Путин Украины асуудлаар байр сууриа илэрхийллээ

Хуучирсан мэдээ: 2014.03.05-нд нийтлэгдсэн

Путин Украины асуудлаар байр сууриа илэрхийллээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр телевизийн ярилцлагад оролцохдоо Украинд болж буй үйл явдлыг төрийн эргэлт хэмээн тодорхойлоод, Крымд цэргээ оруулсан нь Украинд үүсээд буй хямралыг шийдэх Оросын эцсийн найдвар гэж мэдэгджээ. Мөн Украины ерөнхийлөгч асан Виктор Януковичийн хувьд эрх мэдлээ бүрмөсөн алдсан гэдгийг Путин хэлсэн байна.

“Би түүнд дахин сонгогдох ямар ч боломж байхгүй гэдгийг хэлж байсан. Гэтэл сөрөг хүчнийхэн  яагаад түүнийг хүчээр төрийн эрхээс буулгасныг ойлгохгүй байна” хэмээн Путин хэлээд, хэдийгээр парламент түүнийг төрийн эрхээс зайлуулах шийдвэр гаргасан ч Украины цорын ганц хууль ёсны ерөнхийлөгч бол Янукович хэвээр байгаа хэмээн онцолжээ. Мөн тэрбээр хэрэв ОХУ түүнд улстөрийн орогнол олгоогүй бол Янукович алагдах байсан, тиймээс Москвагийн энэ шийдвэр хүний эрхийг дээдэлсэн үйлдэл хэмээсэн байна.

Нэг цаг үргэлжилсэн телевизийн энэ ярилцлага Путины зүгээс Украины асуудлаар анх удаа олон нийтэд байр сууриа илэрхийлсэн явдал байлаа.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украины асуудлаар сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг удахгүй дэлгэрэнгүй хүргэнэ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж