Сөрөг хүчнийг сонсмоор байна

Хуучирсан мэдээ: 2014.03.05-нд нийтлэгдсэн

Сөрөг хүчнийг сонсмоор байна

Танд сонсогдож байна уу, сөрөг хүчний дуу хоолой. 2012 оны УИХ-ын сонгуульд МАН анх удаа хамгийн бага суудал авав. Олон жил эрх бариулсан МАН-аар сөрөг хүчний үүрэг гүйцэтгүүлэх сонголтыг сонгогчид хийсэн.

Мордохын хазгай гэгчээр МАН-ынхан УИХ-д орж ирсэн цагаасаа эхлэн бүлгээ байгуулж чадаагүй, үүнээс болж гишүүд нь байнгын хороонд харьяалагдаж чадахгүй гээд асуудал дагуулсаар иржээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эдийн засгийн бууралт, валютын ханшийн өсөлт, эдийн засгийн хямрал гээд ард түмний амьдрал хүндхэн байлаа. Гэвч ард түмэнтэй нэг талд байж, тэдний төлөө сөрөг хүчний үүргийг гүйцэтгэх ёстой МАН-ыхны дуу хоолойг өнгөрсөн хоёр жилийн турш дорвитой сонссонгүй. УИХ-ын чуулганы танхимын хаалга хааж,  сандал тавьж, лоозон барьж сууснаас өөрийг шүү дээ. Лоозон барьж суусны гавьяа гарсан үгүйд уншигч та дүгнэлтээ хийнэ биз ээ.

Аргагүй л ард түмний эсрэг тэмцэж, өлсгөлөн зарлаж, жагсаал зохион байгуулагчдыг үгүйлэх шиг. Тэдний хувьд бүгд ард биш эрх мэдэлтэн болсон. Хэдийгээр тэд эрх мэдэлтэн болсон ч цагтаа сайн тэмцэгч нар байсныг бид “хаврын синдром” гээд нэрлэдэг байсан. Гэвч тэдний тэмцэл үр дүнгээ өгөх ч, өгөхгүй ч үе байсан. Уг нь МАН-д ард түмэн итгэл хүлээлгэж, сөрөг хүчний үүргээ сайн биелүүлэх даалгавартай УИХ-д илгээсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд намаа шинэчилж, нам, бүлгийн удирдлагаа сольсноос илүү шинэчлэл өөрчлөлт бараг л хийсэнгүй. Сөрөг хүчнийг гудамжинд жагсч, өлсгөлөн зарла гэсэнгүй, ард түмний дуу хоолой болж, үүргээ сайн биелүүлээчээ гэсэн нэг санал хэлэе.

Сөрөг хүчний ганц хийж чаддаг зүйл нь ярих. “АН олонхиороо бүгдийг шийдэж байна, Засгийн газар ажиллаж чадахгүй байна, АН эдийн засгийг хямралд орууллаа, ард түмний амьдрал хэцүү байна, цалин нэм, МАН-ын гишүүдийг ялгаварлан гадуурхаж байна, өргөн барьсан хуулийн төсөл хэлэлцэхгүй байна” гээд л тэдний хэлдэг үгс нь яг л нэг хэвийн. Ердөө л олонхидоо гомдсон үгс. Ам.долларын ханш өсөлттэй, хөрөнгө оруулагчдын чимээ “тасарсан” энэ үед МАН мөн л сөрөг хүчний үүргээ сайн биелүүлэх үүрэгтэй. Засгийн газар, олонхи юуг буруу хийж, юуг зөв хийж байгааг нь засч залруулах, зоригтой шийдвэр гаргаж, зөвшилцөх нь одоо л хамгийн хэрэгтэй байна. УИХ-ын чуулганы хуралдаан завсарлаж, ээлжит бус чуулган хүлээлттэй байгаа ч МАН-ын гишүүд асуулга тавихаас өөрөөр хийж буй ажил нь олонд харагдахгүй л байна. Олонхитойгоо нэгдэж, зөвшилцөөд хийвэл ч сөрөг хүчин үүргээ сайн биелүүлсэн үнэлгээг сонгогчдоос авна. Хэн хэн нь гэдийж суусаар улс орны эдийн засаг хүндэрч, ард түмэн бүсээ чангалсаар хэцүүдэх нь.

Уг нь сөрөг хүчний дуу хоолой ард түмэнд хамгийн их сонссогддог байх учиртай. Дуу хоолой нь сонсогдохгүй, нэг зүйлээ давтаад байхаар улиг болох гээд байна шүү МАН-ынхан минь. Эрх баригчид руу дайрхаас илүү бодитой, дорвитой баримт нотолгоо дэлгэж, шийдэмгий алхам хийхгүй бол дараагийн удаа сонгогдох, сонгох эрх нь хэн хэнд нь нээлттэй бий шүү дээ. Дахид хэлье, жагсаал зохион байгуулж, өлсгөлөн зарла гэсэнгүй. Харин сөрөг хүчний дуу хоолой сонгогчдод тань сонсогдохгүй байгааг л дамжуулах гэлээ. Дөрвөн жилийн үүрэгт алба тань дуусах хугацаа ойртож, ард түмэн сонголтоо хийх мөч дөхсөөр байна. Олон жил эрх барьсан МАН сөрөг хүчний үүргээ сайн биелүүллээ гэсэн оноо авахад хоёр жил л үлдлээ шүү.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж