
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан УДБЭТ-ын хамт олон энэ гуравдугаар сарын сарын 8, 9-нд буюу ирэх амралтын өдрүүдэд дээрх уран бүтээлийг тоглох нь. Австрийн агуу хөгжмийн зохиолч B.А. Моцартын “ДонЖуан” дуурийг тус театрт анх 2004 оны аравдугаар сарын 23-ны өдөр Австри найруулагч М.Майрхоферийн найруулгаар тоглож байсан түүхтэй. Харамсалтай нь, энэ агуу бүтээлийг цаашид тоглоход дуучдын бүрэлдэхүүн өөрчлөгдсөн, хувцас, тайз хуучирсан шалтгаанаар сүүлийн жил дөрвөн жил тоглоогүй байсан юм.
B.А.Моцартын “Дон Жуан” дуурь нь дуурийн дуучдаас өндөр ур чадвар, техник, жүжиглэлт шаарддаг бол хөгжимчдөөс илүү нарийн мэдрэмж, техник шаарддаг томоохон бүтээл юм. Уг бүтээлээр дуучдийн төдийгүй хөгжимчдийн ур чадвар, мэргэжлийн түвшин, тухайн улсын сонгодог урлагийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог байна. “Дон Жуан” дуурийн эмэгтэй дүрүүд тус бүр өвөрмөц онцлог, зан чанартай гайхалтай бүсгүйчүүд байдаг бөгөөд гол дүр Дон Жуаныг хурцатгаж өгдөг бол түүний шадар туслах Лепорелло басс хоолойтой дуучны хувьд хамгийн том дүрүүдийн нэг нь байдаг.
Тиймээс энэхүү бүтээлийг сэргээн тоглох нь уран бүтээлчдийг хөгжүүлэх онцгой ач холбогдолтой учир Бээжин дэх Австри улсын элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Австри Улсын Венийн хөгжмийн их сургуулийн профессор Ребекка Бланкеншипийг тус дуурийн найруулагчаар ажиллуулахаар УДБЭТ-ын удирдлага уриад байна. Ребекка Бланкеншип нь Австри улсын нэрт дуурийн дуучин, жүжигчин байсан бөгөөд одоогоор Венийн хөгжмийн их сургуулийн профессор, найруулагч юм.
Ирэх амралтын өдрүүдэд тоглох “Дон Жуан” дуурийн гол дүрд Дон Жуанд Соёлын тэргүүний ажилтан А.Анхбаяр, Донна Аннад Б.Энхнаран, Комендатоторт Соёлын тэргүүний ажилтан Алтанхуяг, Донна Эльвирад Соёлын тэргүүний ажилтан Б.Эрдэнэтуяа, Лепореллод Ж.Бямбажав, Мазеттод Соёлын тэргүүний ажилтан Э.Бумхүү, Церлинад Соёлын тэргүүний ажилтан Н.Туяа нар тус тус тоглохоор бэлтгэлдээ оржээ. Харин удирдаачаар Урлагийн Гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү ажиллах юм.