Олимпийн хатуугийн тэмдэг-Пушкинь

Хуучирсан мэдээ: 2014.03.05-нд нийтлэгдсэн

Олимпийн хатуугийн тэмдэг-Пушкинь

Спортын “СОЧИ-2014” наадам сайхан
болов. ОХУ-ын баг нутагтаа анх удаа зохиосон өвлийн олимпод 13 алт, 11
мөнгө, 9 хүрэл медаль авснаар түрүүллээ. Багийн дүнгээр ийнхүү
түрүүлэхэд иргэний харьяалал, паспортоо сольж “орос болсон” Виктор Аны
гурван алт, Вик Уайлдын хоёр алтан медаль ихэд нэмэр болж жин дарсан.
ОХУ-ын тамирчид 1994 оны Лиллехаммерийн олимпод багийн дүнгээрээ
тэргүүлж байснаас хойш 20 жилийн дараахь том амжилт.

Урьд
өмнө нь олимпийн бамбарыг хэрхэн асаах нь наадмын нээлтийн гол сюрприз
нь байлаа. Өвлийнх байна уу, зуных байна уу гэдгээс үл хамааран тухайн
олимпийг зохион байгуулагч орон болгон өөр өөрийн өвөрмөц шийдлээр
бамбар асаана. Энэ нь нээлтийн ёслолын хамгийн том сюрприз болдог
бичигдээгүй хууль үйлчилсээр ирсэн юм. Харин энэ удаа оросууд уг
уламжлалыг эвдэж улмаар гайхуулж, гайхашруулсан алхам хийлээ. Нээлтийн
сюрпризээр бамбар асаахыг сонгосонгүй. Өвлийн XX олимпийн наадмын
нээлтийн сюрприз нь Любовь (Хайр, Love) охин оросын цагаан толгойн 33
үсэг нэрлэж, үсэг болгоны төлөөлөл 33 нэр үг уншсан шийдэл байв. Эдгээр
33 нэрийг хэлэхэд л аугаа Орос орны түүх соёл, уламжлал, шинжлэх ухааны
нээлт ололт, хүн төрөлхтөний хөгжил дэвшлийг түүчээлж ирсэн суутнуудыг
нь бишрэн хүндэтгэх сэтгэгдэл үзэгчдэд өөрийн эрхгүй төрөх ёстой хэмээн
оросууд тооцсон юм билээ.

Оросуудын төлөвлөөгүй бас нэг сюрприз
нь нээлтийн үеэр техникийн саатлаас болж олимпийн таван цагаригийн нэг
нь нээгдэж цацралгүй цасан ширхэг хэлбэрээрээ царцаж үлдсэн явдал
байлаа. Телевизийн зарим суваг тав дахь цагариг цацарч байгаа нөөц
бичлэг тавьж цэнхэр дэлгэцийн өмнө суусан үзэгчдийн нүдийг хуурч
аргаллаа. Нөөц бичлэгээр орлуулаагүй ориг нэвтрүүлэг үзсэн хүмүүсийн
олонхи нь Обама тэргүүтэй ирээгүй зочдын оршин суугаа Америк тивийн
цацрагийг зориуд дэлгэсэнгүй хэмээн андуурсан байна лээ. (ОХУ-ын
парламентын баталсан, ижил хүйстнүүдийн талаархи хуулийг эсэргүүцэж
байгаагийн илэрхийлэл болгож АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама зэрэг
улстөрчид “Сочи-2014” наадмын нээлтэд ирээгүй)

Нээлтийн нэр
хүндийг унагасан энэ сюрпризийн буруутан нь олимпийн нээлтийн ёслолын
техник хариуцсан ажилтан Борис Авдиев болж таарсан. XXI зууны
технологийн хөгжил, неон гэрлийн гайхамшгийг харуулах үзүүлбэрийг
царцаасан түүнийг уг хэрэг явдлаас хойш найман цагийн дотор багтаан
тусгай даалгавартай, эсхүл сайн дурынх алин болох нь үл мэдэгдэх гурван
“тэнэг Иван” хариуцлага тооцон амь насыг нь бүрэлгэлээ. Дашрамд
тэмдэглэхэд, хаалтын ёслол дээр олимпийн таван цагаригийн нэг нь цацран
бусад дөрөвтэйгээ нийлэхгүй байгааг давтан үзүүлж дараа нь засвар
хийснээр дэлгэгдэж байгаагаар харуулсан. Үүнийг төлөвлөөгүй сюрпризид
төгсгөл тавилаа гэж ойлгож болно.

Цонхны тавцан дээр гурван тоглоом,
Дор нь долоон босоо шугамтай паар


Оросуудын
барьж, тухайн үеийн ЗХУ-ын төрийн тэргүүн Л.И.Брежневийн бэлэглэсэн,
нийслэлийн III, IV хорооллын байрны хүүхдийн өрөөтэй ав адилхан
стандартын орос орон сууцны тасалгаа. Тасалгааны цонхон дээр үслэг
гурван тоглоом. Өвлийн олимпийн бэлгэдэл Мишка бамбарууш, Леопард
зулзага, Зайка бүжин. Цонхны тавцан доор долоон секцтэй паар. Паарны
наана унталгын ор. Орон дээр Любовь охин зүүрмэглэх бөгөөд хөнжил дээр
нь Орос цагаан толгойн үсэг бүрээр толгойлсон 33 хуудастай зурагт ном.
Охин зүүдлэн хөлбөрөхүйд номын хуудас дэлгэгдэн эргэлээ. Ингэж өвлийн XX
олимпийн наадмын нээлтийн сюрприз эхэлсэн юм. Любовь (Хайр, Love) охин
уншиж гарлаа.

А үсэг – АЗБУКА. Alphabet
Б үсэг – БАЙКАЛ. Baikal
В үсэг – ВЕРТОЛЕТ. Helicopter
Г үсэг – ГАГАРИН. Gagarin
Д үсэг – ДОСТОЕВСКИЙ. Dostoevsky
Е үсэг – ЕКАТЕРИНА II. Caterine the Great
Ё үсэг – ЁЖИК В ТУМАНЕ. Hedgehog in the fog
Ж үсэг – ЖУКОВСКИЙ. Zhukovsky
З үсэг – ЗЕРНОУБОРОЧНАЯ МАШИНА. Corn mowing mashine
И үсэг – ИМПЕРИЯ. Russian Empire
Й үсэг – ЧАЙКОВСКИЙ. Tchaikovsky
К үсэг – КАНДИНСКИЙ. Kandinsky
Л үсэг – ЛУНОХОД. Lunokhod
М үсэг – МАЛЕВИЧ. Malevich
Н үсэг – НАБОКОВ. Nabokov
О үсэг – ОРБИТАЛЬНАЯ СТАНЦИЯ. Space station
П үсэг – ПЕРИОДИЧЕСКАЯ ТАБЛИЦА. Periodic table
Р үсэг – РУССКИЙ БАЛЕТ. Russion ballet
Б үсэг – СПУТНИК. Sputnik-1
Т үсэг – (Толстой). ТЕЛЕВИДЕНИЕ. Television
У үсэг – УШАНКА. Ushanka
Ф үсэг – ФИШТ. Fisht
Х үсэг – ХОХЛОМА. Khokhloma
Ц үсэг – ЦИОЛКОВСКИЙ. Tsiolkovsky
Ч үсэг – ЧЕХОВ. Chekhov
Ш үсэг – ШАГАЛ. Chagall
Щ үсэг – ЩУСЕВ. Shchusev
Ъ үсэг – ПУШКИНЪ. Pushkin
Ы үсэг – МЫ. We
Ь үсэг – ЛЮБОВЬ. Love
Э үсэг – ЭЙЗЕНШТЕЙН. Eisenstein
Ю үсэг – ПАРАШЮТ. Parachute
Я үсэг – РОССИЯ.

1990
оны Цагаан морин жилийн Март сарын Ардчилсан хувьсгалаас өмнө их дээд
сургууль төгсөгчид төдийгүй, наад зах нь ерөнхий боловсролын 10 дугаар
ангийг төгссөн хэн ч байсан Любовь (Хайр, Love) охины сонсгосон 33
нэрийг нэвтэрхий толины хэмжээнд ихэнхийг нь мэдэж байсан гэдэг нь
тодорхой. Учир, гэвэл Ардын хувьсгал, МАХН-аар овоглосон он жилүүдэд
монголчууд бид 10 дугаар анги төгсөхдөө Орос-Зөвлөлтийн талаар одоогийн
Орос судлалын магистрантын анзааны боловсрол эзэмшсэн хүмүүс. Тиймээс
Любовь охин “Буква А. АЗБУКА” гэхэд

-Энэ бол I Петр хаан
1708-1710 оны хооронд кирилл үсгийг өөрийн гараар засварлан дүрс
зурлагыг тогтоон хэвшүүлсэн Орос бичгийн цагаан толгойн 33 үсэг.
Октябрийн хувьсгалын дараа 1918 оны 10 дугаар сард СССР-ийн Ардын
комиссариатаас тогтоон шийдвэрлэсний дагуу зарим үсгийн тэмдгийн
зурлагыг өөрчилсөн. Орос цагаан толгойн үсгийн дэвсгэр эх болсон кирилл
үсгийг 863 онд Кирилл, Мефодий хэмээх ах дүү хоёр зохиосон бөгөөд
зориулалт нь Христийн номлолыг грек хэлнээс славян хэл рүү орчуулахдаа
хэрэглэхэд оршсон гэх мэтээр нэвтэрхий толь харахгүйгээр нэвт тайлбарлаж
чадна. Любовь охин “Буква Б. БАЙКАЛ” гэхэд,

-Манай улс эрчим
хүч авдаг, Буриадын Галуут нуурын эрчим хүчний станцын цаахнатай байдаг
нуур. Дэлхийн хамгийн гүн нуур буюу 1642 метр гүнзгий, дэлхийн цэнгэг
усны нөөцийн 19 хувь нь энэ Байгал нуурынх. Эргээр нь бүтэн тойроход
2100 км гэхээр, Улаанбаатар хотоос Завхан аймаг хүрчихээд буцаад ирэх
хэмжээний зай юм хэмээн зүйрлэх болно. Түүнчлэн Любовь охин “Буква Г.
ГАГАРИН” гэхэд,

-Сансрын анхны нисэгч. 1961 оны дөрөвдүгээр сарын
12-нд “Восток” хөлгөөр сансарт нисч дэлхийг тойрсон. Нислэгийн хугацаа
нь нэг цаг 48 минут. Түүнтэй холбоотой сонин сайхан яриа байдаг. Энэ нь:
Гагарин сансарт ниссэний дараа ЗХУ-ын төрийн тэргүүн Н.С.Хрущев болон
бусад удирдагчид түүнийг баатрын ёсоор хүлээн авчээ. Тэр цаг дор ЗХУ-д
шашныг “Ард түмнийг мунхруулагч хар тамхи” гэж үзэж байсан үе. Тэгсэн
Хрущев олноос захлан Гагаринтай ганцаарантай нь уулзаж “Юра, сансарт
Бурхантай тааралдав уу. Бурхан байна уу” гэж асуужээ. Гагарин,

-Тааралдлаа.
Бурхан байнаа гэж хариулсан байна. Хрущев “Би ч бүр тэгж бодоод байсан
юм. Өөр хүнд битгий хэлээрэй” гэж захисан байна.

Гагарин Италид
зочилж, католик шашны төв-Ватиканы 261 дэх пап лам Ионн XXIII-тай
уулзжээ. Ромын пап лам түүнээс “Сансарт Бурхантай тааралдав уу. Бурхан
байна уу” гэж асуужээ. Гагарин,

-Тааралдсангүй. Бурхан алга гэж
хариулсан байна. Ионн XXIII пап лам “Би ч бүр тэгж бодоод байсан юм. Өөр
хүнд битгий хэлээрэй” гэж гуйсан гэнэлээ хэмээн сонирхолтой түүхээр
хачир нэмнэ.

Любовь охин оросоор хатуугийн тэмдэг -Ъ гэхэд
“ПУШКИНЪ” гэсэн үг гарсныг манай үзэгчид анзаарсан байх. Яруу
найрагчийнхаа нэрийг оросууд өөрсдөө ч, монголчууд бид ч “Пушкин” гэж
одоо бичиж байгаа. Харин төгсгөлд нь хатуугийн тэмдэг “ъ” бичиж байгаа
нь I Петр хааны зохиосон дүрмийг баримталсан хэрэг юм билээ. Любовь охин
Т үсэг нэрлээд “Толстой. Телевидение” гэсэн хоёр нэр үг хэлсэн боловч
дэлгэц дээр зохиолчийн нэр гараагүй “ТЕЛЕВИДЕНИЕ. Television” үг гарсан
нь сонин л санагдаж байсан. Энэ ч алдаа гэхээсээ зориудын шийдэл байсан
бизээ.

Уншигч та бүхний олонх нь өвлийн олимпийн нээлтийн
сюрпризийн 33 үсгийн төлөөлөл 33 нэрийн задаргаа тайлбарыг энэ өгүүллийг
тэрлэгч хийгээд найз нөхдөөс минь илүүтэйгээр мэдэж чадаж байсан гэдэгт
бүрэн итгэлтэй байна. Бидний хэдэн нөхөд дээр дурдсан 33-аас нэг дээр
нь нам сууснаа шударгаар хүлээе. Бидний мэдлэгийн “хөрсийг” хуулсан
буква бол олимпийн “Н” үсэг буюу НАБОКОВ байлаа.

Набоков гэж хэн
бэ? Асуултынхаа хариуг интернэтээс авч болж байна. “Лолита” романыг нь
монголоор уншиж болж байна. (номыг орчуулсан Доржпаламын Чойжил,
Бүдрагчаагийн Бүдболд нарт талархая). Гагцхүү Америкт 1980 онд англи хэл
дээр хэвлэсэн  “Гадаадын утга зохиолын лекцүүд”, “Оросын утга зохиолын
лекцүүд”, “Дон Кихотын тухай лекцүүд” нь хаана хэнд байна вэ?

Аз
түшихэд Радио телевизийн дээд сургуулийн багш, манай “Амралтын шуудан”
сонины редактор О.Содномпил өнгөрсөн 2013 оны нэгдүгээр сарын 5-ны ¹3-т
В.Набоковын тухай “Агуу илбэчин” гэсэн нэртэй хөрөг тавьж, түүнээ
дагуулан “Сайн уншигч хийгээд сайн зохиолчийн тухайд” нэртэй лекцийг нь
нийтлүүлсэн байна шүү. Одоо бодоход, бид шинэ жилийн хөл хөөрцөгийн
тойргоосоо гарч амжаагүй байсан цаг хугацаа давхацсан болохоор сайтар
үзээгүй, шуудхан хэлэхэд уншаагүй аж. Яруу найрагч О.Содномпилээс “1980
оны англиас нь хийсэн орчуулга уу” гэж асуулаа. Тэрээр “Владимир
Набоковын “Гадаадын утга зохиолын лекцүүд” гэсэн ном орос хэлээр гарсан
байдаг. Оросоос нь хийсэн орчуулга” гэж ярьж байна.

Бид
В.Набоковын “Сайн уншигч хийгээд сайн зохиолчийн тухайд”-ыг дахин дахин
сайтар уншлаа. Сочигийн олимпийн нээлтийн үеэр Набоковт “хөрсөө”
хуулуулсан бол энэ удаа уншигчийнхаа хувьд “арьсаа” хуулууллаа. Би
болоод найз нөхдийн “хөрсийг” хуулсан, бас дээр нь нэмж “арьсыг” минь
хуулсан их зохиолчийн бүтээлийг дор нийтлэлээ.

Та уншаад яах бол?! Гэхдээ уншихгүй ч байж болно.

В.Набоков: Сайн уншигч хийгээд сайн Зохиолчийн тухайд

Европын
утга зохиолын хэд хэдэн cop бүтээлийг чин сэтгэлээсээ бас яруухнаар
нэгд нэгэнгүй задлах санаатай миний энэ бодрол эргэцүүллийг “Яавал сайн
уншигч болох вэ” ч гэх юм уу эсхүл “Зохиолчид сайн сэтгэлээсээ хандах
тухайд” гэж гарчиглавал илүү оновчтой байж мэдэх юм. Зуун жилийн өмнө
Флобер амрагтаа илгээсэн захидалдаа “Тав, зургаан номыг сайтар мэдчих юм
бол эрдэм ухаан ямар төгс хүн байж болно гээч” хэмээн бичиж байжээ.
Уншигч нь зохиолын нарийн ширийн юмыг анзаарч сонирхож байгууштай юм.
Эрүүл саруулаар нэгтгэн базаад дүгнэх нь сайн юмсыг орхилгүй харсан байх
учиртай. Бэлэн базсан дүгнэлтээс эхэлнэ гэдэг бас асуудлыг нөгөө
үзүүрээс нь барьж авах, олигтой ойлгоо ч үгүй байж номноосоо холдоод
явчихна гэсэн үг. Жишээлэхэд “Боварын хатагтай”-д хөрөнгөт нийгмийн
бузар булайг илчилдэг гэж урьдаас нь дуулж мэдчихээд уншихаар барьж авна
гэдэг зохиолчийнх нь тухайд уйтгартай агаад туйлын шударга бус хэрэг
биш гэж үү. Урлагийн аливаа бүтээлд цоо шинэ ертөнцийг амилуулсан байдаг
бөгөөд бидэнтэй анх удаа нүүр тулж буй, бидний урьд өмнө мэдэх
ертөнцтэй шууд ямар ч холбоогүй энэ ертөнцийг аль болох гүнзгий таньж
мэдэх нь бидний гол зорилго гэдгийг үргэлж санаж байх учиртай. Энэ
ертөнцийг нарийн судлах шаардлагатай. Гагцхүү ингэсний дараа л бусад
ертөнц мэдлэгийн бусад салбартай яаж холбогдохын тухайд бодож эхэл.
Романаас улс орнууд хийгээд тэдгээрийн түүхийн талаархи мэдээ сэлт авч
болдог уу гэсэн өөр нэгэн асуулт байна.

Номын клубүүд түүхэн
роман нэрийн дор алхам тутамд тань атгуулах гэж оролдох зузаан зузаан
бестселлерүүдээс өнгөрсөн цаг үеийн талаар юухан хээхэн мэдээд авчихна
гэх гэнэн хэн нэгэн одоо хэр байсаар байна гэж үү дээ. Жейн Остений
амьдралын мэдлэг нэгэн санваартны зочны өрөөгөөр хязгаарлагдаж байсан
гэвэл түүний бичиж үлдээсэн газрын эздийн Англи орны дүр зурагт угсаа
сурвалжтан, цэцэрлэгийн уран зохиомжийг итгэж болох юм уу. Эсхүл “Хүйтэн
байшин” (роман) уран зөгнөлийн Лондонд болж буй уран зөгнөлийн үйл
явдлыг зуун жилийн өмнөх Лондоны амьдралын баримтат дүр зураг гэж болох
уу. Бодоожоор тиймгүй. Бусад роман ч яг ижил. Агуу романууд бас aгуу
үлгэрүүд, бидний унших романуудын тухайд гэвэл хамгийн агуу үлгэрүүд
гэдэгт л үнэн мөн чанар оршиж буй юм.

Цаг хугацаа, орон зай,
жилийн дөрвөн улирлын өнгө будаг, булчин шөрмөс хийгээд оюун бодлын үйл
хөдлөл энэ бүхэн авьяастай зохиолчийн хувьд нурууг нь авчихсэн хэвшмэл
үнэний нийтэд нээлттэй номын сангаас олж авсан уламжлалт ухагдахуун бус
харин суут мастер илэрхийлэх хосгүй аргыг нь олж чадсан хосгүй үнэтэй
нээлтүүд юм. Дундаж зохиолчийн тавилан бол царцмал хэвшлийг л гоёж
гоодох.

Тэрээр ертөнцийг шинээр зохиох, бүтээх гэж зүрхлэхгүй,
тогтсон дэгээс, бусдын туршсан ургуулан зохиох үлгэр хэвээс аль сайныг
нь шүүх шахахыг л оролдох төдий. Дундаж зохиолчийн урьдаас төлөвлөсөн
хүрээнд базаад оруулчихаж чадсан янз бүрийн үндэслэл, зохиомжууд өөрийн
гэсэн ямар нэгэн түр зуур ч бол сэтггэл татахуйц байх нь бий. Учир нь
өөрсдийнх нь санаа бодлыг аятайхан өлгийдөөд барихад дундаж уншигч
дуртай байдаг. Харин гариг ертөнцийг эргэлдүүлэх чадвартай жинхэнэ
зохиолч хүнийг бүтээж, унтаж ахуйд нь хавирга бөөрийг нь хайр найргүй
нухчидаг агаад ийм зохиолчид бэлэн зэлэн үнэт зүйл гэж байхгүй, тэрээр
энэ бүхнийг өөрөө бүтээж бий болгох ёстой. Зохиох урлаг нь ертөнцийг эн
тэргүүнд ургуулан зохиохуйн нөөц агуулах юм гэж харж чадахгүй л бол
сохор зоосны үнэгүй гэсэн үг. Бодит ертөнцийн матери хэрэв бодит юмаа
гэхэд (бодит нь ерөөсөө хэр боломжтой хэмжээнд) бүхэл цул өгөгдөл огтхон
ч биш. Энэ бол эмх замбараагүй юмс агаад зохиогч “Эхэл” гэнгүүт ертөнц
оргилж буцалж, хайлж эхэлдэг. Ертөнц зөвхөн өнгөц харагдах талаасаа бус
зохиолч түүний дүрсийг (газрын) зурагт анх удаа буулган түүний жижиг
хэсэг бүрт нь нэр өгнө. Энд хэдэн жимс байна, хоргүй идэж болно. Тэртээ
урд нэг цоохор юм шуртхийгээд өнгөрлөө. Гаршуулах хэрэгтэй дээ. Бас тэр
хэдэн модны цаадтайх нуурыг “Сувдан нуур” гэе. Эсхүл “Урсац нуур” гэвэл
илүү тансаг. Энтээх манан уул болох юм, оройд нь гарах хэрэгтэй.

Мастер
бээр хүний хөлийн мөр гараагүй хажууг хэжлэн авирсаар салхи исгэрэх
оройд нь хүрээд хэнтэй таарсан гэж та бодно вэ. Амьсгаадчихсан баяр
хөөртэй уншигчтай учирч тэврэлдэн золгоно. Хэрэв ном гэгч үеийн үед
байдаг юм бол тэд үүрд эс хагацна.

Лекц унших аяллынхаа үеэр би
хөдөөний нэгэн коллежид бяцхан санал асуулга явуулсан юм. Уншигчийн
арван тодорхойлолт гаргаж өгснөөс минь оюутнууд сайн уншигчдад байх
ёстой гэсэн дөрвийг нь сонгох учиртай байлаа. Одоо би тэp жагсаалтаа
олдоггүй, хаашаа орчихсон юм, гэхдээ санаж байгаагаараа сэргээх гэж
оролдоод үзье. Сайн уншигч ямар байх ёстой вэ гэсэн асуултад тохирно гэж
үзсэн дөрвөн хариултаа сонгоорой.

  1. Номын нөхөр клубийн гишүүн байх
  2. Өөрийгөө номын баатар гэж төсөөлөх
  3. Юуны түрүүнд нийгэм-эдийн засгийн талыг сонирхох
  4. Үйл явдал, харилцан яриа ихтэй номыг илүүд үзэх
  5. Дэлгэцэнд кино болж rapcныx нь дараа унших
  6. Эхлэн бичигч байх
  7. Уран сэтгэмж, ургуулан бодох чадвартай байх
  8. Ой сайтай байх
  9. Үгийн сан сайтай байх
  10. Уран сайхны бага сага мэдрэмжтэй байх

Оюутнууд өөрсдийгөө номын баатраар төсөөлөх, үйл явдал, нийгэм-эдийн
засгийн болон түүхийн талыг эвтэйхэн нь аргагүй сонгожээ. Сайн уншигч нь
ургуулан бодох чадвартай, ой болон үгийн баялаг сайтай, тэгээд уран
сайхны бага сага мэдрэмжтэй байна гэдгийг та таамагласан гэдэгт эргэлзэх
юун.

Уран сайхны мэдрэмжийн тухайд би боломж л гарвал өөрийгөө
болон бусдыг энэ талаар хөгжүүлэх бодолтой явдаг. “Уншигч” гэдэг үгийг
би маш чөлөөтэй өргөн утгаар хэрэглэж буйгаа хэлэх ёстой. Хачин санагдах
хамаагүй, номыг ер нь уншиж болохгүй, зөвхөн дахин дахин уншиж
(эргүүлэн харж) л болно. Сайн уншигч бол хамтрагч, бүтээгч, шалгарсан
уншигч бас дахин дахин уншигч мөн. Яагаад гэдгийг тайпбарлая. Бид бүхэн
номыг эхний удаа унших үед нүдний харц зүүнээс баруун тийш, мөр мөрөөр
нь, хуудас хуудсаар нь хөөх хөдөлмөр орсон үйл явц, бидний хийж буй
биеийн нарийн төвөгтэй ажил, номыг ухаж ойлгох орон зай, цаг хугацааны
үйл явц нь өөрөө тухайн номыг гоо зүйн талаас нь мэдэрч, хүлээж авахад
саад болдог. Уран зураг харж байхад мөнөөх зураг мөн л гүнзгийрэл,
хөгжил, хөдөлгөөн байлаа ч гэсэн харцаа өвөрмөц гэмээр байдлаар
шилжүүлэх хэрэг гардаггүй.

Уран зургийн бүтээлийг анх харахад цаг
хугацаа ерөөсөө хамаагүй. Гэтэл номтой танилцахад цаг заавал зарцуулах
шаардлагатай. Бүтэн цулыг нэг мөсөн хүлээж аваад дараа нь нарийн ширийн
рүү нь орж чаддаг тийм эрхтэн (уран зургийг харах нүд шиг) бидэнд
байхгүй. Харин хоёр, гурав, дөрөв дэхээ унших үедээ бид номтой ямар
нэгэн хэмжээгээр зурагтай харьцаж байгаа шиг харьцдаг гэж ойлгож болно.
Гэхдээ хувьслын энэ аймшигтай үр жимснүүдээ түүний илүү гайхамшигтай
ололт-оюун ухаантай хольж хутгах хэрэггүй юм. Уран зохиол, эсвэл шинжлэх
ухааны бүтээл байна уу (эдгээрийн хил зааг бидний боддог шиг тийм ч ил
тод биш), ерөөс аливаа ном юуны түрүүнд ухааныг онилсон байдаг. Ухаан,
уян хатан нугасны дээд оргил тархи-энэ л номыг барьж авах цорын ганц
багаж нь. Нэгэнт ийм юм бол бид харуй бүрий уншигч номоос цацрах нарны
гэрэлтэй учрах үед ухаан хэрхэн ажилладгийн учрыг олох ёстой. Эн
тэргүүнд сэтгэлийн харуй бүрий байдал сарниж замхарч зориг зүрх орсон
уншигч тоглоомонд автана. Номыг анх барьж авахад ялангуяа залуу
уншигчийн дотроо далдуур боддогоор мэдлэг мэдрэмж хуучинсаг хүмүүс
зөвлөсөн үед номыг анх уншихад өөрийгөө хүчлэх хэрэг гарах нь цөөнгүй.
Харин ямар ч атугай тэгж хүчилж чадаж гэмээнэ хариу харамж нь
хангалттай.

Уран бүтээлч номыг бүтээхдээ ургуулан бодох уран
сэтгэмж ашигласан л юм бол уншигч ч уран сэтгэмжээ “ажиллуулах” ёстой.
Энэ нь зөв шударга юм. Уншигчийн ургуулан бодох чадварын тухайд дор хаяж
хоёр өөр төрлийнх байдаг. Ном уншихад аль нь хэрэг болохыг тодруулъя.
Эхнийх нь ердийн сэтгэл хөдлөлөөр тэжээгддэг, илтэд хувийн шинж чанартай
яруухан. Сэтгэл хөдлөлөөр унших энэ төрөл нь дотроо хэд хэдэн дэд
төрөлд хуваагдана. Номонд өгүүлж буйг бид эмзэг хурцаар хүлээн авдгийн
учир нь бидний өөрсдийн юм уу, танил дотнынхны маань туулж өнгөрүүлснийг
санагдуулдгаас тэр. Уншигчийн ой ухаанд нэг бол урьд өмнө үзэж туулсных
нь нэгээхэн хэсэг гэдгээр үнэ цэнтэй. Ямар нэгэн нутаг орон, байгалийн
зураг, амьдралын хэв маягийг өдөөн сэрээхийн учир тухайн ном түүнд ойр
санагдана. Аль эсхүл энэ нь уншигчид тохиож болох хамгийн тааруухан
хувилбар нь тэрээр өөрийгөө номын баатар гэж төсөөлөх. Ийм маягаар
ургуулан бодохыг би л лав уншигчдад зөвлөхгүй. Уншигчийн ашиглаж болох
цорын ганц зөв хэрэгсэл нь юу юм бэ гэж үү? Энэ бол хувь хүнчлэхгүйгээр
ургуулан бодох хийгээд гоо сайхны таашаал авах. Миний бодлоор уншигчийн
болоод зохиолчийн ухаан бодлын уран сайхан, ая данг тэнцүүлэхийг
эрмэлзэх нь чухал. Уншиж байгаагаасаа яльгүй зай барьж, чухам ийн
хөндлөнгийн байранд байгаагаараа таашаал авч эндээсээ шунан тачъяадахуйд
шилжиж самсаа шархируулах, жихүүдэс хүргэх цэнгэлийг эдлэн cop
бүтээлийн гүн дэх эд эсийг бясалгах хэрэгтэй. Энд зуун хувь бодит байх
боломжгүй нь ойлгомжтой. Үнэ цэнтэй бүхэн ямар нэгэн хэмжээгээр хэзээд
хувийн шинжтэй субъектив байдаг.

Би танай энд сууж байгаагаараа
зүүдэлж болно. Эсхүл би таны зүүдэнд орсон айдас хүйдэс ч байдаг юм уу.
Уншигч нь уран сэтгэмжийнхээ хязгаарыг цагийг нь олж татах ёстой.
Ингэхийн тулд зохиогчоос мэдэлд нь өгсөн тэр өвөрмөц ертөнцийг тов
тодорхой төсөөлсөн байх хэрэгтэй. Харж сонсч тэрхүү ертөнцөд амьдрагчийн
өрөө тасалгаа, хувцас хунар, донж маягийг олж харж сурах хэрэгтэй.
“Мэнсфилд-парк”-ийн Фанын Прайсын нүдний өнгө, умгар зэврүүн өрөөнийх нь
доторхи энэ бүхэн их чухал. (Энд Английн зохиолч Жейн Остен (1775-1817
он)-ий 1814 онд гурван ботиор хэвлэгдсэн романы тухай зохиолч өгүүлж
байна) Хүн бүр өөр өөрийн сэтгэл сэтгэцтэй. Шулуун хэлэхэд уран сайхны
сэтгэц шинжлэх ухааныхтай хавсарсан байх нь уншигчдад илүү таардаг. Уран
сайхны хэт хөөрөл нь номыг дэндүү субъектив хүлээн авахад хүргэдэг бол
шинжлэх ухааны дан тооцоо нь зөн совингийн халууныг хөргөчихдөг.

Хэрэвзээ
уншигчид маань хүчтэй мэдрэмж, тэсвэр тэвчээр, уран бүтээлийн мэдрэмж,
эрдэмтний тэвчээр ор үгүй бол агуу их утга зохиолын амтанд орох нь юу л
бол. Утга зохиол нь Неандарталийн хөндийгөөс жаал хөвгүүн “Чоно, чоно!”
гэж орилсоор хар хурдаараа чавхдан араас нь саарал чоно мөр даран гарч
ирсэн өдөр бус харин хөвгүүн “Чоно, чоно” гэж орилж ирсэн ч араас нь
чоно гарч ирээгүй тэp өдөр төрсөн юм. Явж явж худал хэлэх дуртай залхай
этгээдийн адгуусан мэх залгиж орхисон ч энэ бол бидний хувьд хоёрдугаар
зэргийн хэрэг. Тэс өмнөө юм чухал. Анзаар л даа. Жинхэнэ чоно хийгээд
зохиомол чоно хоёрын дунд нэг юм сүүмэлзээд холилдож уусаад байгаа биз.
Сүүмэлзсэн энэ зааг, энэ призм чинь л утга зохиол юм. Утга зохиол гэдэг
зохиомол зүйл. Зохиомол гэдэг зохиомол юм. Өгүүллэгийг үнэний хувьтай
гэх нь урлагийг ч үнэнийг ч доромжилно гэсэн үг. Аливаа том зохиолч том
мэхлэгч байдаг. Гэтэл байгаль хэмээх энэ уран луйварчин ч мөн адил.
Байгаль үргэлжид хууран мэхэлдэг. Эрвээхэй болон шувуудын амиа хаацайлах
өнгө будгийн өсч үржих зөнгийнх нь энгийн урхи залиас авахуулаад ухаан
балартам хээ хуарын хий хоосон хүртэл байгаль нь илбэ шид, урин
дуудахуйн гайхам цогц бүрдлийг ашигладаг. Зохиолч бол тэр жишгийг нь л
дагаж буй хэрэг. Чоноор айлгагч мөнөөх үс ноост бяцхан зэрлэг хүмүүний
тухайд хэлж чадах минь гэвэл урлагийн ид шид түүний зохиосон чонын хий
үзэгдлээс уран зөгнөлийнх нь чоноос үүдсэн агаад гайгүй сахилгагүй
түүнийг амьд ахуйд нь өөрийнх нь тухай өгүүлсэн нь сайн өгүүллэг байж.
Харин дүрсгүй төрхийг үхсэний дараа агуй дахь түүдгийн дэргэдэх яриа
сайтар сургаал болж хувирчээ. Гэхдээ ид шид нь хамт үгүй болчихож. Учир
нь бүх юм зохиосонд нь л байна. Зохиолчийг өгүүлэгч, багш, илбэчин гэсэн
гурван өнцгөөс үнэлж болдог. Томоохон зохиолчид энэ өгүүлэгч, багш,
илбэчин гурвуулаа давхцаж байдаг. Гэхдээ илбэчин нь голлож байж л том
зохиолч болно.
Өгүүлэгчээс бид цэнгүүлэхийг, оюуны хамгийн наад захын
сэрэл мэдрэмж өдөөхийг, сэтгэлийн хөөрөлд автуулахыг, цаг хугацаа, орон
зайн алсын ямар нэгэн талбараар хэрэн хэсч таашаал амсуулахыг эрж
хайдаг. Оюун нь заавал илүү өндөр ч байх албагүй боловч яльгүй өөр
зохион байгуулалттай хүн зохиолчоос багшийг хайдаг. Ухуулагч,
сургамжлагч, зөнч гээд энэ нь дээшээгээ ахина. Багшаас зөвхөн сургамж
сонсох гэж төдийгүй мэдлэг, мэдээлэл авах гэж ч очиж болно. Би,
харамсалтай нь Парисын зугаатай, Opocын уйтай амьдралын талаар ямар нэг
юм мэдээд авах санаагаар Францын, Оросын романчдыг уншдаг хүмүүсийг
мэднэ. Харин гуравдугаарт энэ бол хамгийн гол нь, агуу зохиолч гэдэг
хэзээд агуу илбэ шидтэн байдаг агаад бид зохиолчийн хувийн ид шидийн
чанад хүрэх роман зохиолынх нь юм уу, шүлэг найргийнх нь хэв маяг, дүр
дүрслэл, бүтцийг судлахыг оролдох чухам тэр мөчид л хамгийн сонирхол
татахуйц, сэтгэл догдлуулахуйц зүйл эхэлнэ дээ. Их зохиолчийн гурван тал
болох ид шид, өгүүлэмж, сургамж нь гол төлөв нэгдмэл нэг бөгөөд цор
ганц туяа гэрлийн бүхэл цулд нийтгэгдсэн байдгийн учир нь урлагийн ид
шид өгүүлэмжийг бүхэлд нь хавж оюун бодлын зүрхэн тольтод амьдарч
чаддагийнх юм. Хув хуурай, тув тунгалаг, зохион байгуулалттай бодлын cop
нь “Мэнсфилд-парк” юм уу, Диккенсийн үерийн ус мэт хүрхрэн буух бэлэн
зэлэн дүрслэлээс дутуугүй уран сайхны цочрол өдөөх чадвартай яруу сайхны
онцлог шинжлэх ухааны совинтой яв цав нийлж байх гэдэг бол романы чанар
чансааг шалгахад хамгийн их тохирох томьёо юм шиг санагддаг. Энэхүү ид
шидийн орон руу шумбахын тулд мэргэн уншигч бээр номыг зүрхээрээ бус,
тэр ч бүү хэл ухаанаараа ч биш сээр нуруугаараа л уншина.

Хэдийгээр
бид ном уншиж байхдаа яльгүй хөндий ангид байж мөнөөх зайгаа барих
ёстой ч гэсэн чухам энд л хяналтын зөөг тооцоо гарч ирнэ. Тэгсэн цагт
бид уран бүтээлч элсэн байшинг хэрхэн босгож буйг, энэ байгууламж нь шил
толь, ган болдоор сүндэрлүүлсэн гоё сайхан барилгад хувилахыг үзэж
сэрэл мэдрэмжийн ч оюун сэхээрлийн ч цэнгэлийг хамтад нь эдлэх болно оо.

Б.ЕРЭНТЭЙ

Эх сурвалж: "ҮНДЭСНИЙ ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж