Супер лигийн аваргын цуврал эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2014.03.05-нд нийтлэгдсэн

Супер лигийн аваргын цуврал эхэлнэ

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй “Супер Лиг”-ийн аваргын төлөөх цуврал тоглолтууд өнөөдөр буюу гуравдугаар сарын 5-нд эхлэх гэж байна. Аваргын төлөө Монголын сагсан бөмбөгийн хамгийн арвин түүхтэй багууд болох “Сүхбаатар SBL Хасын Хүлэгүүд” болон “УБ Альянс Тех ШУТИС-ийн Харцага” багууд шалгарсан. Эдгээр багууд 2-уулаа сүүлийн 10 гаран жил дээд лигт тогтмол тоглож, дээд лигийн аварга хэмээх цолыг “Харцага” баг дөрөв, “Хүлэгүүд” гурван удаа хүртээд байгаа юм. Энэ улирлын лигийн тэмцээний плэй-оффын эхний шатанд “SBL Хасын Хүлэгүүд” баг “Баянгол Гурван Тамир” багийг 4:0-ийн харьцаатай хожсон. Харин “Альянс Тех Харцага” баг “Дорнод Танан Гарьд” багтай хүнд хэцүү цуврал хийж, 4:2-ийн харьцаатай буулган авсан. Аваргын төлөөх цуврал тоглолтууд эхлэхээс өмнө МҮСБХ 2013-2014 оны “Улирлын Үнэ цэнэтэй тоглогч”-оор “SBL Хасын Хүлэгүүд” багийн тоглогч Б.Билгүүн тодорсныг зарлалаа. Б.Билгүүн энэ улиралд 20,7 оноо, 9,1 самбараас бөмбөг авалт, 3,9 оновчтой дамжуулалт, 2,5 бөмбөг таслалт, 2,3 блок шот гэсэн үзүүлэлт дунджилсан байна.

Өнгөрсөн улирлын үнэ цэнэтэй тоглогчоор “УБ Альянс Тех Харцага” багийн ахлагч Б.Одбаяр шалгарч байсан. Хоёр улирлын "MVP"-нүүд аваргын төлөө өнөөдөр Спортын төв ордонд 19:00 цагаас эхний тулаанаа хийнэ.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж