“Зөвшөөрлүүдийн 50 хувь нь хэрэггүй”

Хуучирсан мэдээ: 2014.03.05-нд нийтлэгдсэн

“Зөвшөөрлүүдийн 50 хувь нь хэрэггүй”

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй бизнесийн байгууллагууд руу чиглэсэн зарим зөвшөөрлийг хүчингүй болгох тухай ажлынх нь талаар ярилцлаа. Мөн ярианыхаа төгсгөлд ам.долларын өсөлтийн буруутны талаар товч тайлбар авсан юм.

-Энэ Засгийн газрын үед өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй зөвшөөрлүүдийн бараг талыг нь хүчингүй болгох нь гэж ойлгож байгаа. Энд яг ямар учиртай ажлын хэсэг байгуулагдаж, хэчнээн зөвшөөрлийн хэдийг нь хүчингүй болгохоор ажиллаж байгаа юм бэ?

-Монгол Улсад хүнд суртал бизнесийн орчинд дарамт ихээр үзүүлдэг. Ерөнхийдөө тусгай зөвшөөрөл, лицензийн тоо нь 1000 хүрчихэж. Үүн дээр бүтэн жилийн турш ажлын дэд хэсэг ажилласан. Бүх яамдуудаас “Манайд тэдэн ширхэг зөвшөөрөл байна.  Үүнийг тэдийг нь багасгая. Үүнийгээ авч үлдье” гэх байдлаар хамтран ажиллаж байгаа. Үүнээс шийдвэрлэхэд хүндрэлтэйг нь дээд түвшинд УИХ-ын гишүүдээс бүрдсэн хэсэг рүү оруулж шүүнэ. Ч.Сайханбилэг, С.Дэмбэрэл, Д.Гарамгайбаатар, Д.Зоригт, С.Бямбацогт нар багтаж байгаа. Ингээд яамдын авч үлдэе гэснийг нь гурван үндэслэлээр дахин шалгаж байна. Нэгд, энэ тусгай зөвшөөрлийг гаргах хууль зүйн үндэслэл нь юу болох, хоёрт, энэхүү зөвшөөрөл нь байхгүй болсон тохиолдолд хэрхэх юм гэдэг талаас нь, эдгээрээс гадна уг зөвшөөрлийг үгүй болгосноор бизнест ямар нөлөөтэй юм гэдгийг нь судлана гэсэн үг.

Яамд энэ гурван үндэслэлээр авч үлдээх итгэл үнэмшил төрүүлэх, хамгаалж чадах эсэхээс хамааран, мөн бизнесийн төлөөллийнхөн уг асуудалд хэрхэн хандаж байгаа зэргээс бидний зөвлөмж гарна.

Энэ бүхний үр дүнд бизнест садаа болдог, бизнес эрхлэх цаг хугацаанаас нь хумсалдаг, авлига руу түлхдэг зүйлс мэдэгдэхүйц хэмжээгээр буурах болно. Өнөөдөр жишээ нь, Зам тээврийн яамныхан л гэхэд жаран хэдэн зөвшөөрлөө авч үлдэе гэж байна. Үүнийг нь бид судалж байгаа. Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны хувьд цөөхөн хэдий ч хэрэггүй зөвшөөрөл бас байна гэж яригдлаа. Бас тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг заавал яаман дээрээ байлгах биш тухайн чиглэлээр мэргэшсэн төрийн бус байгууллагууд руу гэрээний үндсэн дээр шилжүүлэх тухай яригдаж байгаа.

-Яг зөвшөөрлийн тооны хувьд хэд юм бэ. Ерөнхийлөгч энэ тоог өмнө хэлэхдээ мянга хэдэн зуу гээд, ажлын хэсэг дээр 900 гаруй гээд, бүр өмнө нь зөвшөөрлийн тоо 200 гаруй байдаг тухай ч ярьдаг байсан. Энэ бүх тооны зөрүү нь зөвшөөрөл гэдгийг ойлгох ойлголтын зөрүү байгаагаас холбоотой юу.

-Зөвшөөрөл гэдэг ойлголт өөрөө их өргөн хүрээтэй. Ажлын хэсгийнхэн хуульд байгааг нь тоолсноор 900 хүрсэн, Нэг хэсэг зөвшөөрлийн тоо 1200 давсныг нь хүчингүй болгосоор энэ тоонд авчирсан юм. Одоо бол энэ 900 дээр ажиллаж, талыг нь хүчингүй болгоё гэж байна. Мөн хуульд байхгүй, хуулиас гадуур зөвшөөрлийн үйл ажиллагааг журамласан тохиолдлууд сайдын тушаал, даргын тушаалаар бий болсон гээд олон байна. Зөвшөөрлийн механизм бий болгох шаардлагаа тодорхойлоогүй, үндэслэл гаргахдаа ганц талын саналыг авсан, ингэхгүй л бол болохгүй нь гэж өөртөө ачаалал авсан, бусдад дарамт болсон зүйлийг оруулж ирсэн учраас тусгай зөвшөөрлийн тоо хэлбэлзэж байгаа юм. Түүнчлэн нэг хууль гараас гарахдаа нэг агентлаг, нэг байгууллага, нэг хэсэг зөвшөөрлийг бий болгож байдаг нь ч нөлөөлсөн байх. Тусгай зөвшөөрлүүд маань яг ингэж хортой ургамал шиг нэмэгдсээр л байгаа юм. Иймд бидний зорилго бол одоо байгаагаа цэгцлэх, дахин үүсэхээс нь сэргийлэх л зорилготой байна.

-Дахин  үүсэхээс яаж сэргийлнэ гэсэн үг вэ?  

-Хуульд төр оролцох оролцоог хязгаарлаж өгнө гэсэн үг.

-Ойлгосонгүй?

-Тусгай зөвшөөрлийг багасгана. Таныг бизнес хийх гэж байхад чинь тусгай зөвшөөрөл өгнө гээд, олон баримт бичиг шаардана гэдэг чинь төрийн оролцоо биз дээ. Бие даасан хууль нь байгаа. Тэр хуульд өөрчлөлт оруулна. Мөн дээрээс нь Ерөнхийлөгчийн институцийн зүгээс санаачилсан Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулиар зохицуулна. Төр нь адилхан хүрз бариад нүүрс ухаад байх биш, бодлогынхоо зөвлөлд анхаарлаа хандуулаад өөрсдөө бизнес хийхгүй болно. Төр аливаа салбарт бодлогоо гаргаад хувийн байгууллагуудын өрсөлдөх орчинг бий болгохын оронд төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулаад хувийн хэвшлийнхнээс давуу талтай оролцдогоос зайлсхийдэг байдлыг өөрчлөх болно.

-Хэлэлцүүлгийг ажиглахад, зөвшөөрлөө цуцлуулах гэж байгаа байгууллагуудын байр суурийг харахад, асуудалд хандах хандлага нь дургүйцсэн, эсэргүүцсэн байдалтай байна. Эсэргүүцэл хэр байна?

-Үнэхээр хандлага дургүй байгаа биз. Манайхны сэтгэлгээ нь ийм болчихсон. Чамайг өөрөөсөө хамааралтай болгох, амыг чинь, хөл гарыг чинь цаасаар скочдох сонирхол нь инстинк байдлаар төрдөг байх. Төрийн бяр чадал нь хуурамчаар амтагдагдаж,  тэр амталсан амтаараа ямар нэг зүйл сэдэж, тэрийг нь сайд дарга нар нь тушаал, тогтоол болгон гаргаж өгдөг систем манайд амь бөхтэй байна.

-Жишээ сонсмоор байна, энэ газраас олгодог яг энэ зөвшөөрөл ямар ч хэрэггүй гэсэн?

-Хасах гээд байгаа дотор дүүрэн л байна. Замын хөдөлгөөний дүрэм бол хэрэгтэй. Зам дээр жип болон эксел ижил эрхтэй. Зам дээрх зохицуулагч буюу төр нь шүгэлдэх, торгох эрхтэй. Гэхдээ илүү зүйл хийж болохгүй. Хүнээс мөнгө авч болохгүй. Нөгөөдүүл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй. Гэтэл өнөөдөр техникийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргийг нь төр хангах гээд байгааг л хэлээд байгаа юм. Төр өрсөлдөөнийг бий болгох үүрэгтэй болохоос биш оролцох шаардлагагүй. Өнөөдөр яригдаж буй зөвшөөрлүүдийн 50 хувь нь хэрэггүй, шууд бизнес рүү гар дүрсэн нь их байна. Яагаад төр маань А, Б нарт бөөний худалдаа, эсвэл жижиглэнгийн худалдаа эрхлэхийг заагаад байгаа юм бэ. Хувь хүн өөрийнхөө бизнес төлөвлөгөө, зах зээлээ хараад би энд бөөний худалдаа эрхлэх үү, эсвэл жижиглэнгийн худалдаа эрхлэх үү гэдгээ шийдэх сонголт байх ёстой биз дээ.

-Хүмүүсийн хамгийн их мэддэг жишээ нь барилга барихтай холбоотойгоор авдаг зөвшөөрлийн тухай. 128 гарын үсэг тамга даруулах гэж 128 өдрийг зарцуулж байхын оронд хоёр давхар барилга барьчих боломж байсан гэж ярьдаг шүү дээ. Энэ жишээн дээр ярьвал 128 зөвшөөрөл хэд болж буурч байгаа вэ?

-Наад асуудлыг чинь 2010 оноос хойш ярьсан. Худалдаа аж үйлдвэрийн танхимаас анх удаа барилга барихын тулд 128 гарын үсэг зуруулдаг тухай асуудал дэвшүүлсэн юм. Тухайн үеийн ерөнхий сайд, барилгын асуудал эрхэлсэн сайдад харуулахад ийм зүйл байдаг юм уу гэж гайхаж байсан. Тухайн үед багассан, энэ удаад ч улам бүр багасна. Ер нь 70 орчим зөвшөөрөл байна даа. Үүний заримыг нь болих, заримыг нь мэргэжлийн төрийн бус байгууллагуудад өгөх тухай ч яригдаж байна.  Тусгай зөвшөөрөл байх ёстой гэж хамгаалаад байгаа талууд гол зөвтгөлөө “аюулгүй байдал” –тай л холбоод байдаг. Жишээ нь алим оруулж ирэхэд зөвшөөрөл авах ямар шаардлагатай юм. Тухайн компани хортой алим оруулах гэвэл шалгадаг мэргэжлийн хяналтын байгууллага байна, мөн компани яагаад стандартаа бариад явахыг, зах зээл дээрх нэр хүндээ алдахгүйн тулд ажиллана гэж бодохгүй байгаа юм. Ер нь нэг л стандарттай болоод, түүнийгээ л мөрдөе л дөө.

-Төгсгөлд нь, ам.долларын ханшийн өсөлтөөс үүдэлтэй эдийн засаг маань хэцүүдэж байгаа шалтгааны талаар асуухгүй өнгөрч болохгүй нь?

-Уг нь бүр долоон сараас эхэлсэн асуудал шүү дээ. Валютын зохицуулалтын тухай хууль гэж бий. Тэр хуульд тодорхой зохицуулалтыг зөвшөөрсөн байдаг. Тодруулбал, валютын ханшийг удирдах тухай заалт бий. Уг нь удирдана гэхээр ганцхан интервенц хийхийг хэлдэггүй л байхгүй юу. 2013 оныг хүртэл валютын ханшны дэглэмийн тухай зохицуулалт байгаагүй. Ганц өгүүлбэр л байсан нь “валютын ханш чөлөөтэй, уян хатан тогтоно” гэх зүйл байсан. Жил бүрийн мөнгөний бодлого дээр тэр өгүүлбэр нь орж ирээд, хэн ч үүнийг сонирхдоггүйгээр баталдаг байсан. Валютын ханш суларсан, чангарсан гэх асуулт гардаг байсан ч хамгаалах, удирдах механизм нь байхгүй байсан. Харин 2013 оны мөнгөний бодлогод энэ механизмийг нь анх удаа суулгасан бөгөөд “Валютын ханшны эрсдлээс хамгаалах механизмийг улсын хэмжээнд бий болгоно” гэсэн заалтыг оруулж өгсөн юм. Гэвч үүнийг хэрэгжүүлж өгөхгүй байна.

-Хэн хэрэгжүүлэхгүй байна?

-Төв банк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо. Энэ гурав чинь хамтдаа Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийг бүрдүүлдэг юм. Энэ гурав чинь Монгол Улсын санхүүгийн байдал тогтвортой байхыг, түүний нэгэн хэсэг болох валютын зах зээлийг тогтвортой байна уу, үгүй юу гэдэг дээр байнга дүгнэлт хийж зөвлөлдөж, арга хэмжээ авч байх ёстой. Валютын ханш чангарахад ч сулрахад ч сөрөг, эерэг үр дагавартай. Экспортод сайнаар нөлөөлдөг, импортод сөргөөр нөлөөлдөг гэдэг нь үнэн л дээ. Монгол Улс анх удаа гадаад худалдааны бланс хангагдлаа гэж ярьж байна. Үүнд нь та нар бүгд үнэмшээд л сайхан гээд л бичээд явж байгаа. Гэтэл энэ бланс бол эцсийн зорилго биш л байхгүй юу. Валютын ханш нь эцсийн дүндээ инфляцийн түвшинд нөлөөлөхгүй хэмжээнд, эсвэл маш бага нөлөөлөх хэмжээнд удирдлагыг хангах ёстой. Төсвийн орлогын хувьд валютын өсөлт нь ашигтай. Гэхдээ ард түмний орлогод ашиггүй. Аль нь чухал юм бэ. Инфляци нь чухал уу, төсвийн орлого нэмэгдэх нь чухал уу. Хэдийгээр 2013 онд анх удаа валютын ханшийн бодлогыг өөрчилсөн ч үйлдэх байхгүйгээр, эс үйлдэл давамгайлуулаад сууж байна. Интервенц хийхээс гадна валютын ханшийн эрсдлээс  сэргийлэх бодлого явуулах учиртай. Хууль зүйн хувьд ийнхүү боломжийг нь бий болгочихоод байхад юу ч  хийсэнгүй.

Өнгөрсөн жилийн валютын ханшийн шокон дээр, биднийг наадамлаж байхад буюу долоон сарын сүүлчээс өсч эхэлсэн. Наймдугаар сарын сүүл хүртэл, бүр есөн сарын дунд хүртэл дээш явсаар байсан.  Гэтэл энэ хугацааны үеийн протолыг нь харах гэхээр Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл нь амарчихсан байгаа юм. Зөвхөн Төвбанк ажиллаж, бусад нь амраад алга болчихсон байсан. Тэднийг хуралдсан эсэхийг, хуралдсан юм бол валютын асуудлыг хэлэлцсэн үү гэдгийг нь протолоос нь хармаар байна.

Өнөөдөр валютын өсөлтөөс болж иргэдийн амжиргаанд нөлөөлж байна. ААН-үүд тендрээс зугтаж эхэллээ. Үүнд төр оролцохоос аргагүй биз дээ. Иргэд, ААН-үүдээс хамааралгүйгээр валют өслөө, гадаадын хөрөнгө оруулалтыг төр өөрөө үргээлээ, ханшийн өөрчлөлтийг урьдчилж харж чадаагүй нь хэний буруу юм бэ. Бодлогын түвшинд авч үзэхгүйгээр за гайгүй болно доо, мөнгө орж ирнэ дээ гээд хүлээгээд бол бүтэхгүй л дээ. Магадгүй энэ асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх ёстой л байх.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж