиллагаа явуулж байна. Шунхлай санхүүгийн байдал, төлбөр тооцооны асуудлаас болж шатахуунаа багаар авсан тал бий. Тиймээс бусад компани хэвийн. Магнай трейдэд гэхэд гуравдугаар сарын 1-3-ны хооронд АИ-92 авто бензин 4000 тонн орж ирсэн. Ер нь хавар болохоор компаниуд засвар үйлчилгээгээ хийх тал байдаг тул нэг, хоёроороо хааж, худалдахгүй байгаа ШТС-аар бүх шатахууны нийлүүлэлтийг дүгнэж болохгүй гэдгийг сануулъя.

-Шатахуунаа худалдахгүй байгаа компаниудыг тогтоовол ямар хариуцлага тооцох вэ?

-Яг компанийн нэртэй, хаана байрладаг ШТС-д хэдэн цагийн үед шатахуун зарахгүй байсныг иргэд бидэнд тодорхой мэдээллэвэл бид тэр даруй нь шалгалтыг хийж, үнэхээр зөрчлийг илрүүлвэл хариуцлага тооцно. Ингэхдээ Өрсөлдөөний тухай хуулийн дагуу болон шатахууны зохиомол хомсдол үүсгэсэн гэсэн үндэслэлээр хариуцлага тооцох юм. Бас Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрт оролцсон шатахуун импортлогч компани нь ийм зөрчил гаргасан тохиолдолд хөтөлбөрөөс хасч, санхүүжилтийг эргүүлэн татна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж